100 гаруй жилийн өмнө Монгол нутагт аж ахуй эрхлэн амьдарч байсан Дани эрийн авсан сонирхолтой зургууд
Сонин ХачинМанай сайт уншигч та бүхэндээ Монгол орны баялаг түүхийг баримтуулан үлдээсэн гадаадын аялагч, гэрэл зурагчдын бүтээлүүдээс байнга хүргэдэг билээ. Энэ удаа Данийн алдарт аялагч, антропологч Хеннинг Хаслунд-Кристенсен 1920-иод оны чухал эгзэгтэй цаг үед манай оронд ирж багагүй хугацаанд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган тал гэдэг газар отоглон төвхнөж амьдарсан дурдатгалыг сонирхуулж байна.
1896 онд Копенгаген хотноо төрсөн Хеннинг Хаслунд (Henning Haslund) нь Дани улсын армид дэслэгчийн алба хашиж байгаад алдарт физикч Карл Кребсийн экспедицийн гишүүн болж, Хятадаар дамжин Монголд иржээ. Тэдний хувьд Монголын хойд нутагт аж ахуй эрхэлж, сүүний ферм байгуулна хэмээн аяллын зорилгоо тодорхойлсон байдаг ч үнэндээ онгон зэрлэг нутгийг Данийн эзэмшил болгож, цаашдаа большевикуудад хавчигдсан барууныхныг амьдруулах далд санаатай байсан гэдэг таамаг бий.
Ингээд тэд 1923 онд Карл Кребс (ахлагч), Ове Кребс, Таге Бирк, Эрик Изагер, Боргстрем, Хеннинг Хаслунд гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр Хаалган хотоос хоёр хэсэг болон гарч, тэмээн жин, үхэр тэрэг, унаа хөсгөөр Монголын тал нутгийг 54 хоногт туулан Нийслэл хүрээнд ирсэн байна.
Аян замын туршид тэд мөнгөө барсан тул орос-америкийн нэгэн пүүст ангийн үс нийлүүлэх гэрээ байгуулж, урьдчилгаа авч чаджээ. Ийнхүү нийслэлээс бэлтгэлээ базаасан тэд хойд нутгийг зорьж, одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Булган тал гэдэг газар отоглон төвхнөсөн байна.
Сонирхолтой нь тэдний амьдарч байсан газрыг өдгөө Эрдэнэбулган сумынхан "Дани толгой" хэмээн нэрлэдэг бөгөөд модон байшин нь одоо хүртэл бий гэнэ.
Цахар монгол бүсгүй.
Аянчид Булган талд өмнө нь нэгэн Орос иргэний амьдарч байсан байшинг шинэчлэн засварлаж, мөн хэд хэдэн байшин нэмж бариад өөрсдийнхөө фермийг босгожээ.
Ингээд тэд тухайн үедээ шинэлэгт тооцогдох газар тариалангийн хэрэгсэл, усалгааны систем ашиглан атар онгон газрыг хагалж, өмс, чихрийн нишингэ, төрөл бүрийн ногоо тариалан багагүй ургац авсан байна.
Мөн тэд газар тариалан эрхлэхийн зэрэгцээ Хөвсгөл нутгийн элбэг хангалуун байдлыг ашиглан их хэмжээний ан ав хийж, загас барьж байжээ. Дээр нь нутгийн анчдын авчирсан ангийн арьс, үсийг хэрэгцээт бараагаар сольж, тэрийгээ нийслэлд аваачин борлуулж байв.
Эгийн гол дээрх усан тээрэм.
Түүнчлэн нутгийн малчдаас сарлагийн үнээ, хөллөгөөний шар, хургатай хонь, адуу зэргийг худалдаж авсны зэрэгцээ Буриадаас гахай, тахиа авчруулан нэг ёсондоо "универсаль" фермтэй болжээ.
Завьтай ламхай нар.
Даничууд аж ахуй эрхлэн амьдарч байх явцдаа мөн алтны орд хайж, ойролцоох нутагт хайгуул хийсэн ч бүтэлтэй болоогүй байна.
Ингээд он жил өнгөрөх тусам хойд хөршид хүчээ авсан улаантнуудын нөлөө Монголд чангарч, дарамт хавчлага нь нэмэгдэх болсон тул Даничууд буцахаас өөр аргагүй болжээ. Нэгэн удаа Хаслунд Баатар гэдэг монгол эртэй Орост очихдоо улаантнуудад баригдан арав хоногийг шоронд өнгөрүүлээд азаар амьд гарсан байдаг. Ийнхүү 1926 онд Хаслунд болон түүний багийнхан Монголыг орхиж, Тяньжин хотыг зорьсон байна.
Гэхдээ тэрээр монголчуудын амьдралыг сонирхсон хэвээр байсан тул 20-иод оны сүүлчээр Шведийн аялагч Свен Хединий экспедицэд багтаж, Өвөр Монголд хэсэг хугацаанд амьдарсан байна. Харин дайны тэрээр гурав дахь удаагаа Төв Азийг зорьж, 6 жилийн турш аялжээ. Харамсалтай нь тэрээр гэртээ харьж чадсангүй, 1948 онд Кабул хотноо өөд болсон юм.
100 гаруй жилийн өмнө дэлхий дахинд бараг танигдаагүй орноор аялсан дурсамжаа Хаслунд 1934 онд "Нууцлаг Монгол оронд" (Явна аа) нэртэйгээр хэвлүүлжээ. Тус номдоо тэрээр зэлүүд нутагт гурван жил амьдрахад тулгарсан бэрхшээл, амь өрссөн адал явдал, монголчуудын аж байдал, сонирхолтой түүхүүдийг ховор гэрэл зургуудын хамт нүдэнд харагдтал өгүүлсэн байдаг.
Чоныг амьдаар нь барьсан нь.
Тэдний ферм дээр зочилсон настан
Ингээд түүний номд багтсан бусад зургуудаас хүргэе
Монгол хүүхдүүдтэй хамт Зул сарын баяр тэмдэглэсэн нь
Монгол бөө.
Гэзэг тавьсан хар хүн.
Хеннинг Хаслунд.