Боодолтой мөнгө гэж хууртан хахууль авч онигоонд оржээ!!!
НийгэмТ.Өсөхбаатар:
Би нэг удаа Бадамжунайг “долингортуулсан” юм
Тээр жил би нэг найзтайгаа хамтарч бичкээн хувийн Publishing company байгуулаад удаагүй байлаа. Гэтэл Хотын захиргаанаас Нийслэлийн 350 ч билүү жилийн ой болох гээд тендер зарлаж байна. Ойн арга хэмжээнд зориулсан бэлэг дурсгалын зүйлд хэрэглэгдэх ном альбом хэрэгтэй юм гэнэ.
Тэр үеийн Улаанбаатарыг түүхэн дурсгалт барилга архитектур талаас нь харуулсан жижиг гэрэл зургийн номын эх бэлтгээд өнөөх шалгаруулах комисст нь өгч орхив. Өөрсдийн архивт байсан зургаас оруулаад нэмж шинээр зураг авч баяжуулахаар хийсэн төсөл л дөө.
Гэтэл өнөөх маань шалгарчээ. Нилээд олон гэрэл зурагчдыг татан оролцуулж бүх зураг авалтыг шинээр хийж чамгүй ажил болов. Өнөө маргаашгүй хотын өнгө төрх өөрчлөгдөнө, олон ч зүйл устаж байхгүй болохын зэрэгцээ шинээр олон байшин барилга сүндэрлэнэ. Түүнээс нь өмнө амжиж архивлаж авч үлдэх давхар зорилго над явж байсан хэрэг л дээ.
Ажил ч товлосон хугацаандаа дуусч ном хэвлэлтээс гарч тоо ёсоор нь Хотын захиргаанд хүлээлгэж өгөв.
Гэтэл төсөвлөгдсөн мөнгө орж ирээгүй байна дараа болъё гэв. Тэрнээс хойш сар гаран хугацаа өнгөрөв. Төлбөр хойшлогдоод л байдаг.
Байсгээд л хотын захиргаа, нягтлан руу нь утас цохино. Хүмүүсийн ажлын хөлс, зургийн мөнгө, хэвлэх үйлдвэрээс хэвлэлийн үнэ нэхэгдэж шаналгана.
Гэтэл Франц руу төслийн ажлаар явах цаг минь тулаад ирлээ.
-За ямарч урьдчилгаагүйгээр хийгээд өгчихсөн ажил. Чи явахаасаа өмнө л наадхиа цэгцлээд явахгүй бол нохойн замаар орно шүү гэж найз маань намайг шахна.
Дахиад л нягтлан руу нь залгалаа.
Гэтэл надаас бүүр залхсан бололтой :
– Мөнгө орж ирэх нь ч аль дээр ороод ирцэн байгаа л даа. Гэхдээ наадхийг чинь шийддэг хүн нь Бадамжунай дарга. (Тэр үед мань хүн Хотын Ерөнхий менежер гэдэг алба хашиж байв.) Та өөрөө л Жунай даргатай ярихгүй юу, тэр л мэднэ гэв. Тэр үеийн ханшаар 30 сая төгрөг л авах ёстой байсан юм л даа.
Ярианых нь өнгөнөөс гар хүндрүүлж тосолгоо хийхийг хүлээгээд байгаа юм байна гэдэг нь ч ойлгогдлоо.
Тэгээд няраваасаа 2 шил экспортын цагаан архи, ширээний календарь , ил захидал гээд хэвлэлийн бэлэг дурсгалын ойр зуурын хэдэн юм, дээр нь дан аравтаар 10 000 төгрөг нэг боодлыг бэлтгүүлж авав.
Дан аравтын дэвсгэртээс бүрдсэн 10 000 гэдэг ландайсан хүнд юм болж байна. Боодлын цагаан цаасанд цэмбийтэл боолгуулав. Бүгдийг нь гоёмсог гялгар уутанд хийлгэж аваад Хотын захиргаа руу гараад туучихав. Бадамжунай даргатай уулзахаар цаг авсан байсан юм. Өмнө нь ер нүүр тулж уулзаж байсангүй. Болзсон цагтаа очлоо,өрөөнд нь орлоо.
Найрсагаар суу гэж дохиод,
-За юу гэж явна? гэж байна.
Би ч учир явдлаа хэллээ. Яриан завсраа: – Би танд нэг ойр зуурын жаахан бэлэг авчирсан юмаа. Хүн амьтан орж ирээд нүдэнд өртвөл эвгүй юм уу, энийг яах вэ гээд ууттайгаа харуулав.
-Юу юм бэ? гэнгээ барьж үзэж байна.
-Ойр зуурын бэлэг сэлт, идээний дээж, жаахан гар цайлгах юм байгаа юм аа л гэлээ. Гэтэл ширээнийхээ хажуугийн түмбүүчкийг онгойлгож:
-Ийшээ хийчих гээд дохиж байна. Тэр зуураа ширээнийхээ тавцан доорхи кнопоо дарж харагдав.
-Би танай мөнгө шилжээд тооцоо дууссан гэж бодож байсанш дээ, мөнгийг чинь өгөөгүй байсан юм уу, манай энэ санхүүгийнхэн үү! гэх зуур нягтлан нь:
-Та дуудсан уу гэсээр гүйгээд ороод ирэв.
-Эдний мөнгийг шилжүүлэхгүй яасан юм бэ! гэтэл
-Би ч бүх шилжүүлгүүдийг аль дээр биччихсэн, таны гарын үсгийг л хүлээгээд байгаа л даа. Эднийхийг аваад ирэх үү гэсээр шуртхийн гараад төдөлгүй бариад ороод ирэв. Мань хүн ч дурайтал нь гарын үсгээ татлаад над өгөв.Хэргээ ийм амархан бүтээсэн би ч баярласнаа хэлээд хурдхан гарав.
“Гологдсон хүүхэн” дээр Долингор 50 лангийн ембүү гэж ойлгуулаад цаасанд цагаан чулуу боогоод атгуулдаг санаанд орж инээд ч хүрэх шиг. Боодолтойгоо задалж үзээд намайг ямар их занасан бол?! Гэхдээ тэр “материал” голдоггүй юм билээ. Тэр цагаас хойш хорь шахам жил өнгөрсөн байна.
Эх сурвалж: Terbish Usuhbaatar