БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь: Л.Оюун-Эрдэнийг “Бээжин—2022”-т тавтай морилохыг хүсч байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-04 23:53:38


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Бээжингийн өвлийн олимп-2022”-т  оролцох талаар ярьсныг БНХАУ-ын Үндэсний радио телевиз болон “China news”, “Фөн Хуан”, “Хятадын залуучуудын цахим хуудас” зэрэг хэвлэлийн мэдээллийн сувгууд онцолжээ.

Мөн БНХАУ-ын ГХЯ-ны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын өдрийн сонин”-ын сэтгүүлч “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Олимпийн наадам нь хүн төрөлхтний баяр наадам, тиймээс ч улс төржүүлэхгүй байх ёстой хэмээн илэрхийлсэн. Монголын тал Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж буйг илэрхийлж, өвлийн олимпийн арга хэмжээнүүдэд биечлэн оролцохоо мэдэгдсэн. Үүнийг хятадын тал хэрхэн үзэж байна вэ?” хэмээн асуужээ. 

Хариуд нь,  БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь: “Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, харилцан бие биедээ чухал, найрсаг хөршүүд билээ. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол БНХАУ-д ирж Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улс орнуудын удирдагч нарын нэг юм. Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсч байгаагийн зэрэгцээ Монголын тал Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгааг сайшааж байна. Олимпийн наадмын үзэл санаа, үндсэн агуулга нь найрамдал, харилцан ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ нь Монгол Улс болон дэлхийн бусад  улс орнуудын хамтын хүсэл, хүлээлт юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж, улс орнуудын ард иргэдийн нөхөрлөл, харилцан биенээ дэмжих явдлыг гүнзгийрүүлж, олон улсын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны түвшинг улам ахиулна гэдэгт бид итгэж байна” гэжээ. 

АНУ, Их Британи, Австрали, Канад, Япон тэргүүтэй барууны орнууд Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, үндэсний цөөнхийн эсрэг бодлогыг эсэргүүцэн энэ оны  хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдээд байгаа юм.  Ийм үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж буйгаа илэрхийлж, тэр дундаа  хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл болсон Олимпийн наадмыг улс төржүүлэхгүй байх ёстой гэж хэлсэн нь БНХАУ-ын хэвлэлүүдийн онцлон хөндөх сэдэв болжээ. 

Эх сурвалж: https://www.mfa.gov.cn/fyrbt_673021/202112/t20211231_10478030.shtml

 https://content-static.cctvnews.cctv.com/snow-book/index.html?toc_style_id=feeds_default&share_to=wechat_timeline&item_id=2440291685756490099&track_id=8CCDCB99-479D-4575-AAB9-0670D15C0546_662559424863

Холбоотой мэдээ