ДАРЬЯ НАВАЛЬНЫЙ: ХҮН БҮР ХУВЬ ЗАЯАГАА ШИЙДЭХ ХҮЧ ЧАДАЛТАЙ БАЙГААСАЙ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-19 04:54:07

Өчигдөр Евро парламентад Оросын шоронд 332 хоног хоригдож буй Алексей Навальныйд Сахаровын нэрэмжит шагнал гардуулах ёслол болов. Уг шагналыг Алексей Навальныйн охин Дарья гардан авахдаа хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Сайн байцгаана уу. Маш их баярлалаа.Энэ бол үнэхээр гайхамшиг. Үг хэлэхийн өмнө аавынхаа өмнөөс энэхүү нэр хүндтэй шагнал авч байгаадаа үнэхээр баярлаж бас сандарч байгаагаа хэлмээр байна. Улс төрийн талаар багахан мэдлэг бас ойлголттой 20 настай оюутан охин энэ бүхнийг баллачих вий хэмээн сандарч байгаа ч та бүхний өмнө зогсож байна гэдэг үнэхээр нэр хүндтэй хэрэг.

Миний аав Алексей Навальныйг энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасныг сонсоод би, энэ бол түүний хамт олонтойгоо хамтран хийсэн бас хийх зүйлийг үнэлсэн явдал. Хамгийн гол нь Орос орныхоо төлөө тэмцэх сэтгэлтэй сая сая хүнийг дэмжих уриа, дуудлага гэж үзэн маш их баярласан. 

Өнөөдөр би энд шагналыг нь гардаж байхад аав маань шоронд сууж байна. Энэ бол зөвхөн Алексей Навальныйд хамаарах зүйл биш. Нобелийн 2010 оны Энх тайвны шагналын эзэн ЛюСяобо хаана байна? Тэр шоронд амиа алдсан. Өнөөдөр XXI зуунд хүний эрхийн төлөө тэмцэгчдийг дэлхийн хаа сайгүй, тэр байтугай газарзүйн хувьд Европ тивд хамаардаг улсад яагаад шоронд хорьдог юм бэ гэж би өөрөө өөрөөсөө асууж байна.

Европ бол аугаа бас хүчирхэг. Европын иргэдийн хүсэл Евро парламентын депутатуудын шийдвэрээр илэрдэг. Энэ шийдвэр оновчтой, зөв бас шударга.Энэ шийдвэрүүдийг АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд гээд бүх эрх чөлөөт улс дэмждэг. 

Өнөөдөр олон хамтрагчдыг нь авчирч нэмэн хийж буй шоронд аав шиг минь олон тэмцэгчид хоригдож байна. Үүнийг та нар нэг бус удаа сонссон нь мэдээж. “Чиний байдлыг ойлгож байна. Даша. Гэр бүлтэй чинь холбоотой асуудал учраас сэтгэлийг чинь ойлгож байна. Гэхдээ амьдралд прагматик хандах ёстой” гэдэг цөөнгүй хүн таардаг.

Харин би микрофон гарт минь байгаа дээр, хэн ч түүнийг надаас аваагүй байгаа дээр энэхүү амьдралд прагматик ханддаг хүмүүст хандаж “Эцсийн эцэст энэ чинь Сахаровын нэрэмжит шагнал. Андрей Сахаров дэлхийн хамгийн прагматик бус хүний нэг байсан юм шүү” гэж хэлэхийг хүсч байна. 

“Шахах хэрэггүй, болгоомжтой хөдөлж тэднийг уурлуулахгүй байх хэрэгтэй” гэж прагматик хүн хэлдэг. Энэ үзэл, бодол юунд хүргэв? Сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Кремлийн дэргэд буудаж хороов. Хоёр, гурав дахийнх нь амь насыг хөнөөв. Дөрөв дэхийг нь Берлин хотын төвд алав. Тав дахь нь Их Британид. Дараа нь Европ тивд зэвсгийн агуулах дэлбэлэв. Тэгээд химийн зэвсэг хэрэглэж алж эхлэв. Бас амжилтгүй болсон оролдлого бий гэнэ. Тэгвэл амжилтай болсон бүх оролдлогыг бид бүрэн мэдэж байгаа юу? Үгүй. Харин бид Путины тусгай хүчин жинхэнэ террорист албатай болсныг мэднэ. Тэд өөрийн улсын иргэдийг ямар ч мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралгүйгээр шууд л алж устгадаг. Тэд миний ээжийг алах шахсан. Аавыг минь бараг алчихаад байна. Маргааш Европын улстөрчид хаалганы бариулаас барингуут үхэтхийн унахыг хэн ч үгүйсгэж чадахгүй болсон. Энэ бол прагматик зангийн үр дүн. 

Би хүн бүрийг өөрийнхөө хувь заяаг шийдэх хүч чадалтай байгаасай гэж хүсч байна.

Алексей Навальныйд эрх чөлөө олго!


Холбоотой мэдээ