УБТЗ-д амны хаалт “шахсан” албан тушаалтныг мөрдөж дуусав
НийгэмМонгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдох явдал цөөнгүй гарах болов. Тухайлбал, УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн I ангийн даргаар ажиллаж байсан Ө.Ууганжаргалд холбогдох хэргийг өнгөрсөн сарын эхээр шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэрбээр 2018 оны хоёрдугаар сард дээрх албан тушаалд томилогдоод удалгүй “Рояал кинг констракшн” компанитай ямар ч сонгон шалгаруулалт хийлгүй 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, бохирын систем суурилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр болж, тухайн аж ахуйн нэгжид давуу байдал бий болгон 59.7 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон юм.
Тэгвэл УБТЗ-ын дахиад нэг албан тушаалтны гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болжээ. Тус нийгэмлэгийн “Улаанбаатар” өртөөний ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Солонго гэх хүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, төрсөн дүүгийнхээ эзэмшлийн “Загал хүлэг” гэх компанид давуу байдал олгосонгэнэ. Тус компанийг 2019 онд байгуулсан бөгөөд тендер зарлалгүйгээр эл аж ахуйн нэгжээс 2020 оны арванхоёрдугаар сард зах зээлийн ханш нь 156.6 мянган төгрөгийн үнэтэй 10 000 ширхэг амны хаалтыг нэг бүрийг нь 250 төгрөгөөр, зах зээлийн үнэлгээ нь 37 800 төгрөгтэй тэнцэх, цэнэглэдэг, зай хураагууртай уурхайн гэрэл 24 ширхгийг нэгийг нь 63 400-гаар тооцон авсан байна. Мөн зах зээлд 48 500 орчим төгрөгийн үнэтэй гурван өнгөөр гэрэлтдэг гэрэл (фонарь)-ийг нэгийг нь 168 000-аар тооцон 10-ыг худалдан авч албан тушаалаа урвуулж, дүүдээ давуу байдал бий болгон УБТЗ-д хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй юм.
Хамгийн сүүлд гэхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, дээрх нийгэмлэгийн Төмөр бетон дэрний үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнууд нэг тонн хаягдал төмөр зарж борлуулсны төлбөрийг бэлнээр авч хувьдаа завшсан гэх үйлдлийг АТГ-ынхан шалгаж эхэлсэнюм. Мөн УБТЗ-ын албан тушаалтан Төгсбаяр гэх хүнд холбогдох хэргийг шалгах явцдаа дээрх нийгэмлэгийн харьяа хэд хэдэн байгууллагад өнгөрсөн сарын сүүлчээр нэгжлэг хийсэн билээ.