"Рио"-гийн шинэ хөзөр ба ”Оюутолгой” чонын амнаас барын аманд очих нь!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-23 04:49:40


Канадаас Хятадад Элчин сайдаар сууж асан Доминик Бартоныг “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн шинэ даргаар сонгосон тухай тус компани албан ёсоор мэдээлжээ.  Тэрбээр ирэх оны тавдугаар сард албан ёсоор үүрэгт ажлаа авах аж.  “Рио Тинто” компани өнгөрсөн оноос албан тушаалын шинэчлэл хийж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард компанийн гүйцэтгэх захирлаараа Якоб Стаусхолмыг тавьсан бол энэ оны эхээр Зэсийн группийн захирлаар Б.Болдыг томилсон. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирлаар Х.Амаржаргал, Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагчаар Х.Мөнхсүх нарыг томилсон юм.  Удирдах албан тушаалтнууддаа хийж буй “Рио Тинто”-гийн энэхүү шинэчлэл нь томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй хамтрагч улсуудынхаа илтгэлийг олон, найдвартай түнш болох зорилготой байлаа.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” Хятадад Элчин сайдаар сууж асан Доминик Бартоныг ТУЗ-ийн даргаар сонгосон нь хөрөнгө оруулагчдын нэг шинэ хөзөр байх бололтой. Тэгэхээр  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргаар арваад жил ажиллаж байгаа Г.Батсүх мөн л Хятад, Канадад Элчин сайдаар сууж байсныг тохиолдол гэж харахад үнэмшилгүй юм.

Рио Тинто” болон Хятадын хамтарсан нэгдэл Мозамбикийн нүүрсний, Гвинейн төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа. Гвинейн төмрийн хүдрийн Симанду төслийн  45.05 хувийг Канадын “Рио Тинто”, Хятадын “Чайналько” хоёр хамтран эзэмшдэг.  Энэ өнцгөөс харвал монголчууд “Оюутолгой”-гоо Хятадад алдах эрсдэл нүүрлэсэн гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” компанийн тодорхой хувийг Хятадын хоёр компани эзэмшдэг. Тодруулбал, “Chinalco” нь 9.3 хувийг, “Aluminum Corporation” 11 хувийг эзэмшдэг.  Тэдэнд 15 хувиа “Рио Тинто” зарж магадгүй гэх яриа уул уурхайн салбарт түгээд эхэлжээ. Энэ тохиолдолд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч  “Рио Тинто”-гийн 35.3 хувийг хятадууд эзэмшинэ гэсэн үг. Цаашилбал, “Оюутолгой”-н ирээдүй Хятадын гарт орж, монголчууд хэлэлцээрийг австраличуудтай биш хятадуудтай хийж таарах бололтой.

Иймээс л “Рио Тинто”-г нам буулгаж авна, барьцаа ахиулна гэх элдэв янзын хов, хэрүүлээ зогсоогоод тэдний саяхан ирүүлсэн захидалдаа дурдсан,

  1. Оюутолгой төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэх эрсдэл үгүй болж, ногдол ашиг авах хугацаа наашилна.
  2. 2015 онд баталсан далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж байна.
  3. Далд уурхайн бүтээн байгуулалтад өмнө нь зарцуулагдсан зардалд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах, Монголын нутаг дэвсгэрээс гадуур зарцуулагдсан зардал аудитын дүнд тогтоогдсон тохиолдолд хөрөнгө оруулагч тал хариуцлага хүлээх.
  4. Далд уурхайн үйл ажиллагааг 2023 оны 4-5 сард эхлүүлэхээр тооцож, төлөвлөж байна. Энэ хүртэл гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцна.

Мөн Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээ хангах болон байгаль орчны асуудал зэрэг холбогдох асуудлуудаар хамтран ажиллана гэх саналуудын дагуу хэлэлцээртээ ор. Хэтэрхий шунах, хатуурхах тусмаа  “Рио Тинто”-гийн хавханд унаж “Оюутолгой”-н төслийг хятадуудад алдаж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто"-той зөөлөн аргаар хэлэлцэх шаардлагатай байна гэсэн үг.

Хөрөнгө оруулагч тал 15 хувиа зарахын тулд эхлээд Монголын Засгийн газраас зөвшөөрөл авахаар гэрээн зааж өгсөн. Гэхдээ хятадууд манай Засгийн газрыг “бойкот”-од оруулж байгаад хүссэн зөвшөөрлөө гаргуулах магадлал өндөр. Экспор, импортын хувьд тус улсаас хараат, өнөөдөр л гэхэд Эрээн, Гашуунсухайтын хил хаагдахад Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж байна шүү дээ. Гэтэл түр хорооны гэх сайдын суудал мөрөөдсөн “шантаажчид” “Рио Тинто”-г шалд нь буулгах хэрэгтэй гээд Засгийн газрыг шахаад, шантааж хийгээд явж буй гэх.

Алдарт Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд хувийн жижигхэн эрх ашгийн төлөө улсаа ч зарахаас сийхгүй нь.  С.Баярцогт нэгэнтээ Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харах хэрэггүйг зөвлөж,  гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан маш том төсөл болохыг хэлж байсан.

Хэрэвзээ “Рио Тинто” хувьцааныхаа 15 хувийг хятадуудад зарвал Монголын үндэсний аюулгүй байдал, тугаар тогтнолд эрсдэл үүснэ гэсэн үг. Иймээс л түр хорооны гэх “шантааж”-даасаа Засгийн газар салж, хэлэлцээрээ үргэжлүүлэхгүй бол “Оюутолгой” төсөл чонын амнаас барын аманд орох аюул хүлээж байна.

Холбоотой мэдээ