"Алан хядагч" гэж телевизээр цоллуулсан хөгжимчнийг нэн даруй суллахыг Киргиз шаардав
ДэлхийКазахстанд эсэргүүцлээс үүдэлтэй эмх замбараагүй байдал газар авч улмаар Казахстаны Ерөнхийлөгч "алан хядагчид орж ирсэн" хэмээн мэдэгдээд улсдаа терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлсэн юм.
Терроризмын эсрэг тусгай ажиллагааны хүрээнд 6000 орчим хүнийг баривчилсан гэж Казахстаны Дотоод хэргийн яам мэдэгдэж байв.
Түүнчлэн "гадны хүч" оролцсон гэдгийг нотлох гэж Казахстаны төрийн сувгаар "гадаадаас ирж эмх замбараагүй байдал үүсгэхэд оролцсон" гэх хүнийг харуулсан дүрс бичлэг цацсан юм. Гэтэл "алан хядагч" гэж сэжиглэгдэж буй энэ хүн үнэндээ Киргизээс ирсэн жааз хөгжимчин байжээ. Тэрбээр аялан тоглолтоор Казахстанд ирсэн бөгөөд мөргөлдөөн эхэлсний дараа сураггүй болсон гэнэ.
Энэ мэдээлэл гарсны дараа Киргизийн тусгай албаныхан "алан хядагч" гэж баривчлагдсан хөгжимчнийг "энгийн иргэн" хэмээсэн бол Киргизийн Гадаад хэргийн яам энэ үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Улмаар Алматы хотод баривчлагдсан хөгжимчин Викрам Рузахуновыг нэн даруй суллахыг уриалсан байна.
"Киргизийн Гадаад хэргийн дэд сайд Азизбек Мадмаров Киргизийн иргэн Викрам Рузахуновыг баривчилсантай холбоотойгоор тухайн иргэнийг нэн даруй консултай уулзуулах, ойрын үед түүнийг суллахыг уриалсан нот бичгийг Казахстаны элчин сайд Рапиль Жошыбаевт гардуулсан" хэмээн Киргизийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Түүнчлэн Киргизийн тал Казахстан дахь эмх замбараагүй байдалд гадаадын иргэд оролцсонтой холбоотой мэдээллийг сайтар шалган, үнэн бодит мэдээлэл түгээхийг Казахстаны талд уриалсан байна.