НУРСУЛТАН НАЗАРБАЕВЫН ХААНЧЛАЛ ТӨГСГӨЛ БОЛЖ БАЙНА!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-13 07:36:25

Казахстанд болсон саяны жагсаал тэмцлийн хөшигний цаана гадаад, дотоод хүчнүүдийн эрх ашиг мөргөлдсөн “нууц зодоон” болжээ. Казахстаны цагдаа, арми нь ч хоёр хуваагдсан юм байна. Одоо байдал тогтворжиж, ЗГ газар хяналтаа тогтоосон гэж мэдээлж байна. Энэ үймээний цаана юу болсон талаарх уьдчилсан таамаг нь ийм байна. Нэг талаас АНУ, Англи, Хятадын эрх ашгийг баримтлагч Н.Назарбаев, нөгөө талаас Оросын түшихээс аргагүй болсон өнөөгийн Ерөнхийлөгч К.Токаевын талынхан үзэлцжээ. К.Токаев бол яагаад ч ганцаараа барахааргүй байсан. Иймээс ч тэрээр шууд В.Путинаас тусламж хүсжээ. Харин энэ бүхний дараа Казахстанд “улсын эцэг” гэгдэн 30 жил шүтэгдсэн Нурсултан Назарбаевын хаанчлал төгсөж байгаа нь тодорхой болжээ.

Төгсөхөөр барахгүй түүнийг болон түүний хамсаатнуудыг шо.рон хүлээж байна. 2019 онд Н.Назарбаев Ерөнхийлөгчийн албан тушаалаа К.Токаевт шилжүүлж, өөрөө ҮАБЗ-ийн дарга болж, хүчний байгууллагуудыг хяналтандаа үлдээсэн. Бас охин Дарига Назарбаеваг парламентын даргын тушаалд тавьсан. Гэтэл К.Токаев нь Н.Назарбаевын тоглоом байхыг хүссэнгүй. Энэ хоёрын хооронд эхнээсээ зөрчил гарчээ. К.Токаев Ерөнхийлөгч болсныхоо дараахан Дарига Назарбаеваг парламентын даргын суудлаас авч хаяж, авлигын хэргээр шалгуулсан. Тэрбайтугай Н.Назарбаевын үед хийгдсэн Казахстаны газар нутгийг Хятадад түрээслүүлэх тохиролцоог нь цуцалж, Казахстаны газар нутгийг гадныханд эзэмшүүлэхийг хориглох хууль гаргуулсан байдаг. Энэ бүхний цаана ОХУ-ын гео политикийн эрх ашиг ч байсан гэх. В.Путин Казахстаныг Хятадад тавьж туухыг хүсээгүй. Дашрамд хэлэхэд ОХУ-ыг Хятадаас хамгаалах хоёр гол улс нь Монгол, Казахстан юм гэж оросууд ойлгодог нь үнэн аж. Иймээс ч В.Путин К.Токаевыг дэмжиж байсан бололтой.

Нэг ёсондоо саяны жагсаалын ард К.Токаевыг авч хаях гэсэн Н.Назарбаев өөрөө байсан гэх. Н.Назарбаевийн тавьсан Ерөнхий сайд зориуд хийн үнийг чөлөөлөх шийдвэр гаргасан байж ч магад. Тэрээр К.Токаевыг авч хаяж, охиноо Ерөнхийлөгч болгож, үе залгамжлуулахаар зэхэж байсан гэх. Цаадах эрх ашгийн гүн рүү өнгийвөл Н.Назарбаевын цаана түүнтэй доллараар холбогдсон түншүүд болох барууныхан, Хятадын эрх ашиг байсан болж таарч байна. Гэвч К.Токаев жагсаал үймээний үеэр өөрийн нүүдлийг хийж, Н.Назарбаевын баруун гар Карим Масимовыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулж, өөрийгээ тус зөвлөлийн тэргүүнээр томилсон ба ЗГ-ыг шуурхай огцруулж Назарбаевын гар хөлүүдийг засгийн болон арми тагнуулын гол албан тушаалуудаас зайлуулж, өөрийн хүмүүсийг ЗГ-ын гол тушаалуудад тавьсан байна.

К.Токаев Орос тэргүүтэй хамтын нөхөрлөлийн цэргүүдийг нутагтаа урьж оруулсан нь ийм учиртай байжээ. Үүнтэй зэрэгцээд Назарбаевын охид гэр бүлээрээ, мөн Назарбаевын гар хөл болсон тэрбумтан олигархууд Казахстанаас зугтан гарсан тухай мэдээлэл байна. Мөн төрийн чухал алба хашиж байсан этгээдүүд улс орноо орхин гарч байгаа тухай мэдээлж байна. Одоогоор Назарбаев Казахстаны нийслэлд байгаа гэх мэдээлэл гарч байгааг ч түүний хаана байгааг янз бүрээр мэдээлж байна. Хэрэв Назарбаев баригдаж шүүгдвэл түүнтэй холбоотой авлига, хүн амины олон ноцтой хэргүүд ил болох нь тодорхой. Асар том юм болно. Цочирдуулам гэмт хэргүүд ил болно. Казахстанд Назарбаевын эрин дуусгавар болж байгаа ч энэ хүний үед байсан шиг тогтвортой байдал үргэлжлэх үү гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Казахстанд үнэхээр “хувьсгал” болжээ. Энэ улсад их зүйл өөрчлөгдөх нь тодорхой болж байна.


Холбоотой мэдээ