Б.Чулуудай: Миний аавыг гүтгэлээ. Бид давж заалдана
НийгэмЧингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал болж буй тухай бид мэдээлсэн. Улмаар хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна.
Түүний хүү Б.Чулуудай аавыг нь хилс хэрэгт гүтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл өглөө. Тэрээр "Миний аав өнөөдөр хэлмэгдлээ. Аавыг минь хилс хэрэгт гүтгэж, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэргийнх нь төлөө хохирол төлүүлж ял өгөх шийдвэр гаргалаа. Хотын дарга нар нэхэмжлэл гаргасан. Бид хоёрыг цуг ялласан. Гэхдээ шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль 2018 онд дууссан. Миний аав хэргийн талаар өөрөө огт мэдээгүй байсан. Прокуророос оруулж ирсэн олон янзын зүйл ангийг хөнгөвчлөөд, шүүх шийдвэрээ гаргасан. Бид хуулийн дагуу давж заалдана. Миний аав 30 гаруй жил Монгол Улсын төлөө зүтгэсэн.Энэ хэргийг хийсэн хүн нэг бүртэй нэгийгээ үзнэ. Бид заавал ялна" гэлээ.
Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.