Эрх баригчид Казахстаны бослогыг анзаарахад илүүдэхгүй
Улс ТөрКазахстан улсад өрнөж буй үйл явдал дэлхийн анхаарлыг татаж байна. Хийн түлшний үнийн өсөлтөөс үүдсэн жагсаал одоо зэвсэгт бослого болон хяналтаас гарлаа. Жагсагчидтай хатуухан аргаар үзнэ хэмээн мэдэгдэж байсан тус улсын эрх баригчид дийлэхээ больж, олон улсаас цэргийн дэмжлэг хүслээ.
Хийн түлшний үнийн өсөлт жагсаалын халхавч төдий шалтгаан байсан нь өдгөө тодорхой болж байна. Анхны зорилго аль хэдийнэ биелж, хийн түлшний үнэ буурсан ч жагсагчид тайвширсангүй. Жагсагчдын уур хилэн улам даамжирч, Засгийн газраа татан унагалаа. Харин одоо бол жагсагчдын жинхэнэ шалтгаан ил болж, Назарбаевийг онилжээ. Жагсагчдын шаардлагаар Нурсултан Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийг тэргүүний суудлаас буулгалаа. Тэрбээр 2019 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч насан туршдаа Аюулгүйн зөвлөлийг тэргүүний албан тушаалд залрах ёстой байсан юм. Харин жагсагчид түүнийг насан туршийн албанаас нь буулгаж, хууль сахиулах тусгай байгууллагуудыг зохицуулах эрх мэдлийг түүнээс булаалаа.
Нурсултан Назарбаев 1991-2019 он хүртэл 28 жил Казахстан улсыг удирдаж, өөрийн дэглэмийг тогтоогоод байлаа.
Биднээс холгүйхэн оршиж буй энэ оронд өрнөж буй үйл явдлыг манай улсын эрх баригчид сайтар анзаарахад илүүдэхгүй. Мэдээж, Казахстан улсад болж буй үйл явдал олон шалтгаантай байх. Гадны нөлөө, оролцоотой гэж олон улсын шинжээчид ч бичиж байна. Нөхцөл байдлын дотор руу өнгийхгүйгээр гаднаас нь харахад нэг намын, нэг хүний урт удаан хугацааны эрх мэдэл улс орныг тийм ч таатай байдал руу хөтөлдөггүй бололтой.
Эрх мэдэл, албан тушаал, эрх ашигтаа дулдуйдан муйхарласаар байвал нэг л өдөр ард түмэн тэсэрч болзошгүйг энэ улсад өрнөж буй үйл явдал бэлээхэн харуулж байна.
Шат шатны сонгуулиар дараалан ялалт байгуулж, төрийн бүх эрхийг нэг намд төвлөрүүлсэн ч авлига хээл хахууль даамжирч, авлигачдын толгойг илж, хүний эрхийг уландаа гишгэж, иргэдийн амьдрал уруудан доройтсоор байвал эрх баригчид алдар гавьяа хүртэхгүй нь мэдээж. Харин тэр цагт ард түмнээс ямар ааш авир гарахыг таахад түвэгтэй.
Казахстан, Монгол хоёр улсын хооронд асар их ялгаа бий, улс үндэстэн, хөгжил дэвшил, улс төрийн нөхцөл байдал, тогтолцоо гээд бүх зүйл ялгаатай. Гэхдээ эрх мэдлийн төвлөрөл, авлига хээл хахууль, ядуурал бол ард түмнийг ялгахгүй, Казахстаны иргэн байна уу, Монголын иргэн байна уу ялгаагүй уруудан доройтуулсаар байх болно.
Бидэнд нэг намын, нэг хүний эрх мэдлийн давамгайлал, үймээн самууны хангалттай түүх бий. Харин тэр бүхэн дахин давтагдахыг хэн ч хүсэхгүй.
Ямар ч улс үймээн самууныг хүсдэггүй. Үймээн самууны явц, дараах үр дагавар нь улс орон, ард түмэнд асар их хохиролтой учраас энхтайванаар оршихыг хүсдэг. Монголчууд ч эх орондоо ялгаварлалгүй, эрх тэгш, тайван амгалан, сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж буй.