Түүх онгичоод ч төрөлсөхгүй Хазара

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-12-25 01:04:33

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, агаар мандлын бохирдол гээд аль тивийн, аль улсын иргэнээс үл хамаарсан аюул занал хүн төрөлхтнийг аажим аажмаар нөмөрсөн цаг дор амьдран буй орчноос гадна шашин хоорондын зөрчил, геополитикийн өрсөлдөөн, улс төр үзэл бодлын зөрөлдөөн, зэвсэгт мөргөлдөөн, бүс нутгийн дайны улмаас ядууралд өртөж нутаг орноосоо дайжиж дүрвэгсэд хүрээгээ тэлж байна. Ойрх дорнод, Хойд Африкийн орнуудын улайран зүтгэсэн дүрвэгсдийн урсгал Европын холбооны улсуудын “толгойн өвчин” болоод байна.

 Тун саяхны Белорус, Польшийн хил дээрх үйл явдал, АНУ-д Мексекийн хилийн дагуу босгосон хана, хаалт гээд тоочвол тоочоод байхаар л даа. Дайн дажны хөлөөс зайлан дутааж, алс газар нүүдэллэгсдийг нийтээр нь дүрвэгсэд гэх бөгөөд цагаач гэсэн ойлголтоос өргөн хүрээг хамарна. Өөр оронд зугтан гарч нутагшсан иргэд, улс орондоо шахагдан хавчигдсаны улмаас сайн дураараа болон аргагүйн эрхэнд зугтаж гарсан олон тооны хүн буюу дүрвэгсэд өдгөө дэлхий даяар 30 гаруй сая болоод байна. Ойрх Дорнод, Хойд Африкийн дүрвэгсдийн хөлд дарагдсан Грек, Итали, Малти, Испани, Герман зэрэг оронд дүрвэгсдийн хуаранд эмх замбараагүй байдал үүсэж, гэмт хэргийн тоо ихээхэн нэмэгдэж байгааг өдөр бүр зарлаж байна.


Геополитикийн томоохон шилжилт, өөрчлөлтүүд XX зууны хамгийн том дүрвэгсдийн нүүдлийг үүсгэж байсан юм. 1917 оны Оросын хувьсгалын дараа коммунизмаас зугтсан 1,5 сая орос хүн, 1915-1933 онд 1 сая армян Туркээс, 1949 онд БНХАУ байгуулагдахад 2 сая хятад Тайван, Хонгконг руу дүрвэсэн. Дэлхийн II дайны дараа улс, үндэстэн дамнасан дүрвэгсдийн нүүдэл үргэлжилсэн бөгөөд НҮБ 1951 онд “Дүрвэгсдийн статустай холбоотой Когевенци" хэмээх гэрээнд нэгдэж, НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газар үйл ажиллагаа явуулдаг ч нутгаасаа дайжин дүрвэх нөмөрсөн их нүүдлийг зохицуулж чадахгүй байна шүү дээ. Дэлхийн дүрвэгсдийн 70 орчим хувь Ойрх дорнод, Хойд Африкаас бусад тив, улс руу чиглэж байна.

 Манай улсын хувьд дүрвэгсэд, цагаачдаас хол хөндий шүү дээ. Түүх сөхөж нягталбал, Монголын нутагт дүрвэгсэд ирсэн үү гэвэл ирсэн, бүрэн суурьшсан. Хятадад гарсан тайпины буюу тариачдын бослогын үеэр 1850-1864 онд, мөн 1862-1878 онд Дунганы бослогын үеэр Шинжаан нутгаас дүрвэгсэд орж иржээ. Шинэ газар эзэмших бодлогоос үүдэж газар нутгаа алдсан хасгууд тэр үеийн Ховдын хязгаар, өдгөөгийн Баян-Өлгий аймгийн нутагт газар гуйж суурьшин бүрэн нутагшсан билээ. Казакуудыг кирилл үсгээр хасаг гэж бичиж дуудах бөгөөд Монголын хүн амын 3,9 хувь нь хасгууд юм.

 XX зууны өөр нэг дүрвэлт нь барга ястны нүүдэл аж. Барга нь эртний монголын нэгэн аймаг, монгол үндэстний нэгэн ястан. Өдгөөгийн барга ястан Өвөр Монголын Хөлөнбуйр, Монгол Улсын Дорнод, Төв аймагт суурьшсан. Баргууд өөрсдийгөө хун шувуунаас гаралтай гэж түүх, домогтоо өгүүлдэг бөгөөд Байгал нуураас зүүн бие Багуржин дөхмийг өвөг дээдсийнхээ өлгий нутаг гэж үздэг. Баргачууд Хөлөн болон Буйр нуурын уудам хөндийд төвлөрөн суурьшиж "Хөлөнбуйрын баргууд" гэгдэх болжээ. 1911 оны монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн явцад Хөлөнбуйрын баргууд удаа дараа Монгол Улсад дагаар орж, нүүдэллэн суурьшсан байдаг. Тодолбол, 1912-1916 онд 300 гаруй өрх, 1919 онд 900 орчим өрх, 1928 онд 191 өрх, 1945 онд 234 өрх /1013 хүн/ манай улсад дагаар орсон бөгөөд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тэр үеийн Чойбалсан /Одоогийн Дорнод/ аймагт газар нутаг олгож, Хөлөнбуйр сумыг байгуулжээ.

Баргууд манай улсын хүн амын 0,1 хувийг эзэлдэг. Дүрвэгсдийн асуудал дэлхийн хамгийн ээдрээтэй, хорьж хаахад нэн бэрхтэй, элдэв үймээн самууны эх уурхай болж, халдлага, эмх замбараагүй байдалд өртсөн зарим улс орон хориг арга хэмжээ авч эхлээд байгаа энэ үед Монгол хүний чихэнд чимэггүй үг их жанжны талбайгаас сонсогдож байна.

 Дэлхийн хазарачуудын зөвлөл гэх байгууллагаас гаднын санхүүжилтээр 300-1000 хазарачуудыг Монгол Улсад түр орогнуулах хүсэлт гаргасан тухай хуудас цаас барьчихсан нөхөр Сүхбаатарын талбай дээр танилцуулж, дэмжихийг уриалж байх юм. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгч нь энэ биз ээ.

 Дэлхийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамрагдах нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн манай улсын гадаад хамтын ажиллагааны нэг хэсэг гэдэг нь эргэлзээгүй. Харин энэ удаад гаднын санхүүжилтээр дүрвэгсдийг Монголд түр орогнуулах хүсэлт гэгчийг хэн сэдэж санаачлав, хөшигний ард хэн гэгч эрхэм сууж байна вэ, энэ асуултад хариулахын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч хуралдаж анхаарлаа хандуулах хэрэгтэй болоод байна. Монгол гарвал, цустай гэж олон нийтэд итгүүлээд байгаа хазарачууд гэж хэн бэ.


Хазара бол эртний түрэг угсаатан. VII-Х зуунд Хар тэнгисийн зүүн өмнөд эрэг орчмын нутагт Хазарын хаант гүрэн оршин тогтнож, сэргэн мандаж байсныг түүхийн эх сурвалжаас тодорхой мэдэж болох тул би олныг нуршаад яах вэ. XIII зуунд монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндхийн Табриз хотод Ил хааны гэгдэх хаант улс байгуулжээ. Хүлэгү хаан болон Абу сайдын үхлийн дараа хаант улс хэдэн хэсэг хуваагдан бие даасан жижиг улсууд үүссэн агаад тэдний дунд Хазара улс гэж байгаагүйг бодоход үндэстний цөөнх, бие даах чадваргүй байсан нь тодорхой.

1380 онд Самаркандад монгол угсааны түргэжсэн хүргэн Төмөр хүчирхэгжиж 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан улс оршиж байв. Төмөр хааны үетэй холбогдох түүхийн эх сурвалжид хазарачуудын тухай бичигдээгүй, ёстой сураггүй шүү дээ. Төмөр хаанаас 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлсэн, 1525 онд Энэтхэг, Афганистан, Узбекстанд төвлөрсөн Их могол улсыг байгуулсан бөгөөд энэ улс 300 жил оршин тогтноод англичуудын эрхшээл, эзэмшилд орсон байдаг. Яагаад эдгээр баримтыг онцлов, түрэг угсааны хазарачуудын талаар юу дурдав гэдгийг илчлэх гэж тэр, харин юу ч дурьдагдсангүй.

 Түүхийн эх сурвалжаар нотлогдсон түрэг угсааны хазарачуудыг Монгол гаралтай гэж, хэн хаана нотлов. Хазара ястан гэж нэвтэрхий тольд бичсэн байтал хэн санаатайгаар хазара гэдгийн ард “Монголчууд” гэж нэмж бичиж, нэрлэх болов. XX зуунд Монголчууд Афганистанд тусалсан уу гэвэл тусалсан, дайны хөлд нэрвэгдсэн өнчин, өрөөсөн афган хүүхдүүдийг Монголд авчирч, Улаанбаатар хотод цэцэрлэг нээж асарч,тэтгэж л байсан. Тухайн цагийн интернационалч үүрэг байж. Өнгөрсөн зууны наяад оны эхээр манай тулхтай зохиолч, сэтгүүлчид афганистаны нийгэм, улс төрийн байдалтай танилцаж радиогийн нэвтрүүлэг хийж, сонин хэвлэлд бичиж байсны дотор хазара гэсэн үг байгаагүй дээ. Төрийн шагналт яруу найрагч З.Дорж “Душманд буудуулсан нь” гэдэг шүлэг бичсэн нь ихэд уншигдаж байсныг өдгөө зарим хүн санах буй за. Үндсэрхэг үзэлтэй, шударга, үзэл бодолдоо үнэнч энэ яруу найрагч Чичений босогчдын удирдагч Жахар Дудаевийг Монгол гарвалтай гэж баталж, шүлэг хүртэл бичиж байсан, харин хазара гэж ер дуугараагүй юм шүү.

 Хазарачуудыг монголтой холбодог нэг л явган яриа яваад байгаа юм. Чингис хааны байлдан дагууллын үед тэр нутагт мянган цэрэг орхисон нь үржиж олшроод хазарачууд болсон гэх. Мөнөөх мянган цэрэг орхихоос 200-300 жилийн өмнө Хазарын эзэнт гурэн гэж байсан, тэнд бас мянган цэрэг орхисон байх уу, монгол угсаатай хавьтахгүй байгаа биз дээ. 

Хазара гэдэг бол перс (дари) хэлээр “мянга” гэсэн үг гэж тайлбарладаг. Ганц үгээр тайлбарлаж тулгаад хамаатан садан больё гэвэл амархан л даа. Одесса гэдэг бол монголоор Одос гэсэн үг, манай өвөг дээдэс тэнд байсан юм гээд Украйн очъё гэвэл одоо хүлээж авах уу даа. Эсвэл Саратов гэдэг чинь Шар дов гэсэн үг ч гэдэг юм уу, бүр цаашлаад Есентуки гэдэг чинь манай рашаан, бидний өвөг дээдсийн есөн туг гэж байгаа юм гээд зүтгээд байхад ямар сонсогдож байна.

 Хазара ястан нь Монголын их байлдан дагууллаас хамаагүй өмнө тухайн газар нутагт суурьшин амьдарч байсан уугуул хүмүүс. Өдгөөгийн хазара хүмүүс Афганистаны төв хэсгийн уулархаг бүсээр нүүдэллэн амьдардаг, нутгийн уугуул олон ястнуудын л нэг юм. “Оросын их нэвтэрхий толь"-д “Хазара ястнууд гадаад төрхийн хувьд хасаг, узбек, түрэг царайтай” гэж бичжээ. Монгол гэж, ядахдаа монголжуу гэж бичсэнгүй, тодорхойлсонгүй. Хазара гэсэн үг эртний перс хэлний “мянга” гэсэн үгнээс улбаатай нэршил мөн үү гэвэл, мөн. Харин өөрсдөө хазара гэж хэлдэггүй, дууддаггүй хезар гэдэг юм билээ.

Дүрвэгч нь арьсны өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн тодорхой бүлгийн гишүүнчлэл, улс төрийн үзэл бодлын үүднээс хавчигдаж байгаа айдас гэсэн ойлголтыг НҮБ илэрхий дэлгэрүүлж байгаа юм. Дээрх шалтгаанууд нь ардчилсан, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн Монгол Улсад углуургатай юм шиг тохирч байна шүү дээ. НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газраас манай улсыг уг байгууллагад элсэхийг удаа дараа уриалж, энэ асуудлаар 1999 онд УИХ-аар гурван удаа хэлэлцсэн ч тухайн үеийн байдал, бусад шалтгаанаар элсээгүй. Одоо эргэн харахад тэр үеийн их хурлын гишүүд дүрвэгсдийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаагүй нь мэдрэгдэж байна.

 Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын ил харагдах бодит бус баталгаат байдлын гадаад орчин нь дүрвэгсэд, цагаачгүйд байгаа гэж үзэх талтай билээ. Нэг үндэстэн, нэг шашин үнэмлэхүй давамгайлсан манай улсад шашин хоорондын зөрчил, үндэстэн хоорондын ялгаварлал, мөргөлдөөн гэж байхгүй нь дотоодын аюулгүй байдлын томоохон баталгаа шүү дээ. Сэтгүүлч би бээр ЗХУ-ыг задрах үед “Хойноос дүрвэгсэд нөмөрвөл яана аа” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлсэн нь хөндөх сэдвийн нэг юм гэгдэн улс төр судлаачид, цэргийнхэн оролцсон ярилцлага хийгдэж байсан удаатай.

 Гаднын дүрвэгсэдгүй, дүрвэгсдийн хуарангүй цорын ганц орон гэгдэж буй манай улсыг сул чөлөөтэй орон зай гэж харж байгаа хэсэг хүмүүс, магадгүй бүлэглэл ч байж болохыг үгүйсгэхгүй. Дүрвэгсдэд нөмрүүлээд үйлээ үзэж байгаа улс оронд нэг л тулгалт байсан нь ардчилал, эрх чөлөө гэсэн үг. Даяарчлалын хамгийн сүүдэртэй, хамгийн осолтой, хамгийн будилаантай, хамгийн эмх замбараагүй үйлдэл нь дүрвэгсдийн нүүдэл гэдэгтэй одоо дэлхийн хамтын нийгэмлэг санал нэгдэж байна.

 Ийм эгзэгтэй цаг үед нэг хоёр биш хэсэг бүлэг хүмүүс орогнол хүсэх, тэрийг нь сурталчилж хөхиүлэн дэмжих нь улс орны үндэсний аюулгүй байдалтай холбогдох тун эмзэг асуудал юм. Танайх том газар нутагтай, цөөн хүн амтай учраас дүрвэгсэд ав гэж улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлж эхэлбэл яах вэ. Энэ асуудлыг дэмжигчид та нарын дунд олон байгаа гэж тулгавал яанам бэ. Хазарачууд түр орогнол хүссэн гэх үг ойрхны биш “холоос шидсэн чулуу” гэдэг нь тодорхой. Хазарачууд гэж ярих байтал Хазара монголчууд гэсэн хэллэгийг дөнгөж сая ч биш, олон жилийн өмнөөс бидэн рүү чулуудаж, дасгаж эхэлсэн гэвэл толгой мөрөн дээрээ үлдэхээр л баримттай даа. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух сан билээ.

 Яг одоогийн Афганистаны нийгэм, улс төрийн ээдрээ, түгшүүртэй байдлыг ойлгож байгаа хүний хувьд дүрвэгсдийн талаарх бодлого, үйл явцыг хүлээцтэй харж байна. Афганистаны өмнөх засгийн үед хазара ястны төлөө тууштай тэмцэж байсан улс төрч Сад Мустафа Каземи талибуудын алан хядах ажиллагааны золиос болж амь үрэгдсэнээр хазарачууд удирдагчгүй хоцорч, гарах гарц нь дүрвэх явдал байж мэдэхээр үйлдлүүд ажиглагдаж байна. Өнөөгийн байдлаар хазарачууд Афганистанд 3,1 сая, Иранд 1,567 мянга, Пакистанд 956 мянга, Туркт 33 мянга, Канадад 36 мянга, Англид 54 мянга, Австралд 90 мянга байна. Хазарачууд лалын /шийт/ шашиндаа туйлын үнэнч, цусан өшөө авах гэсэн ойлголттой, амиа золиослогчдын дийлэнх хувь нь шийт шашинтай хазара ястан байдаг гэсэн тоо баримт ч бий.

Өвөг дээдсийн хэлсэн үг үеэс үед ам дамжин хүлхэгдэж, бодол дамжин хэрэгжиж ирсэн гүн ухаан юм, гүн гэрээслэл юм. Муу эр дайнд хөөрнө гэж үг бий. Дүрвэгсдийн асуудалд энэ үгийг мянгантаа бодож, хариу гаргах учиртай цаг үе иржээ.

Дүрвэгсдийн хөлд гишгэгдээгүй, малын хөлд гишгэгдсэн дэлгэр уудам нутаг минь билээ.

 Сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ

Холбоотой мэдээ