Цэц "давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгэжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-14 23:24:44

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, Ш.Адьшаа, хуульч Д.Үүрцайх нарын "давхар дээл"-ийн асуудлаар өгсөн гомдолд Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн байна. 

Ийнхүү Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн учраас Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргааныг хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргана гэсэн үг юм.

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу "давхар дээл"-тэй байж болно гэсэн заалтыг тусгаж, эрх баригчид Засгийн газраа бүрдүүлж,  үйл ажиллагаагаа явуулж буй. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон дөрвөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа гэсэн үг.

Тэгвэл энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, УИХ-ын нэр бүхий гурван гишүүн ийн Цэцэд хандсан юм. Ийн гомдол гаргасан гишүүдийн хоёр нь Ардчилсан намын гишүүн бол нэг нь ХҮН-ын гишүүн юм.

Улс төрийн хүрээнд энэ асуудал Цэцээр хянагдаж, Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан үүсгэх бөгөөд цаашид эрх баригч намын Үндсэн хуульд гар дүрэх, дахин өөрчлөх боломжийг нээж өгнө гэж харж байгаа юм.

Холбоотой мэдээ