Р.ЭМҮЖИН. За би тэр муу эм нь байна аа.
НийгэмР.ЭМҮЖИН.
За би тэр муу эм нь байна аа.
Казакстаны явдал бидэнд юуг харуулж байна вэ, яагаад сэтгэлд эмзэг тусаад байна вэ? Бид араас нь алхаж байгаа болохоор л, манай төрд бас цадахаа мэддэггүй цагийг эзлэгчид он жилээр, овог отгоороо суурьшчихаад, иргэдийн татварын мөнгөөр удам дамжин, үе залгамжлан ихээхэн наргиж байгаа учраас л сэрэмжлэх, сэтгэл дэнслүүлэх шалтгаан болчихоод байгаа юм. Жомарт Токаев яагаад ард түмэнтэйгээ хэлцэл явуулж, харилцан буулт хийсэнгүй вэ? Түүний оронд цэргийнхэндээ тушаал өгч, урьдчилан анхааруулалгүйгээр иргэдийнхээ эсрэг шууд гал нээх шийдвэр гаргалаа. Таван орны цэрэг оруулж, жагссан, боссон бүхнийг газартай тэгшлэх алхам хийлээ. Бууж өгөөгүйг нь шууд устгана гэж өөрийн биеэр мэдэгдлээ. Хэвлэл нь төв талбай дээрх террористуудыг устгалаа гэж мэдээлж байна. Хэзээ байтлаа террористууд төв талбай дээр жагсдаг болчихсон юм? Талбай дээр жагсдаг, суудаг, өлсдөг. Өчнөөн жагсаал хийсэн туршлагатай монголчууд үүнийг мэднэ. Энэ бол казакуудын гурав дахь амь дүйсэн жагсаал бослого байлаа. Тэд парламентийн засаглал, амьдралын боломжит нөхцөл шаардсан. Гэтэл Назарбаев зугтан гарч, Токаев иргэдтэйгээ хэлцэл хийж, харилцан тохиролцоонд хүрэхийн оронд гаднын цэрэг оруулж, хядуулж байна. Токаевийн хувьд Казакстан хөгжсөн, ядуу казакуудын хувьд харин үгүй. Хөгжсөн мэт харагдуулахын тулд хөлслөгдсөн хэвлэлийнхэн нь яахаа ч мэдэхгүй яг гацаанд. Энэ ялгаа манайд бас бий, сүүлийн үед бүр ихсэж байгаа. Баян хоосны ялгаа ихсэх тусам, төр, түмний дундын ангал томрох тусам, төр дагаж хөрөнгөжсөн эрх мэдэлтнүүдийн хөгжлийн талаарх ойлголт тэртээ Баянхошууны эцэст хаягдсан иргэнд хүрч чадахгүй төөрөлдөх тусам хэдий нэг улс боловч хэлэлцээрийн ширээний ард суух найдвар нуран унадаг юм байна. Манайд ч гэсэн Тамсагийн нефтээ хятадуудад цөлмүүлээд, өөрсдөө үнэтэй бензин хэрэглэдэг гашуун баримт бий. Энэ талаар хэн ч дуугардаггүй, дуугарахгүй. Ард түмэнтэйгээ хэлэлцэж болох боломжийг шууд үгүйсгэж, гаднын цэрэг, хүчинтэй хавсран иргэд рүүгээ эргэж дайрна гэдэг чинь энэ улс дуусч буйн дохио ажээ. Казакстанд нүд гялбам бүтээн байгуулалт, нүүр тэнийлгэм хөшөө баримал олон бий. Гэвч боловсроогүй хаягдсан иргэдийн хувьд тэр бүхэн баярхал бус хоосрол, хорсол байсныг харлаа. Манайд ч бас шинэ жилээр талбай дээр тавьсан хөшөөнүүдийн нэгийг шөнөөр хэмх цохиод хаясан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Өөрийнх нь боловсрол, үр хүүхдийнх нь эрүүл мэнд, ах эгчийнх нь цалинд зориулагдаагүй мөнгө хөшөөнд зориулагдсанд уурссан үзэн ядалт гэж энэ шүү дээ. Эрх мэдэл, эрдэс баялаг хоёр буруу хоршихоороо улсаа барж, ардаа алдаг юм байна. Казакстанчууд хамгийн гашуун түүхийг бичиж байна, бидний өмнөх зам энэ хэвээрээ үргэлжилбэл хаана хүрч болохыг тэд харуулж байна. Улсаа дэлхийгээс тасалж байгаад дээлийг нь нөмрүүлж, үүрд ядуу амьдар, үг бүү хэл, үзэг бүү хөдөлгө, үүнээс өөр сонголт үгүй хэмээн тулгана гэдэг бол дарангуйллын эцсийн буудал ажээ. Иймдээ хүрч, ингэж улсаа нураах эрх өнөөгийн төр баригчдад ч үгүй, түмэн олонд минь ч үгүй. Эцсийн эцэст брэндийн цүнхэндээ брэндийн хувцсаа чихэж ч амжилгүй, үнэт машинуудынхаа хаалгыг ч нээж чадалгүй эх орноосоо зугтахаас аргагүй болдог орчлон юм байна. Үүнийг л ойлгоод өг дөө. Энэ жагсаал, бослогыг терроризм, шашин, засаглал...алинаар нь ч тайлбарлаж болно. Баян хоосны ялгаа, баялгийн хуваарилалт иймдээ тултал гаараагүй бол, казакууд ядууралд хэт автаагүй бол хэн тэнд чинь очиж жагсах юм бэ. Алдах юмтай хүн алалцаад ингээд зогсох уу? Буудаж ал гэсэн тушаалд төрийн тэргүүн нь гарын үсэг зурчихаад байхад онилсон бууны бай болоод олноороо ингэж зогсох нь терроризм юм уу? Аливаа юмны үндэс шалтгааныг мушгих аргагүй, үндэс бол газар, үндэс бол ус, үндэс бол агаар. Ямартаа л за би тэр дайнд хөөрдөг муу эм нь байна аа гээд бичээд байхав дээ. Эрх мэдэлтэй, эрх ямбагүй, цолтой цолгүй, баян ядуу...бүгд үхэхийн цагт нэг л газар очдог. Тэр бол чимээгүй хот. Тэнд ямар авсанд хэвтэж, ямар яс үлдээснийг чинь хэн ч сонирхохгүй. Нэр чинь харин үлдэнэ, нэмнээ чинь ялзарна. Эх оронгүй болохын цагт нэр алдраар ч яалаа, энэ бие дуусахын цагт эд баялгаар ч яалаа, амьдралын үнэн энэ юм.