Баабар: Монгол үндэстэн үүсч, Монгол улс бий болсны 100 жил

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-22 00:37:28
Манай Ерөнхийлөгч Орост айлчлахад Путин түүнд түүх гуйвуулахаас сэргийлэх даалгавар өгөв. Барууныхантай балбалцаад завгүй байгаа түүнд Монголд түүх гуйвуулаад байгааг олж мэдэх бололцоогүй. Улаанбаатарт 10 жил элчингээр суугаа хүн нь л хов хүргэсэн байх. Хүрэлсүхийг анхны гадаад айлчиллаа зориуд Орост хийж буй гэж магтсан нь манай найдвартай түнш гэж бусдад сайрхах гэсэн хэрэг биз. Энэ бол ажлын айлчлал, албан айлчлалаас шал өөр. Манай хүн үүнээс өмнө АНУ, Британид хуралд очиж суусан, үүнийг ч ажлын айлчлал гэж тооцдог. За тэр ч яахав.
Монголд ялангуяа энэ 2021 онд түүх гуйвуулах нь арай ч дэндсэн нь үнэн. Түүх гуйвуулалт гуравдугаар сараас эхэллээ. Монгол ардын намын 100 жилийн ойг цар тахал дундуур тэмдэглэлээ. Уг нь энэ нам 1920 оны зургадугаар сарын 25-нд Туул голын чанадад Залаатын аманд байгуулагдан албан ёсоор ийм нэр устай болсон юм. Хурлаас “Намын хүмүүсийн дагаж явах тангаргын бичиг” боловсруулан баталж байсан нь улс төрийн анхны байгууллага байгуулагдсаны нотолгоо. Харин 1921 оны гуравдугаар сарын 1-нд Троицкосавскт Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын Монгол-Төвдийн хэлтсээс зохион байгуулсан зөвлөлгөөн болсон.
 Зөвлөлт Оросын Гадаад харилцааны ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч О.Максеникийн конторт болсон уул зөвлөгөөнд хорь гаруй хүн оролцсоны 5-6 нь монголчууд, бусад нь Оросын харъяат буриад нар, мөн хэсэг большевик оросууд байв. Зөвлөгөөнийг Макстеник өөрөө толгойлсон. Зөвлөлгөөнөөс Монгол ардын намын нэрээр тунхаг гаргасанд “…Гадаад Монголыг ирээдүйд Өмнөд Хятад, Умард Хятад, Сычуань, Төвд, Хотон, Манж, Өвөр Монголтой хамтран холбооны улс байгуулахыг зорино” гэсэн байна. 
1925 онд эл зөвлөгөөнийг намын анхны их хурал гэж нэрлэхээр болсон ба уг огноог МАХН байгуулагдсан гэж зарласан. Иймээс 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр намын 100 жилийн ойг тэмдэглэн баярлахад буруу юм ч юу байхав. Харин хэд хоногийн дараа Монголд арми үүссэний 100 жилийн ой болоод явчихлаа. Монголын түүх бараг тэр чигээрээ цэрэг армийн түүх баймаар. Зөвхөн Хорезмийг даран сөнөөхөд 100 мянган цэрэг хөдөлж байсан гэхээр шаггүй том армитай байсан байх гээд байгаам. Дараахан нь зарим мэдээллийн хэрэгслэлд “орчин үеийн арми үүссэний 100 жил” гэж залруулмар аядаж. Яахаараа 1921.3.18-ны өдөр гэнэт орчин үеийн арми болоод хувирчихсаныг харин хэн ч тайлбарласангүй. Галт зэвсэгтэй, пулёмоттой болсныг хэлж байгаа юм болов уу гэхээр эл өдөр Хиагтын тулалдааныг удирдсан жанжин Сүхбаатар үүнээс арваад жилийн өмнө цэргийн дарга хийж суман захирч байсан, монгол цэргүүд Оросоос авсан галт зэвсэг үүрэн Хятадад довтолж эгээтэй л Хөххотыг эзэлчих шахсан нь бүр 1913 оны явдал.  
За ингээд 100 жилүүд хөвөрч өгсөн дөө. Юун цар тахал, яршиг л байна. Налайхын цаах нь эзгүй газар уулан дээр өнгө өнгөөр будсан машины дугуйгаар “Цагдаа 100” гээд бичиг товойлгон сүндэрлүүлсэн нь их л хичээл зүтгэл, нөр хөдөлмөр, дажгүй мөнгө цаас орсон доо? 15 мод газрыг хариуцан нийгмийн дэг журам сахиулдаг цагдаагийн газар Хүрээнээ 1910 онд байгуулагдаж байсныг яагаад үл хэрэгсэж байгааг хэн ч таашгүй. Эсвэл “орчин цагийн цагдаа” юм болов уу? Хувьсгалт цагдаа, коммунист цагдаа, харин урдах нь харгис цагдаа, жандаарм байсан гэж үзэв үү? Цагдаагийн 100 жилийн цахилгаан рекламд гэмгүй хүн тогонд цохиулаад эндлээ гээд байсан уу, саяхан? Мэдэхгүй ээ, тархи хүрэхгүй юм байна.
Холбооны 100 жил болоод явчихлаа. Арваад жилийн өмнө Т.Баасансүрэн МОНЦАМЭ-ийн дарга байхдаа Холбооны 90 жилийн ойд зориудсан товхимол хэвлүүлж “Монголд холбоо 1921.3.18-нд үүссэн, худлаа гэвэл Сүхбаатар кинон дээр гардаг” гээд улайм цайм биччихсэн байсан. Тэр огноогоор 100 жил нь болж буй бололтой. Уул нь 1897 онд Хаалган Хиагтыг холбосон холбооны шугамыг Дани улсын нэгэн компани барьж гүйцэтгэсэн юм билээ. Ардууд шонгийн модыг нь хөрөөдөж унаган түлж, цахилгааны утсаар нь дээс томоос орлуулдаг байсан учир засгаас зориуд шонгийн мод хамгаалах айлууд гарган томилж цалинжуулж байсан аж. Ларсон зэрэг гадны хүмүүс энэ тухай ажигласнаа бичиж үлдээжээ. 
Даапаалж байгаа юм шиг “Монголд худалдаа үүссэний 100 жил” гээд байшингийн ханан дээр асар том реклам гоёор бичээд хадчихсан нь харин ч нэг даажинтай харагдаж байна билээ. Худалдаа хийлгэсэнгүй гээд дайн байлдаандаа тулж байсан тохиолдол ч Монголын түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Хятадууд мянган жил нүүдэлчдээс агт худалдаж авсаар ирсэн. Мин улс цагаан хэрмийг шинэчлэн бөхөлсний дараа монголчуудаас айх аюулгүй боллоо гэж үзээд, Дунд Азиас агт худалдаж авах болжээ. Худалдааны санкцид орсон Алтан хан цэрэг хөдөлгөн хэрмийг давж Бээжинг бүслээд наймаа хийхгүй бол эзлэнэ гж сүрдүүлэв. Хятадууд бууж өгөн Монголоос агт худалдаж авах болов. 1928 он хүртэл Улаанбаатар, Ховд, Хиагт, Улиастай нь худалдааны томоохон төвүүд байлаа. 1727 оны Буурын гэрээгээр Орос, Хятадын худалдааны боомтыг Хиагт гэж сонгосон ба үүний “Цайны зам” гэж нэрлэж байв. 
Ер нь Цайны замаас улбаалж Улаанбаатар хот одоогийн байгаа дөрвөн уулын дундах Туул голын хөндийд байршижээ. Хятадаас гарсан худалдааны жин говь талыг туулсаар Сибирийн хамгийн өмнөд үзүүр болох уултай устай модтой газар ирэн хоног тааруулж амсхийдэг байсан бол Сибирийг туулан умраас ирэх жин мөн энд хоноглон урагшаа их говийг туулах бэлтгэлээ базаадаг байж. Ийнхүү төвлөрөл эхэлсэн тул Богдын хүрээ алс Орхоны хөндийгөөс нүүн ирж 1870-аад онд Гандан хийд байгуулагдах хүртэл Туулын хөндий даган маш олон удаа ойр ойр бага зайд нүүдэллэн амьдарч байсан байна.
 Монгол Орос хоёр дипломат харилцаа тогтоосны 100 жил гээч бас боллоо. Дипломат харилцаа гэдэг нь хоёр орон биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, бүтэн байдлыг харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр хийгддэг олон улсын эрх зүйн ойлголт. Бие даасан тусгаар тотносон улс хооронд л ийм харилцаа үүсдэг. Вэстфалийн гэрээнээс эхлэн Тусгаар тогтносон улс гэдгийг бусад тусгаар тогтносон улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн улс орон гэж ойлгодог
Хаант Орос ч, Хятад ч 1946 он хүртэл Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Дипломат харилцаа тогтоосноор заавал элчин сайдын яамаа нээх албагүй. Өнөөдөр Монгол улс 190 орчим оронтой дипломат харилцаа тогтоосон боловч Улаанбаатарт хорь орчим орны элчин сайдын яам ажиллаж байна.
1921 оны арваннэг дүгээр сарын 5-нд Москвад хоёр Засгийн газрын хооронд хийсэн уулзалт нь гэрээ биш хэлэлцээ (оросоор соглашение) байсан. 13 зүйлт хэлэлцээний нэгдүгээрт, “Зөвлөлийн засагт Орос улсын Засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөв” гэсэн нь Монголын тусгаар тогтнолыг биш, одоо байгаа Засгийн газрыг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Монголын Засгийн газрыг оросууд хүлээн зөвшөөрөхийн хувьд аль 1912 оны Монгол Оросын хэлэлцээрээр зөвшөөрсөн. Дараа нь Монголын Гадаад явдлын яамны сайд Ханддорж 1912 онд, Монгол улсын Ерөнхий сайд Намнансүрэн 1913 онд Орост айлчлахад Засгийн газрын хэмжээнд хүндэтгэн хүлээн авч шинээр тогтносон Монголын Засгийн газрыг бүрнээ хүлээн зөвшөөрч байсан. Харин Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзөж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрөхгүй байсан юм. 1921 оны Монголын ардын Засгийн газар яг адилхан санал тавин очиход мөн л Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх авч Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохыг зөвшөөрсөнгүй. Орос улсын талаас Монголд суулгах консулын хувьд энэ нь аль 1862 оноос эхтэй ба 1921 онд Зөвлөлт Оросыг төлөөлж Васильев гэгчийг мөн консулаар томилон Монголд суулгасан юм. Дэлхийн II дайны үр дүнд дэлхийн шинэ хуваагдал буй болж, газрын зураг үндсээрээ өөрчлөгдсөний дараа 1946 оны хоёрдугаар сарын 28-д ЗХУ Монголын тусгаар тогтнолыг анх удаа хүлээн зөвшөөрч, хөрш хоёр орон дипломат харилцаа тогтоосон билээ. Өнөөгийн Орос улс хэдийгээр ЗХУ-ын үргэлжлэл мөн ч түүхээ Киевийн Русиас тоолон урдахаа учиргүй үгүйсгэн харлуулахаа больсон тул Монголд консул суулгах болсон 1862, Монголын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн 1912 оныг үгүйсгэмээргүй л юм?
Монголын боловсрол бас л 100 жилийнхээ ойг тэмдэглэв. Нүүдэлчин монголчууд ХХ зуун гэхэд ертөнцийн хөгжлөөс хэдэн зуунаар хоцорсон бүдүүлэг ардууд байсан нь үнэн л дээ. Гэхдээ тас харанхуй, пид хар байсан гэвэл бас л түүхийн гуйвуулга шүү. Юутай ч бичиг үсэгтэй болоод 800 жил болсон. Язгууртны, гэрийн, сүм хийдийн гээд нүүдлийн амьдралдаа зохицуулсан боловсорлын систем эртнээс байсан. 700 мянган хүн амын 100 мянга нь лам байсан гээд л муучилдаг. Тэд муутай ч гэсэн төвд бичиг үсэгтэй, өөрөөр хэлбэл гадаад хэлтэй хүмүүс байжээ. Танхимын сургалт 1921 оноос өмнө Ерөнхий сайд Т.Намнансүрэн хариуцан нэвтрүүлж байсан. Хувьсгалын удирдагч Х.Чойбалсан хэсэг хүүхдийн хамтаар төрийн зардлаар Эрхүүд суралцаж байсан гадаадын оюутан. 1911 онд байгуулагдсан таван яамны нэг нь Дотоод хэргийн яам. Энэ нь хүн алж хүрээ талдаг хожмын Дотоод яамтай ямар ч хамаа байхгүй. Дотоод хэргийн яам нь гэгээрэл боловсрол хүний ба малын эмнэлэг зэрэг дотоод асуудлаа хариуцдаг байжээ. Яагаад одоо хүн амын 90 гаруй хувь нь бичиг үсэггүй мунхагууд байлаа гэж жар гаруй жилийн өмнө зөвлөлтийн эрдэмтэн мэргэдийн бичиж өгсөн сурах бичгийн үгийг ой хийх болгондоо улиглаад байдгийг ер ойлгодоггүй юм. Тэдгээр түүхийн сурахууд худлаа гэдэг нь сүүлийн 30 жилд хангалттай нотлогдсон шүү дээ.
Ер нь Ардын хувьсгал, зөвлөлт нөхдийн буянаар пад харанхуйгаас алтан нар гийсэн гэрэл гэгээнд гарч ирсэн гэж нотлох гэхээрээ өнгөрсөн үеэ элдвээр гүтгэн харлуулж байсан нь одоо болтол хүмүүсийн тархинд баттай суучихаад салж өгдөггүй хэвээр. Наад захын жишээ гэхэд л монголчууд бүгдээрээ тэмбүүрсэн байсныг зөвлөлт ах нар 1958 онд улаан тариа хийгээд эдгээсэн гэсэн гүтгэлэг одоо болтол “амьд сэрүүн”. Гучаад оны дундуур зөвлөлтийн хүн эмнэлэгийн экспидицийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 25-30 хувь нь бэлэгсийн өвчтэй гэсэн дүн гарчээ. Ийм үзүүлэлт тэр үед бараг бүх оронд байсан. Бэлэгсийн өвчин, ялангуяа тэмбүү хожим нь антибиотикоор л бүрэн устсан билээ. Антибиотикийг 1926 онд Англид нээсэн, дэлхийн II дайны дундуур анх АНУ-д үйлдвэрлэж эхэлсэн, Монголд тавиад оны дундуур зөвлөлтийн антибиотик анхлан орж ирсэн. 
Нам засгаа магтах гэхээрээ “би тэмбүүтэй авгайгаас төрсөн” гэж зарлаад яваа юм бишүү. Харин Монголд зөвлөлтийн улаан арми олон жил байрлаж байхад хүчингээс сэргийлэхийн тулд цэргүүдэд “монгол хүүхэн болгон тэмбүүтэй” гэж зар тараажээ. Гэтэл энэ нь урвуугаар эргэж орос цэргүүд сургуулийн охид оноолдон хүчирхийлэх явдал элбэг болсон байна.
1924 онд бүгд найрамдах улсын засаглалтай болсныг мэдсээр байж тэгэхээс тэгэж байгаа юм шиг “Монгол улсыг тунхагласан” гэж авна. Тэрнээс өмнө ийм улс орон ийм үндэстэн ор тас байгаагүй бололтой.
Түүх гуйвуулж болохгүй гэж Путин дарга даалгавар өглөө шүү!
 
 
Баабар
2021.12.18
Холбоотой мэдээ