Б.Пүрэвдорж: АН засаг барьж байхдаа түгжрэл бууруулах маш олон ажил хийсэн

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-23 04:39:47

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ.  Хуралдааны эхэнд Засгийн газраас Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг эгүүлэн татаж буй талаар танилцууллаа. Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж эхэллээ. Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

 

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хэрэгжүүлэхээр тохирч, зээлийн хэлэлцээрт 2021 оны 08 дугаар сард гарын үсэг зурсан. Энэ төсөл нь гудамж зам, нийтийн тээврийн шинэчлэл, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, ТЭЗҮ, судалгааны ажил гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд 2021-2024 онд НЗДТГ хэрэгжүүлнэ гэдгийг Сангийн сайд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт:


Орж ирсэн төслөөс тодорхой үр дүн харагдахгүй байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар улсын төсвөөс 420 тэрбум төгрөг хуваарилсан. Одоо дахиад 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Ирэх жил 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх нь. 700 тэрбум төгрөгөөр тодорхой ажил хийгдэж, үр дүн гарах ёстой. Орж ирсэн төсөлд Баянхошуу, Өнөр хороолол, Нарны замд 17 км зам хийгдэх бололтой. Нэг газар цогцоор нь нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн гарахаар тавьж болохгүй юу. Гэр хороолол дундуур Баянзүрхээс 22-ын товчоо хүртэл тойрог замтай болъё. Ингэвэл хотын хөдөлгөөн эрс саарна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ замаа тавья. 20 гаруй км зам маш тодорхой үр дүн авчирна. Бас Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндийн онгоцны буудлыг холбосон хурдны зам барих ёстой. Энэ хурдны замаа холбъё. Яармагийн түгжрэл буурна. Мөн Туул гол дээгүүр тавих гүүрнүүд бий. Тодорхой үр дүн гарах ажилд тавихгүй яагаад ингэж цувуулж тавьж байгаа юм бэ?

Нийслэлийн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: Авто замын түгжрэлийг бууруулах 28 зүйл бүхий зөөлөн болон хатуу бодлогоор 146 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөл хөтөлбөрийг олон улсын зээл, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн гурван үндсэн эх сурвалжаар хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь зам тээврийн энэ төсөл. Энэ төслийн хүрээнд 35.5 км зам баригдана. 20 жилийн өмнө баригдсан Нарны замын хэвтээ чиглэлийн зургаан эгнээ артерийн замыг шинээр бий болгоно. Мөн гэрлэн дохио, камер, удирдлагын мэдээллийг санг шинэчилнэ. Ирэх гурван жилийн хугацаанд 60.5 км гол зам барина. Мөн 71.5 км шинэ тойрог зам бий. Хойд хэсэгт 22.5 км байгаа. Газар чөлөөлөлтөд нийтдээ 120 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүний 68 тэрбумыг энэ жилийн 420 тэрбум төгрөгөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Нийтдээ долоон байршилд гүүрэн байгууламжийг шинээр хийнэ. Яармагийн чиглэлд 650 м хамгийн урт гүүрэн байгууламжийг барихаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 100 сая ам.долларын эргэн төлөлтийг улсын төсвөөс төлөх үү, нийслэл төлөх үү. Нийслэлд 420 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Дахиад 100 сая ам.доллар буюу 300-аад тэрбум төгрөг яригдаж байна. Өмнөх 420 тэрбум төгрөгөөр юу хийхээ төлөвлөсөн үү.


20-30 км замыг засаж сайжруулах, өргөтгөхөд 81 сая ам.доллароор төгрөг зарцуулах юм байна. Төсөвт өртөг нь яасан ч мундаг том юм. Нийтийн тээврийн шинэчлэлд 9 тэрбум төгрөг тавьчихаад бодитой юм алга, автобусны буудлыг засна гэж байна. Тэгээд замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад 10 сая ам.доллар. Өмнө нь замын тооцоо судалгаа хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан бэлэн байдаггүй юм уу. Дахиад л мөнгө зарцуулж, цаас үйлдвэрлэх юм биш үү. Энэ улс оронд тийм боломж байгаа юм уу, эсвэл нийслэлийн төсөв тэгж халгиж цалгиад байгаа юм уу? Судалгаа, ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу. 100 сая ам.долларын зээл зайлшгүй чухал уу. 420 тэрбум төгрөгөөр ажлаа эхлээгүй байгаа шүү дээ.

Сангийн сайд Б.Жавхлан: Эргэн төлөлтийг 100 хувь нийслэл хариуцана. 30 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн 1.24 хувийн хүүтэй.

Нийслэлийн төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: Авто замын цогц арга хэмжээнд 7.1 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. 420 тэрбум төгрөг гурван цогц арга хэмжээнд задарч байгаа. Цогц арга хэмжээний газар чөлөөлөлтөд 390 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх жил 110 тэрбум төгрөгийг газар чөлөөлөлтөд тавигдсан. 100 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд оруулсан. Ирэх оноос шинэ 500 цахилгаан автобусыг үйлчилгээнд нэвтрүүлнэ. 420 тэрбум төгрөг цогц ажлын суурь төсөв, хөрөнгө оруулалт болж өгнө.

Дэлхийн банкны зээлээр Нарны замыг 6 эгнээ болгоход инженерийн шугам сүлжээний ажил, ус зайлуулах систем, ногоон байгууламжийг хамт хийгдэнэ. Нийтдээ 35.3 км зам тавигдахад 55-65 автобусны шинэ жишиг буудал баригдана.

Зураг төслийн 10 сая ам.доллар бол зээлдэгч байгууллагын бидэнд тавьж буй үндсэн шаардлагын нэг. Энэ 10 сая ам.доллараар гурван үндсэн ажлын зураг төсөл, хяналт шинжилгээний мөнгө юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:


2012-2016 онд АН засаг барьж байхдаа хотын түгжрэлийг бууруулахад маш их ажил хийсэн. Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчилсэн, Яармаг, Богд уул, Шувуун фабрикийн замыг барьсан, Сонсголонгийн замын өргөтгөлийг хийсэн, зуслангийн замуудыг тавьсан гээд маш олон ажил хийж, түгжрэлийг бууруулахад үр дүнтэй ажилласан. 33 уулзварыг, хэд хэдэн аймгийн замын өргөтгөлтэй нийлээд нийтдээ 70 сая ам.долларын зардал гаргаж байсан. Гэтэл одоо МАН гарч ирээд зургаан жил болохдоо ганцхан гүүрийг 40 сая доллараар барьж дуусгаагүй байна.

 

Улаанбаатар хотыг түгжрэлийг бууруулахад нийтдээ 700 орчим тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ бол УИХ-аас өгч байгаа маш том итгэл. Төлөвлөсөн ажлаа хийгээд, түгжрэлийг бууруулахад энэ ажил үр дүнтэй зарцуулагдах ёстой.

 

2016 оноос хойш хүн, машин асар их нэмэгдсэн, асуудал байгаа нь үнэн. Энэ хөрөнгөөр хэд хэдэн үндсэн замыг өргөтгөх хэрэгтэй. Туул голын нэмэх асуудал бол зөв. Хариуцлага тооцох хугацаа тун удахгүй ирнэ. Ажлаа муу хийвэл танай нам Улаанбаатар хотод сүйрч унана. Маш өндөр хариуцлага та бүхний өмнө байгаа шүү. 

Холбоотой мэдээ