Х.Нямбаатар: 16-гаас дээш насны бүх иргэддээ тоон гарын үсгийг үнэгүй олгоно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-19 00:13:12

16 нас хүрсэн иргэн бүрт тоон гарын үнэгүй өгч, 4 жил тутамд шинэчилнэ

Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Энэ хууль ирэх оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. 

Сайд Х.Нямбаатар, "Бид цахим үндэстэн болъё, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай хөл нийлүүлэн алхъя, ажил амьдралаа цахимд шилжүүлье гэвэл хамгийн түрүүнд 16 насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэгтэй болж байж л хаалттай мэдээллүүд рүүгээ нэвтрэн орох, танигдалт нь өөрөө тоон гарын үсэг болохоор хуульчилж байна. 

Цахим гарын үсэг нь танигдалт төдийгүй, цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулахад, түүнийгээ илэрхийлэхэд баталгаа болно. 

Манай улс анх 10 жилийн өмнө тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч өнөөдрийн байдлаар 40 орчим мянган гарын үсэг хэрэглээнд нэвтэрсэн. Татварын байгууллага татвар төлөгч ААН-ийн тайланг  цахимаар авахын тулд тоон гарын үсэг ашиглаж эхэлсэн. 

Бид өмнөх алдаагаа давтахгүйн тулд энэ удаад 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй тоон гарын үсэг өгч байхаар зохицуулалт оруулж ирсэн. 4 жил тутамд тоон гарын үсгийг шинэчилж байх зохицуулалт хийсэн. 

Эстони улсад 900 сая гарын үсгийг эргэлтэд оруулаад байна. Цаашид ийм хэмжээний тоон гарын үсэгтэй болно гэсэн хүлээлттэй байна" гэв. 

Албан тушаалтан албан тушаалтныхаа хувьд олгогдсон гарын үсэг, иргэний хувьд өөрт нь олгогдсон гарын үсгээрээ орлуулах эсэх нь тухайн хүний сонголт болох юм байна. "Бид эхний ээлжид ойлгомжтой байдлаар тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд Монгол Улсын иргэний үнэмлэхний мэдээлэл агуулах хэсгийн цахимд суулгаж өгнө. Тоон гарын үсгийг суулгаснаар тоон гарын үсэг буюу иргэний үнэмлэх уншигч машинаар мэдээлэл нь ил болж байх боломжийг нэвтрүүлнэ" гэлээ.

"Ирэх оны тавдугаар сарын 1-нээс улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багийн нэгжүүдээр дамжуулж иргэн нэг бүрд тоон гарын үсэг олгоно. Цаашид тоон гарын үсэг бүрэн нэвтэрснээр иргэн ААН-үүд  бизнесийн гэрээ хэлцлээ цахимаар хийх эрх зүйн орчин бүрдэж байна. Үүнийг хангах үүднээс үүнтэй уялдах хууль тогтоомжууд тусгагдсан." гэв.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

"Иргэд утас, компьютер, токен, чип хэлбэрээр авъя гэвэл тоон гарын үсэг олгох компаниудаас хэдэн ч хэлбэрээр авах боломжтой. Хоёр дахь гарын үсгийг тоон гарын үсгийн компаниудаас тухайн компанийн үнэ тарифаар авах боломжтойгоор хуульд тусгаж өгсөн. Мөн ААН-үүд тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдээс, гадаадын иргэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэвэл тусгай зөвшөөрөлтэй компаниудаас гарын үсгээ авах бүрэн бололцоотой болж байна." гэлээ.



Холбоотой мэдээ