Ч.Хүрэлбаатараас Х.Баттулгад барьсан “ГЭНЭТИЙН БЭЛЭГ”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-26 05:06:31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 30 дахь Ерөнхий сайд болоход танхимд нь ганцхан “Хоригтой сайд” байв. Нэр Ч.Хүрэлбаатар. Албан тушаал нь Сангийн сайд. Хойно эдийн боловсрол эзэмшиж, Австралид мэргэжил дээшлүүлсэн Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд Түлш, эрчим хүчний сайд Төсвийн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хариуцаж байсан туршлагатай улстөрч, бас эдийн засагч. Сүүлд буюу 2017 онд хоёр дахиа Төсвийн байнгын хороог даргалж байхдаа У.Хүрэлсүхийн кабинетад Сангийн сайдаар очиж байв. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зүгээс бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойшхи анхны хоригоо Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчилсэн байдлаар буюу зөвхөн Ч.Хүрэлбаатарт тусгайлан тавьсан юм. Энэ үеэс 2019 оныг хүртэл нийт есөн хориг тавьсны дөрвөн дан ганц Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт хаяглаж байлаа. Түүнийг яагаад “Хоригтой сайд” тодотгосны шалтгаан энэ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд ч “Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа. Яагаад гэвэл өөрийнх нь бодлогын эсрэг яваад байна” гэдгийг хэвлэлээр дамжуулан мэдэгдэж л явлаа. Гэхдээ МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байсны бяр Ч.Хүрэлбаатар дээр илүү тодорсон буюу Х.Баттулгыг хүчгүйдүүлэх шалтгаан нь болж байв.

Үндсэндээ Төрийн тэргүүнээс ирүүлсэн хориг бүрийг парламент хүлээж аваагүй. Улс төрийн өрөг дээр Ч.Хүрэлбаатар ялж ирсэн хэрэг. Тийм авч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Ерөнхийлөгчийн зүгээс хамгийн их “фокус” тааруулсан сайд нь Ч.Хүрэлбаатар л байсан юм. Уг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу М.Энхболдыг спикерээс нь буулгасан үеэс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг цонхны бодлогоор ажилласан гэдгийг хэн хэн нь хүлээн зөвшөөрдөг. У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албанаасаа буухад “Огцруулахыг дэмжихгүй” хэмээн ил тод хэлсэн хүн нь ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Гэвч цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн ажээ. Бүрэн эрх нь дуусгавар болсон Х.Баттулга Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахтай зэрэгцэн Төсвийн байнгын хороог даргалж, төрхөмдөө буцсан Ч.Хүрэлбаатар шинэ оны босгон дээр түүнд нэгэн гэнэтийн бэлэг барилаа. 

Тэр нь Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдвийг баталсантай холбогдоно. Энэ хүрээнд хэд хэдэн сэдэв багтаасны дотор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн үр дүнтэй зэрэгцүүлж, нэмсэн нэг асуудал нь Таван толгой-Зүүнбаян. Нэг үгээр 267 км-д нэмээд 416.1 км төмөр замд аудит оруулахаар Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлов.

Эдгээр төмөр замын автор нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Нэгийг нь сайд байхдаа, нөгөөг нь Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа гардан гүйцэтгэсэн имиж. Гашуунсухайтын төмөр замын тухайд өнгөрсөн хугацаанд хамгийн их улстөржилт, маргаан, хардлага дагуулсан ч өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй бүтээн байгуулалт. Харин Зүүнбаян чиглэлийн хувьд хоёрхон жилийн хугацаанд монголчууд өөрсдөө барьж байгуулснаараа онцлогтой. Гэвч энэхүү төмөр замын ажлыг бүхэлд нь нууцын зэрэглэлд хамааруулсан нь өмнөхөөсөө дутахааргүй асуудал дагуулдаг. Бүрэн ашиглалтад ороогүй ч өнгөрсөн тавдугаар сард бүтээн байгуулалтын ажил дууссаныг Ерөнхийлөгчийн хувиар очиж, олон нийтэд сурталчилсан хүн нь ч Х.Баттулга. Гагцхүү хэчнээн төгрөгийг, хаана, хэрхэн зарцуулсныг “онош”-луулахыг Ч.Хүрэлбаатарын даргалдаг Төсвийн байнгын хорооноос нэмж оруулсан нь анхаарал татах сэдэв юм. Ирэх онд хийх аудитын дүгнэлтээс юу гарч, улс төрд цочроо өгөх нь ийнхүү цаг хугацааны асуудал болж байна.


Холбоотой мэдээ