Гомдоосон хууччуул нь МАН-ыг хагаралд хүргэх нь тодорхой боллоо
Улс Төр Л.Оюун-Эрдэнэ өөрөө дээрээ гал дуудан байж эрх мэдэлд хүрлээ. Цаашид ч өөртөө байгаа эрх мэдлээ лавшруулан улс төрд гол тоглогч болох хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэр замаа засаж, намынхаа хууччуулыг тоглоомоос гаргаж эхлэв. Саяхан хийсэн намын Их хурлаараа МАН-ын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшиж, залуу гишүүдээсээ дэмжлэг аваад хууччуулаа нэг нэгээрээ нь аажим аажмаар “намнаж” эхэлсэн нь энэ.
Өөрөөр хэлбэл, намын даргаар жинхлэгдэв үү, үгүй юү өөрийн хүрээллээр намынхаа бүтцийг шинэчилж, шинэ баг бүрдүүлж амжсан. Ингэхдээ намын бүх ахмад гишүүдийг МАН-ын дотоод үйл ажиллагаанд оролцуулах байхад чиглүүлсэн ажлууддаа ханцуй шамлан орсон харагдана лээ.
Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд намдаа нөлөөтэй, тэр бүү хэл, намынхаа “хаан” гэгдэж байсан томчуудаа замаасаа нэг мөсөн гаргахаар шийдэж, Удирдах зөвлөлийн гишүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Б.Тулга, Н.Энхбаатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ЕТГ-ын дарга Я.Содбаатар Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Ц.Мөнх-Оргил,Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Н.Учрал, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Аубакер, Э.Батшугар, Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд Ч.Номин МАН-ын Бага хурлын гишүүн П.Баттөр, Г.Золзаяа, Б.Оюунбилэг, Н.Уламбаяр нарыг томилсон байгаа юм.
Үндсэндээ МАН-ыг удирдах чиглүүлэх албанд 70, 80-аад оныхон олноороо орж, гол байр суурийг эзэлсэн нь дээрх нэрсээс тодорхой харагдаж байна. Уг нь Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ арван хүнээр нэмж, нэлээд том бүтэц бий болгосон байгаа юм. Гэвч намын хуучин гишүүдээ, Удирдах зөвлөлд олон жил байж, намынхаа гал тогоог барьж байсан хүмүүсийг хэнэгчгүй гаргасан нь олны анхаарал татажа байна. Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Тогтохсүрэн гээд гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүнээс бусад нь залуу гишүүдэд байр сууриа алдаж, намдаа нөлөөгүй болцгоов. Л.Оюун-Эрдэнийн ил шийдвэр намдаа гай тарих уу, гавъяа байгуулах уу гэдэг нь тун удахгүй тодорхой болно.
Өнөөдрийг хүртэл намдаа том бүлэглэл бий болгож, хувь заяаг нь шийддэг байсан М.Энхболд, Сү. Батболд нарыг Удирдах зөвлөлөөсөө хүртэл явуулсан харагдана лээ. Намын удирдлагын багаа цөөн хэдхэн залуу хүнээр цус сэлбэнэ гэх тооцоололтой байсан тэдний хувьд Л.Оюун-Эрдэнийн томилгоо хүнд цохилт болж, тэвчээрийг нь барж байгаа сурагтай. Үндсэндээ намын томчууд энэ асуудалд ихэд ундуйцаж, нам дотроо түнжин муутай байгаа гэнэ. Л.Оюун-Эрдэнэ цаашдаа ч хуучин, ахмад гишүүдээ намын дотоод үйл ажиллагаанаас холдуулж, шинэ гишүүдээрээ намаа удирдуулах, багаа бүрдүүлэх сонирхолтой байгаа тул ийн эхний алхамуудаа хийжээ.
Мэдээж намдаа шинэ салхи оруулж, шинэ, хуучны хослуулан өөрт ажиллахад дөхөм замыг сонгох нь аль ч намын дарга, удирдлагын хувьд байж олох асуудал хэдий ч энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн шийдвэр намаа дэндүү эрсдэлд оруулж байхыг үгүйсгэхгүй юм. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц байдаг гэдэгчлэн намаа туршлагатай гишүүдээр чиглүүлэхгүй бол салхи хаашаа ч эргэж мэдэхээр байна.
Үндсэндээ 80-аад оныхон гэдэг амьдралд хөлөө олж байгаа идэр насны залуус ч улс төрд цэл залуухан, дөнгөж хөлд орж байгаа хүүхдээс ялгаагүй. Тиймээс энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн шийдвэрт эргэлзэх хүн цөөнгүй байна. Ямар сайндаа л улс төрд олон жил зүтгэж, сайн муу бүгдийг нь үзсэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Залуучууд салхи ихтэй байдаг. Бага зэргийн салхи ажиглагдаж байгаа. Төрийн ажилд салхи их гарахаар бас аюул болдог гэм бий учраас аль болохоор сайн талыг дэмжээд, гарч болзошгүй алдаанаас сэргийлэх тал дээр ажиллана. Л.Оюун-Эрдэнэ жирийн ажилчнаас намын дарга болтол явж байгаа хүн, жижүүр хүртэл байсан” хэмээсэн удаатай.