ТАСС: Орос, Монголын харилцааны шинэ зууны эхлэлийг тавьсан айлчлал
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлал энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээв.
Учир нь айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд ганцаарчилсан хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргасан юм. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж байна гэдгийг аль аль тал нь нэг бус удаа онцлов.
Гэсэн хэдий ч энэ удаагийн айлчлалын хүрээнд хөндөгдөх асуудлууд өмнөх агуулгаа давтах уу. Эсвэл иж бүрэн стратегийн түншлэлд харилцаагаа хүргэсэн хоёр улс гэдэг утгаараа тухайлсан аль салбаруудаа түшиглэж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг шинээр хөндөх үү гэдэг нь олны анхаарал татаж байлаа. Тэгвэл айлчлалаар талууд дараах онцлох чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖУУЛАХ ТӨСЛИЙГ УРАГШЛУУЛНА
ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буй. Тэгвэл энэ хүрээнд ажиллаж буй эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ хоёр орны төрийн тэргүүний гаргасан Тунхаглалд дурджээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар ОХУ-ын "Газпром" НХН-ийн ТУЗ-ын төлөөлөлтэй уулзав.
Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэж зорилт тавьж түүндээ хүрсэн. Ингээд дараагийн хэлэлцээ болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна.
Мөн Монголын талаас олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компаний ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн гэдгийг ТАСС агентлаг онцоллоо.
Монголын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Тэгвэл эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ. Энэ талаар Оросын төрийн тэргүүн Владимир Путин “Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
ХАМГИЙН ИХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН АСУУДЛЫГ ХӨНДСӨНГҮЙ
Энэ удаагийн айлчлалаар бас нэгэн анхаарал татсан сэдэв бол Эгийн гол усан цахилгаан станцын төсөл байв. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд манай улсад шинээр усан цахилгаан станц барих шаардлагатай. Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоо маш арвин. Усан цахилгаан станц барих боломжтой олон гол мөрөн бий. Харамсалтай нь энэ олон гол мөрний дийлэнх нь хил дамжин оршдог. Тэдний нэг нь Эгийн гол. Олон улсын гэрээ конвенцын дагуу дамжин урсдаг гол дээр усан цахилгаан станц барихаар бол нөгөө улстайгаа ойлголцож хамтарч ажиллах учиртай. Оросын талаас хэрэв Эгийн гол дээр усан цахилгаан станц барьсан тохиолдолд тус голоос тэжээгддэг нуур, гол мөрөнд сөрөг нөлөө үзүүлэх талаар судалгаа хийхийг шаардаж буй.
Гэвч энэ удаагийн айлчлалаар Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төслийг хамтран хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгал, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллахаар болжээ. Ийнхүү нь Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг дахин хойшлуулах аюул дагуулж магадгүй болоод байна.
АЖИЛ ХЭРЭГЧ АЙЛЧЛАЛ БОЛЛОО ГЭЖ ДҮГНЭВ
Айлчлал Орос, Монголын харилцааны шинэ зууны эхлэлийг тавьсан ажил хэрэгч уур амьсгалд болсныг Ерөнхийлөгч Путин төдийгүй Оросын хэвлэлүүд онцоллоо. Учир нь талууд өмнөх удаагийн уулзалтаар хэлэлцэж ярилцаж ирсэн ажлуудыг энэ удаад шийдвэрлэж бодитоор эхлүүлсэн хэмээв. Тодруулбал “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал”-ыг гаргаж, хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.