ОХУ төрийн өндөр албан тушаалтнуудыг хэрхэн угтдаг вэ?

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-17 22:43:30

Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилж байна. Түүнийг Москвад газардах үеэр хүндэт харуул жагсан, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд угтаж авсан юм. Олон хүн Ерөнхий сайд угтаагүйд гайхаж байв. Үнэндээ дипломат протоколоор онгоцны буудал дээр ерөнхийлөгч, ерөнхий сайд гадаад орны төрийн тэргүүнийг угтан авдаггүй. 

ОХУ-д төрийн болон албан ёсны айлчлал хийж буй хаан, ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүнийг Хүндэт харуулаар угтдаг аж. Харин ажлын айлчлал хийх үеэр ийм цэргийн ёслол болдоггүй юм байна. Тиймээс онгоцны буудал дээр хүндэт харуул жагссан эсэхийг хараад албан ёсны эсвэл ажлын айлчлал гэдгийг мэдэхэд төвөггүй. 

Гадаадын зочныг угтах ёслолыг нутаг дэвсгэрийн гарнизоны дарга хариуцдаг аж. Оросын тухайд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны дарга хариуцдаг юм байна. Улмаар гадаадын өндөр дээд зочдыг угтахаар нисэх буудал дээр Хүндэт харуул жагсах бөгөөд энэ нь улс орны Зэвсэгт хүчнийг билэгддэг аж. 

Гадаад хэргийн яам айлчлалын талаар ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны даргад урьдчилан мэдэгдэнэ. ГХЯ-ны цахилгаан утсанд зочин ирэх огноо, цаг, газардах нисэх буудал, албан тушаалын нэр, овог нэрийг тодорхой бичсэн байдаг аж.

Ингээд нисэх буудал дээр Преображенскийн хорооны бүрэлдэхүүнд багтдаг Хүндэт харуулын рот, түүнчлэн Хүндэт харуулын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим жагсдаг аж. ГХЯ айлчлал хийж буй зочны орны төрийн дууллын нотыг урьдчилан өгсөн байх бөгөөд үүний дагуу төрийн дууллыг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглүүлдэг юм байна. 

ЗХУ-ын үед нисэх буудал дээр гадаадын зочдыг угтах ёслолд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ. 

Зочныг угтан авахад Улс төрийн товчооны бүх гишүүн, Батлан хамгаалахын сайд эсвэл Ерөнхий штабын дарга оролцдог байсан гэнэ. Мөн гадаадын өндөр дээд зочны онгоц ЗХУ-ын хилээр нэвтэрмэгц онгоцыг Зөвлөлтийн сөнөөгч онгоцууд угтан, газардах хүртэл нь дагалдан хүндэтгэл үзүүлдэг байжээ. 

Харин нисэх буудал дээр 45 миллиметрийн зэвсгийн салют байрлуулж, айлчлахаар ирж буй орны төрийн дуулал эгшиглэмэгц 20 удаа бууддаг байсан гэнэ. 

Одоо энэ уламжлал байхгүй. Нисэх буудал дээр гадны зочныг угтахаар төрийн тэргүүн эсвэл Ерөнхий сайд очдоггүй юм байна. Зочныг тухай бүрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тодорхойлсон албан тушаалтан угтах ёстой. Зочныг угтах албан тушаалтнуудыг шадар сайдууд эсвэл холбооны сайд нарын дундаас томилдог аж. 

Гадаад орны зочдыг угтах ёслол Внуково-2 нисэх буудалд болдог. Гэхдээ Внуково нисэх буудлыг засварлах үеэр Шереметьево нисэх буудлыг ашигласан тохиолдол гарч байсан гэнэ. Түүнчлэн зарим орны зочид албан ёсны айлчлалдаа ердийн нислэг ашиглах тохиолдол гарч байсан тул өөр нисэх буудал дээр ч угтаж байжээ. Тухайлбал, Австралийн Ерөнхий сайд Орост айлчлахдаа энгийн зорчигч шиг ердийн нислэгээр хүрэлцэн очиж байсан гэнэ. Ердийн нислэгээр ирсэн ч хүдэт харуул угтан авдаг. Онгоц газардаж, төрийн тэргүүн болон дагалдан яваа албаны этгээдүүдээс бусад зорчигчид онгоцноос бууснэы дараа онгоц тусгай зогсоол руу очин, тэнд нь угтах ёслол болдог юм байна. 

Эхлээд Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон айлчилж очиж буй орны элчин сайд онгоц руу ордог бол дараа нь зочин онгоцны шатаар бууна. Ингээд төрийн тэргүүнийг Оросын албаны этгээд дагалдан Хүндэт харуулын жагсаал руу хүргэдэг ёстой. “Ноён Ерөнхийлөгч өө! Таныг Оросын Холбооны Улсын нийслэл, Баатар хот Москвад ирсэнд зориулан Москвагийн нутаг дэвсгэрийн гарнизоны Хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын дарга ...” гэж Хүндэт харуулын дарга ёслон хүндэтгэл үзүүлнэ. 

Ингээд ОХУ-ын төрийн далбааны тугчин хэсгийн ойролцоо зочид зогсон, улмаар төрийн дууллууд эгшиглэдэг байна. Эхлээд зочин орны төрийн дуулал, дараа нь Оросын төрийн дууллыг тоглодог аж. 

Холбоотой мэдээ