Буриадын сэтгүүлч монгол дээл өмсөн, Путинтэй монголоор мэндэлжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-12-24 04:04:57

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 23-ны өдөр болж, энэ хуралд Оросын бүс нутгуудаас нийт  500 орчим сэтгүүлч оролцсон юм. Тэдний дунд Буриадын сэтгүүлч ч багтсан бөгөөд тэрбээр монгол дээл өмсөн, буриадаар мэндэлсэн нь ихээхэн содон байв. Буриадын сэтгүүлч Баярма Раднаева асуулт тавих боломж олдоход " Сайн байна, Владимир Владимирович! Сайн байна, уважаемые коллеги!" буюу "Сайн байна уу, Владимир Владимирович! Сайн байна уу, мэргэжил нэгт нөхөд өө" хэмээн мэндчилжээ. 

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчөөс Улаан-Үд хотод болсон ДЦС-ын осолтой холбоотой нөхцөл байдлын талаар асуусан байна.

 "Улаан-Үд хотод ДЦС дээр шөнийн гурван цагт гал гарч, хотын тал хэсэг нь халуун ус, халаалтгүй болсон. Одоо хохирлыг тооцож байгаа. Маш их засвар хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон, гэтэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа. Манай бүс нутгийн удирдлага энэ асуудлыг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг хүсэж байгаа юм" хэмээн Баярма Раднаева өгүүлжээ.

Цаашлаад тэрбээр Буриадын нутаг дэвсгэрт орших Байгал нууртай холбоотой асуултыг Ерөнхийлөгч Путинд тавьсан байна.

 "Сүүлийн үед Байгал нуур холбооны онцгой нутаг дэвсгэр болж магадгүй гэх яриа гарах болсон. Манайд ийм жишээ хэдийнэ бий, Тункинийн үндэсний парк зэрэг онцгой нутаг дэвсгэр болгосон газар нутагт амьдарч байгаа нутгийн оршин суугчид газар эзэмших, бусад үйл ажиллагаатай холбоотой хүндрэлүүдтэй байнга тулгардаг. Байгал нуурын хувь заяа хэрхэн эргэх вэ? Байгал нуур Буриадын оршин суугчдад хүртээлгүй болох гэж үү?" хэмээн Баярма Раднаева асуужээ.

Путин дээрх хоёр асуултад хариулж," ДЦС-ын тухайд асуудлыг тодруулъя" хэмээгээд хэвлэлийн бага хурал дараа тэнд юу болж байгаа, ямар тусламж хэрэгтэй байгааг олж мэднэ гэдгээ танд амлая" гэж Путин мэдэгджээ. Харин Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгохоор зорьж байгаа талаарх асуудлыг огт дуулаагүй хэмээсэн байна. 

 "Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгох асуудал хэлэлцэгдэж байгаа талаар огт мэдээгүй юм байна. Гэхдээ ямар ч тохиолдолд хүмүүст хүндрэл учрахгүй гэдгийг цохон тэмдэглэж байна. Үнэндээ би анх удаа ийм яриа сонсож байна. Хэн нэгэн ийм асуудал хөндсөн бол Байгал нуурын экосистемийг хамгаалахын тулд нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг олох арга зам хайж л ийм арга бодож олсон байх" хэмээн Путин өгүүлжээ. 

Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгох тухай 

Байгал нуурыг холбооны нутаг дэвсгэр болгож болзошгүй талаарх мэдээлэл Буриадын хэвлэлүүдээр энэ оны есдүгээр сард гарч байв. Хэвлэлүүдийн мэдээлснээр, холбооны төвшинд "Аялал жуулчлалын нутаг дэвсгэрүүд болон ОХУ-ын зарим хууль тогтоох баримт бичигт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг бэлтгэж байгаа гэнэ. 

 Энэ хуулийн төсөл батлагдвал томоохон нутаг дэвсгэрийг бий болгож, энэ нутаг дэвсгэрийг хариуцаж хянадаг нэг компанид шилжүүлэн улмаар энэ компани нь асар их эрх мэдэлтэй болох аж. Холбооны нутаг дэвсгэрийг хариуцаж байгаа компани Буриадын Засгийн газар, Хуралд ч захирагдахгүй, аливаа газрыг өөрсдийн зорилгоор хураан авах эрхтэй болно гэж Буриадын хэвлэлүүд мэдээлж байлаа.

"Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор энэ бүхнийг хийж байна. Шинэ газар нутаг дээр татварын онцгой журам үйлчилж% хувийн хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлнэ. Мэдээж үүнд муу юм үгүй. Гэхдээ энэ санаачилгыг хэрэгжүүлэх механизм нь олон асуудлыг дагуулж байгаа юм" хэмээн Буриадын "Номер один" сонин бичжээ.

Холбоотой мэдээ