Ши Жинпинь: Казахстанд эмх замбараагүй байдал үүссэн нь гадны оролцоотой

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-09 08:59:46

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жинпинь нэгдүгээр сарын долооны өдөр Казахстаны Ерөнхийлөгчид илгээлт хүргүүлж, үүндээ Казахстанд болсон эмх замбараагүй байдал, өнгөт хувьсгал өдөөсөнд гадаадын улс төрийн хүчнийг буруутгасан байна. Бээжин үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд Казахстаны ард түмэнд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

 "Казахстан бүхий л хүндрэлээ даван туулахад нь шаардлагатай дэмжлэг, тусламж үзүүлэхийн тулд боломжит бүхнийг хийхэд Хятад бэлэн" хэмээн Ши Жинпинь Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевд илгээсэн илгээлтдээ мэдэгджээ.

Түүнчлэн хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, материаллаг хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Токаевын авч хэрэгжүүлж буй алхмуудыг "шийдэмгий, хүчирхэг алхам" хэмээн нэрлэжээ. 

Казахстаны үймээн 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарчээ.

 Энгийн иргэдээс хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй, хууль сахиулагчдаас 18 хүн амиа алдсан бөгөөд тэдний хоёрынх нь толгойг тасдан хаясан байсныг олсон байна. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгчээ. 

Одоо энэ улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм.

Холбоотой мэдээ