ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИЙГ ЦАГААТГАХГҮЙ БАЙХ 10 ҮНДЭСЛЭЛ....

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-17 04:04:58
ХЭЛМЭГДҮҮЛЭГЧИЙГ ЦАГААТГАХГҮЙ БАЙХ 10 ҮНДЭСЛЭЛ....
....Монголын залуучууд үнэн бодит байдлыг монголчуудын үндэсний ой санамжаас мэдэх боломжтой. Үрээдүй хойч үеийнхнийг хуучин нийгмийн үзэл суртлаас ангижруулах түүхэн цаг үе иржээ.
ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ, ДАРАНГУЙЛАГЧ Ю.ЦЭДЭНБАЛЫГ ЦАГААТГАХГҮЙ БАЙХ 10 ҮНДЭСЛЭЛ
          1. Ю.Цэдэнбал бол Х.Чойбалсангаас хойших 1950-1980-аад оны улс төрийн бүх хэлмэгдүүлэлтийн үндсэн эзэн, ялангуяа, Монгол дахь үзэл суртлын хэлмэгдүүлэлтийн гол хариуцагч мөн.
          2. Ю.Цэдэнбал монголчуудын гол шүтээн болох эзэн богд Чингис хааныг нь үзэн ядагч байлаа. Тэр бээр 1949 оны 3 дугар сард НТХ-ны УТТ-нд захидал бичихдээ: “Чингис харгис аллага хядлагаараа гайхуулж явснаас биш, өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан юм” гэсэн юм.
          3. Ю.Цэдэнбал Монголын тусгаар тогтнолыг устгаж, Монголыг коммунист ЗХУ-д дагаар оруулахыг 1944, 1949, 1953 онд буюу бүр гурвантаа оролдов.
          4. Монголын нутгаас 3-40 км-ын өргөнтэй 300-аад км нутгийг ЗХУ-д өгөхийг шаардсан коммунист ЗХУ-ын шаардлагыг Ю.Цэдэнбал үндсэнд нь биелүүлж, өөрийн төрсөн бууцаа хүртэл өгч, харин, үүнийг эсэргүүцсэн Монголын ГЯЯ-ны сайд, мэргэжлийн нэрт дипломатч С.Аварзадыг ажлаас нь халж, тээврийн жолооч болгож байв.
           5. Ю.Цэдэнбал монголын №1 марксист, монголын №1 коммунист, №1 коммунист үзэл сурталч, коммунизм ба коммунист ЗХУ-ыг үнэхээр тахин шүтэгч байлаа. Тэрээр Зүүн Германы бол Эрих Хонеккер нь, Польшийн бол Владислав Гомулка нь, Унгарын Янош Кадар, Болгарын Тодор Живков, Румыний Николае Чаушеску, Оросын бол Л.Брежнев л байлаа.
           6. Ю.Цэдэнбал ЗХУ-ын КГБ-гийн төлөөлөгч байж, 1949 онд ЗХУКН-ын гишүүн болох өргөдөл гаргаж, 1984.08.20-нд “би суут Лениний эх орон ЗХУ-д болон түүний ленинч ЗХУКН-д үргэлж үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалаа хүртэл үнэнч байх болно” гэж андгайлан,      ЗХУКН-ын ТХ-нд захидал бичиж байв. Тэрээр үнэхээр ч эцсийн амьсгалаа хүртэл коммунист ЗХУ-д, түүний коммунист намд, коммунизмд үнэнчээр хүчин зүтгэсэн юм.
            7. Ю.Цэдэнбал бол лам нарыг үзэн ядагч байж, тэднийг “ангийн дайсан” гэж үзэж,          1937-1938 онд тэд нарыг сүм хийдтэй нь, өв соёлтой нь Х.Чойбалсангийн аймаглан устгасан геноцид ажиллагааг ихэд зөвтгөн, магтан сайшааж байв. Тийнхүү, 1937-1938 онд лам нар, сүм хийдийг устгасан явдлыг Ю.Цэдэнбал :”… ач холбогдлоороо 1921 оны Ардын хувьсгалтай эн зэрэгцэх буюу бараг эн зэрэгцэх хувьсгалт үйл явдал” гэж марксист ёсоор өндрөөр үнэлж таашаасан юм (Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг. 2-р боть, УБ, 1967. 414-415 дахь тал).
           8. Ю.Цэдэнбал эрх баригч коммунист МАХН-ын толгойд 44 жил, коммунист Монгол Улсын толгойд 32 жил ээлжгүй суусан коммунист дарангуйлагч байлаа.
           9. Монгол Улс хэдийгээр бүр 1946 онд хоёр хөршөөрөө тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн ч, Ю.Цэдэнбалын коммунист үзэл бодол, коммунист үйл ажиллагаанаас болж, НҮБ Монголын тусгаар тогтнолыг бүр 1961 он хүртэл 15 жилийн турш хүлээн зөвшөөрсөнгүй.
          10. Ю.Цэдэнбал үхэн үхтлээ интернационализм, ах дүүгийн найрамдал нэрээр Монголыг коммунист ЗХУ-ын дагуул орон, түүний бүрэн хараат улс байлгахын төлөө хүчин зүтгэсэн байна.
             Иймээс Монголын Улс төрийн хэлмэгдэгчдийн холбооны тэргүүлэгчид, түүний Нийслэлийн салбар зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр яаралтай хамтран хуралдаж, Ю.Цэдэнбалыг цагаатгуулах гэж байгаа асуудлыг хэлэлцэж, түүнийг цагаатгах үндэслэлгүй гэж үзээд, улс төрийн толгой хэлмэгдүүлэгч, монголчуудын шүтээнийг доромжилж, монгол бичиг үсэг, монгол өв соёлыг устгуулсан этгээд, ЗХУ-д үйлчилж, Монголын тусгаар тогтнолыг алдагдуулж, түүнийг улам бүр коммунист ЗХУ-ын коммунист дагуул орон болгож байсан дарангуйлагч, Монголын №1 марксист, Монголын №1 коммунист, Монголын №1 коммунист үзэл сурталч, коммунист ЗХУ-ыг болон коммунизмыг тахин шүтэгч Ю.Цэдэнбалын хийсэн дээрх нүглүүдийг цагаатгахыг Монголын улс төрийн хэлмэгдэгчдийн холбоо, түүний Нийслэлийн салбар зөвлөл эрс шийдвэртэй эсэргүүцсэнийг мэдээлж байна.
             Мөн ийм үндэслэлүүдээр МАХН-ын ТХ-ны 1990 оны VIII бүгд хурал ч Ю.Цэдэнбалыг намаасаа хөөж, улмаар, Ю.Цэдэнбалын бүх цол, шагналыг зүй ёсоор хүчингүй болгуулсан байдаг. Түүнчлэн, Ю.Цэдэнбал сүүлийн үед архинд орж, харь авгайгаа төрийн ажилд ихээр хутгалдуулж, түүнийгээ өмөөрөн хамгаалж, бас эрүүл мэндээрээ ч тэнцэхгүй болж, ялангуяа тархины ажиллагаа нь эрс муудсан билээ.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБООНЫ 
НИЙСЛЭЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
Холбоотой мэдээ