У.Хүрэлсүх: Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох учиртай

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-12-30 11:32:25

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ улам сайжруулж, ард иргэдийнхээ амь насыг хамгаалж, улсынхаа эдийн засгийг хохирол багатай даван туулахад онцгой анхаарах ёстой.

Эдийн засгийн тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах их үйлсийн эхлэл бол халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суурь реформыг хэрэгжүүлэх явдал юм.

Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн 100 жил 10 зорилт хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй.

  1. Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашилбал эрчим хүч экспортлогч улс болох
  2. Газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахууныг эх орондоо үйлдвэрлэж, нефть химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх
  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, МАА, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох
  4. Хүнд, хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр, нүүрс зэрэг байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгодог, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох
  5. Авто зам, агаарын зам, төмөр зам, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг байгуулан хэвтээ, босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох
  6. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын цөм технологи болох хиймэл оюун ухаан, блокчейн, робот, интернет, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн цахим үндэстэн болох
  7. Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох
  8. Банк санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж ухаалаг системийг нэвтрүүлэн олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, Монгол Улс бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох учиртай
  9. Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт, суурьшлын зөв тогтолцоотой метрополитан хотуудыг хөгжүүлж хот, хөдөөгийн хөгжлийг түргэсгэн улсаа бүсчлэн хөгжүүлэх учиртай
  10. Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр засагтай ногоон Монгол болох зорилт болно.

Эдгээрийг хэрэгжүүлснээр Монгол Улс хүчирхэг эдийн засагтай хөгжингүй улс болж чадна" гэлээ.


Холбоотой мэдээ