Европт байшингууд 1 еврогоор зарагдаж эхэлжээ. Тэдгээрийг хаанаас олж, хэрхэн худалдаж авах вэ?

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-12-26 02:33:32

Европын хүн ам тогтмол буурч байгаа нь бодит баримт. Цагаачдын урсгал тасрахгүй байгаа хэдий ч энэ үйл явцыг зогсоох боломжгүй. Гол шалтгаан нь хүн амын хөгшрөлт их, төрөлт бага байгаад оршино. Ялангуяа жижиг хот, тосгоны залуучууд гэр орноо зөнд нь хаяж эндээс зугтаж байгаа нь хүн ам цөөрөх шалтгаан болж байна.

Бүхэл бүтэн хаягдсан хот тосгод бий болж байхад том хотуудад гишгэх газар ч олдохгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ санаанд багтахааргүй өсөж байна. Хорватын Леград суурин мөхлийн ирмэг дээр тулж үүнийгээ аврахын тулд шинээр ирж суурших хүнд хэдхэн “төгрөгөөр” үнэлэгдэх сууц санал болгох шийдвэрт хүрэв.

 Хүссэн нь ирж амьдраарай…

Асар хурдтай мөхөж буй суурингуудыг аврахын тулд 2000-аад оны эхээр италичууд бэлгэдлийн төдий үнээр үл хөдлөх хөрөнгө зарж борлуулахаар болов. Арав орчим жилийн дараа энэ схемийг Хорват зэрэг бусад орон хэрэгтэй тустай зүйл гэж үзсэн. Хорватын хойд хэсэгт, Адриатын тэнгисийн эргийн аялал жуулчлалын нэрд гарсан төвөөс алслагдсан Леград суурингийн эрх баригчид орхигдсон байшингуудыг их хэмжээгээр маш хямд худалдахаа зарлажээ.

ХОРВАТЫН ХОТУУДЫН ТӨВД БАЙРЛАХ ОРОН СУУЦНЫ MЕТР КВАДРАТЫН ДУНДАЖ ӨРТӨГ НЬ 8,800,000 ТӨГРӨГ (NUMBEO ПОРТАЛЫН МЭДЭЭ) БОЛ ХОТЫН ЗАХУУДЫНХ  6,200,000 ТӨГРӨГ.

Хямд үнээр зарагдах жагсаалтад орсон барилгууд бүгд ижил үнэтэй, 1 хорват куна.  Энэ нь ойролцоогоор  оросын 460₮ буюу ийм үнээр Москвад нэг удаагийн эмнэлгийн маск худалдаж авах эсвэл  таксинд нэг минут явж болно. Оршин суугчид нь нас барж, олон байшин эзэнгүй хоцорч байгаа тул  нутгийн удирдлагууд тэдгээр хоосон байшингуудыг маш хямд үнээр санал болгохоос өөр аргагүйд хүрч ээ. Өнөөдөр энд хоёр мянга гаруй хүн л амьдарч байна. 70 жилийн өмнө тэдний тоо хоёр дахин их байсан бөгөөд XYII-р зууны төгсгөл – XYIII-р зууны эхэн үед Леград бүр бүс нутгийн хамгийн том суурин газруудын нэг байсан.

1918 онд  Австри-Унгар задран унасны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн түүхтэй. Газар нутгийг дахин хуваарилсны улмаас  Леград  нэг мэдэхэд л   Унгартай хиллэдэг бөглүү тосгон болж хувирсан. Леград хотын дарга Иван Саболич “ Бид бусад суурин газруудтай ямар нэгэн чухал зам харилцаагүй хилийн дагуух  суурин болж хувирсан тул  хүн амын тоо ч  аажмаар буурч эхэлсэн” хэмээн ярьжээ.

Хорватын жишгээр харьцангуй том Копривница хотоос Леград хорин километрийн зайд, Драва голын баруун эрэгт оршдог бөгөөд  яг энэ хэсгээр Унгар-Хорватын хилийн зурвас дайрч өнгөрдөг. Хэдий ийм ч Леградад гүүр ч байхгүй,  хилийн цэг ч байдаггүй. Төмөр зам голын нөгөө эрэг дээгүүр тавигдсан. Оршин суугчид  ашиглахад хэцүү байсан ч урьд өмнө тэнд Леград нэртэй өртөө  байсан, дараа нь Эртилош болгон өөрчилжээ.

Хөгшчүүд энд ирээд хэрэггүй 

Леград нь хөдөө аж ахуй, газар тариалангийн газраар хүрээлэгдсэн тул оршин суугчдын ихэнх нь газар тариалан эрхэлдэг. Харин шинээр ирж байгаа хүмүүст энэ чиглэлээр тусгай мэдлэг шаардагдахгүй: хүнсний ногооны талбайг хашаалах албагүй, хөтөлбөрийн нөхцөлөөр хөдөлмөрийн үйл ажиллагаанд заавал оролцохыг заагаагүй. 460₮ үнэтэй сууцтай болохын тулд 40-өөс дээш настай, санхүүгийн хувьд боломжтой залуу хүн байхад л болно. Үүнээс гадна шинэ оршин суугч нь Леградад 15 жил байх ёстой.  Энэ бүх хугацаанд Леградад тогтмол амьдрах ёстой юу, эсвэл байшингаа шаардлагын хэмжээнд тордож авч явах байшингийн эзэмшигч байх л хангалттай юу гэдгийг тусгайлан заагаагүй.


Леградын эрх баригчид 19 хоосон байшин, хэсэг газрыг аль хэдийн зах зээлд амжилттай гаргаснаас 17 нь шинэ эзэдтэй болжээ. Ихэнх байшинд их засвар хийх шаардлагатай. Учир нь тэдгээрийн зарим нь шууд утгаараа балгас, эсвэл цонх, хаалгагүй, хөгцөрсөн ханатай хайрцаг болон хувирчээ. Худалдан авагчид байшингаа сэргээх шаардлагатай бол хотын захиргааны зүгээс санхүүгийн тусламж үзүүлнэ. Засварт зориулж шинэ оршин суугч бүрт 25 мянган кун (11,500,200₮), хэрэв худалдан авагч 1 кунар санал болгож буй байшингуудаас биш, харин хувийн байшинг сонговол хотын зүгээс үл хөдлөх хөрөнгө худалдан авах үнийн дүнгийн 20 хувийг (35 мянган кун хүртэл – 16,120,000₮) олгох юм байна. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд та суурин газрын захиргаатай холбоо барих шаардлагатай.


Хотын дарга Иван Саболичийн хэлснээр, Леград руу ирж амьдрах саналтай  хүмүүс байдаг, тэдгээрийн дотор Турк, Аргентин, Украин, Орос, тэрч  байтугай Колумбын иргэд ч бий гэнэ. Гэхдээ коронавирусын тахлын нөхцөлд гадаадын иргэд амьдрах байтугай Хорватад ирж очих эрхээ олж авахад хэцүү байгаа тул  одоогоор маш хямд байшингуудыг  ихэвчлэн бусад хотуудаас ирсэн хорватчууд худалдан авч байна. Шинээр нүүж ирсэн хүмүүс  хүнсний үйлдвэрлэл, мод бэлтгэх, металл боловсруулах зэрэг ажил эрхлэх бүрэн боломжтой юм байна.

Хаягдсан ертөнц

Ковидийн бүх хязгаарлалтыг цуцалсан ч Леградад шинжилгээний горимд амьдрах нь амаргүй байх болно: Airbnb нь суурингийн төвд шууд түрээслэх байр санал болгодоггүй, харин Booking.com зөвхөн хөрш зэргэлдээ хотуудад байр санал болгодог.  (жишээ нь, Копривницад амьдралын өртөг нэг хоногийнх дунджаар 160,000₮ байдаг). Өөр нэг хувилбар бол Леград, Копривница хоёрын хооронд байрлах Шодерица нуурын ойролцоо 360,000₮ үнэтэй байшин юм.

Хорватын үндэсний аялал жуулчлалын зөвлөлийн вэб сайтын  Леградын тайлбарт энэ сууринг “орчин үеийн соёл иргэншлийн урсгалыг ид шидээр тойрч гарсан” гэж тэмдэглэжээ. Жуулчдад 18-р зууны төгсгөлд баригдсан Ариун Гурвалын сүм, Нови Зрин цайзыг зочлохыг зөвлөдөг. – Нови Зрин цайзыг 17-р зуунд Туркийн дайралтаас газар нутгаа хамгаалах зорилгоор байгуулжээ. «Википедия»- д  цайзыг тэр зуунд эвдэлсэн гэж бичжээ.

“Леградын нутаг дэвсгэр дээр Драва, Мура гэсэн хоёр үзэсгэлэнтэй гол нийлдэг. Меандр хээ шиг угалзалж тахирласан голууд магадгүй байгалийн өөрийнх нь бүтээсэн сүүлчийн гайхамшиг байж болно. Байгалийн энэ гайхалтай тогтоц ховор төрлийн амьтан, ургамлын идээшин орших хамгийн тохиромжтой орчин нь болдог. Ийм учир Леград бол зүй ёсоор анхаарал татах онцгой газар юм” гэжээ.

TripAdvisor портал дээр Леградтай холбоотой цөөхөн хэдэн зураг бий. Тэдгээр нь ихэнхдээ усанд сэлж буй хүмүүс. Ойролцоох хаа нэгтээ пейнтболын буюу дүүжин, савлуурын парк, виндсерфинг, дайвинг зэрэг усан аялал, автомашинтай аялагчдад зориулсан амралтын газар буюу автокемпинг байдаг. Орон нутгийн зочид буудал, зоогийн газар, үзвэрийн газруудын тухайд Леградад хамгийн ойр байрлах газар нь дөрвөн километрийн зайд орших Ботово тосгоны пиццаны газар гэжээ.

Таныг юу хүлээж байна?

Пицца гэх гэмгүй хялбар хоолыг бүтээсэн мөн балгасыг хэдхэн копейкоор зардаг заншилтай Итали улс руу пиццаны шүтэн бишрэгчид шууд явсан нь дээр. Та 1 еврогоор (3,230₮) Сицил арлаас  Швейцарь, Францын ойролцоох нутаг дэвсгэр дээр тус улсын янз бүрийн хэсэгт орон сууц худалдаж авах боломжтой. Тэнд Хорватын нэгэн адил засвар хийх, реалторуудад (үл хөдлөх эд хөрөнгийн зуучлагч. Орч.) үйлчилгээний төлбөр өгөх, татвар төлөх, байшингаа дэд бүтцийн сүлжээнд дахин холбох зэрэгт хөрөнгө оруулалт хийх шаардлага гарна. Эдгээр зардлууд нь нийлбэрээрээ  хэдэн арван мянган евро хүрч болно.

2021 оны 6-р сарын байдлаар Италийн өмнөд хэсэгт орших Биккари хотод (Неаполь хотоос 130 км-ийн зайд) орон сууцны худалдаа явагдаж эхэллээ. Бизачче хотын (Кампания бүс нутгийн  Авеллино муж) захиргааныхан  хотынхоо төвд хүн амьдруулах зорилгоор бүхэл бүтэн гэр бүлүүдийг  найз нөхдийнх нь  хамтаар хайж байна. Швейцарьтай хиллэдэг Боргомезаваль хотын удирдлага  шинээр ирэх хүмүүст байшингуудаа зарахад мөн, хүүхэд төрүүлэхэд нь тэтгэмж төлөхөд бэлэн байгаа аж. Каммараттад (Сицилид)  байшингуудаа үнэ төлбөргүй тараадаг. Италийн Кантьяно (Сан- Мариногийн ойролцоо), Каррега- Лигуре (Пьемонт бүс нутгийн  Алессандрия муж), Кастиглоне –ди- Сицилия, Кастропиньяно (Молизе бүс нутгийн  Кампобассо муж), Чинкуэфронди (Калабрия муж)  болон бусад олон арван дүүргүүдэд маш хямд орон сууцыг худалдан авч болно. Гэхдээ одоогоор олон хотуудын  үл хөдлөх хөрөнгийн худалдаа COVID-19-ийн улмаас түр зогссон байгаа.

Японы  хөдөө орон нутгуудад хуучин байшин  500 доллараар зарагдаж байна. Нийтдээ ийм байшин 8 сая орчим. Тэдний заримыг нь бүр үнэгүй өгч байна. Иргэдийн эзэнгүй барилга худалдан авах  сонирхлыг өдөөх зорилгоор тус улсын хэд хэдэн бүс нутгийн захиргаанаас аливаа засварыг үнэгүй хийж өгөх урамшуулал үзүүлж байгаа аж. Эзэнгүй барилгуудын ихэнх нь Вакаяма, Токушима, Кагошима, Кочи суурин, тосгодод  байгаа аж.

Испанид хэдхэн арван мянган еврогоор бүхэл бүтэн хаягдсан тосгон худалдаж авах боломжтой. Тус улсад ийм тосгон олон бий. Эстонид жишээлбэл, Кохтла-Ярве зэрэг сэтгэлийн дарамтад оруулдаг хотуудын байшин барилгыг бараг зүгээр өгдөг. Баян чинээлэг Швейцарьт хүртэл заримдаа урьд өмнө байгаагүй өгөөмөр дуудлага худалдаа зохион байгуулагддаг: жишээлбэл, 2019 онд Монти Щага гэх уулын тосгоны захиргаа орон сууцыг 1 швейцарь франкаар (ойролцоогоор 3,200₮) зарж эхэлсэн.

Орост ч гэсэн Италийн “1 еврогийн үнэтэй байшин” кампанит ажилтай төстэй арга хэмжээ явуулдаг. Жишээлбэл, Москвад энэ нь 2012 оноос хойш “1 квадрат метр нь 1 рубль” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Түүхэн дурсгалт орд харшийг оролцогчдод 49 жилийн хугацаагаар жилд 1 квадрат метрийг нь 1 рублиэр түрээслүүлдэг. Ингэхдээ түрээслэгчид уг барилгыг соёлын дурсгалт өвийг хадгалах шаардлагад тавигдах бүх нөхцөлийг хангаж засварлах үүрэгтэй. Засварын ажил дуусах хүртэл арилжааны, өөрөөр хэлбэл зах зээлийн түрээсийн үнэ хүчинтэй байна. Мэдээж, Хорват, Италийн бөглүү, буйд газар руу явах нь хавьгүй амар л даа.


Холбоотой мэдээ