Э.АЗЖАРГАЛ: ШАНГРИЛЛА ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ ХӨӨЖ ГАРГААД ХОЁР ЖИЛ ХОХИРООСООР БАЙНА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-06 23:53:28

“Шангрилла Улаанбаатар” ХХК дотоодын жижиг түрээслэгчдийг ноцтой хохироож байгаа асуудлаар “Mayara” трейд компанийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал мэдээлэл хийлээ.

Тэрээр “Дотооддоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхээр зүтгэж байгаа жирийн нэг эмэгтэй, жижиг үйлдвэрлэгч байна. Би 2018 онд компаниа үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулсан цагаасаа Шангриллад түр түрээслэгчээр байсан. 2019 онд “Шангрилла Улаанбаатар” ХХК-аас надад 73 м/кв талбайг түрээслэх санал тавьсан. Цементэн талбай хүлээж аваад түүнийг тохижуулахад 100 гаруй сая төгрөгийн зээл авч,  олон улсын стандартад нийцсэн тохижилт хийсэн. Гурван жилийн хугацаатай би энэ олон улсын худалдааны төвд үйл ажиллагаагаа  явуулна гэж бодоод маш их хэмжээний зардал гаргасан. Гэтэл үйл ажиллагаагаа явуулаад гурван сарын дараа түрээсийн төлбөрөө 14 хоногоор хоцроосон гэдэг шалтгаанаар хоцроосон 14 хоногт алданги тооцож байсан. Миний барьцааны мөнгө болох 14 сая төгрөг энэ компанийн дансанд байсан.  

14 сая төгрөгийн барьцаа байсаар байхад түрээсийн төлбөрөө 14 хоногоор  хоцроосон  гэдэг шалтгаанаар гудамжинд хөөн гаргаж, гэрээгээ цуцлан миний бараа бүтээгдэхүүнийг цуцлан цагаан сарын борлуулалт хийх ямар ч боломжгүй болгосон

Яг энэ үед цар тахлын хямрал эхэлж хүмүүс хөл хорионд орж байсан. Эдийн засаг хэцүү байхад ийм олон улсын компани яагаад ядарсан намайг хохироож байгаа юм бэ. Жижиг дунд үйлдвэрлэгчийн хувьд цагаан сар гэдэг маш том борлуулалт байдаг. Гэтэл цагаан сараар ямар ч борлуулалтгүй болгосон. Гэтэл өдөр бүр  тэр 100 сая төгрөгийн зээл төлөгдөж байсан. Одоог хүртэл би хоёр жил хохироод явж байна. Энэ асуудлыг хэн шийдэх юм бэ. Би нэг зүйлийг онцолж хэлье. “Шангрилла Улаанбаатар” ХХК-ийн Хөрөнгийн менежментийн газрын захирал н.Алтанчимэг, н.Булгантуяа гэж хоёр эмэгтэй байгаа. Энд  бизнесийн ёс зүйгүй байдал болоод байгаа. Үүнийг би биш маш олон түрээслэгчид нотолж хэлнэ.

“Шангрилла Улаанбаатар” ХХК-ийн менежмент маш муу байсан. Түрээсийн төлбөрөө удаа дараа нэмсэн. Иймээс 10 гаруй түрээслэгч нэгдэн уулзаад албан бичигтээ гарын үсэг зуран нэгдүгээр сарын 24-нд өгсөн. Нэгдүгээр сарын 25-нд уулзсан. Гэтэл уулзсан өдрийн маргааш  миний гэрээг цуцлах мэдэгдэл ирсэн. Энд бизнесийг том, жижгээр нь ялгадаг харьцаа яваад байна. Би хоёр жил шүүхдэлцээд явж байна. Анхан болон давж заалдах шатны тогтоол нь байна. 2 сарын 3-нд надад ажлын гурав хоногийн хугацаа өгөнгүүтээ  талбай лацдаад хөөгөөд гаргасан. Тиймээс би энэ компанийг шүүхэд өгсөн. Монголын шүүх шударга юм байна. Анхан болон давах шатандаа миний талд шийдсэн. 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж хохирсон боловч шүүхээс намайг 60 сая төгрөгөөр хохироосон байна гэж тогтоосон. Гэтэл “Шангрилла Улаанбаатар” ХХК цаг хугацаа хожиж байгаа юм шиг Дээд шүүх рүү давж заалдсан. Дээд шүүхэд олон хэрэг овоорсон хэзээ миний хэргийг шийдэх нь тодорхойгүй. Би Дээд шүүхийн хариуг хүлээгээд хэдэн сар болж байна. Энэ хугацаанд би өдөр болгон зээлийн хүү, ажилчдын цалин, татвар гээд дарамтад байна. Энэ асуудлыг хэн зохицуулах юм бэ.

Ж.Оджаргал захирал аа, би таныг бизнесийн ёс зүйтэй монголын мундаг бизнес эрхлэгчийн төлөөлөл гэж боддог байсан. Яагаад намайг хохироож байгаа юм. Таны доор ажилладаг хүмүүс чинь ийм ёс зүйгүй гэдгийг та мэдэх үү. Үүнийгээ та шалгаж өгөөч ээ. Олон улсын менежментийг нэвтрүүлсэн том компани байж яагаад монголын жижиг дунд үйлдвэрлэгчийг махны машин шиг  буталж байгаа юм бэ. Биднийг ашигтай санал тавьж оруулаад хөөгөөд гаргана.  Махыг нь мөлжөөд ясыг нь хаяж байгаа юм шиг л байна та нар.  Миний 100  сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талбайгаас намайг хөөж гаргаад өөр түрээслэгч оруулсан байна.   Энэ асуудлаа яаралтай шийдэж намайг хохиролгүй болгож өг” хэмээв.

Холбоотой мэдээ