Назарбаевын хүргэчүүдийг өндөр албан тушаалаас нь огцруулжээ
ДэлхийКазахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын хоёр хүргэнийг төрийн өмчит томоохон компаниудын захирлын суудлаас огцруулсан тухай тус улсын албаны эх сурвалж мэдээлжээ.
Бямба гарагт Казахстаны үндэсний баялгийн сан Самрук-Казынагаас гаргасан мэдэгдэлд Кайрат Шарипбаевыг тус улсын байгалийн хий дамжуулагч QazaqGaz компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас, Димаш Досановыг газрын тос дамжуулагч KazTransOil компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус тус огцруулсан тухай дурдсан байна.
Тэднийг ямар шалтгаанаар огцруулснаа Самрук-Казына тайлбарлаагүй байна.
Дээрх хоёр компани нь Казахстаны эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон байгууллагууд юм.
Шарипбаев нь Назарбаевын том охин Даригатай гэрлэсэн гэгддэг. Досанов экс ерөнхийлөгчийн бага охин Алиягийн нөхөр юм байна.
Хэдхэн өдрийн өмнө Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын автомашины хаягдлыг дахин боловсруулах чиглэлд ажилладаг томоохон компанийн удирдлагыг засгийн газрын мэдэлд шилжүүлж авах шийдвэр гаргаж байв. Уг компанийг Алия Назарбаева эзэмшдэг байжээ.
Токаев өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үймээний дараа Назарбаевыг тойрон хүрээлэгчдийн хуримтлуулсан баялгийг ард түмний сайн сайхны төлөө зарцуулахаа амлаж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Назарбаевыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний суудлаас огцруулж, бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байлаа.
1991 оноос хойш тасралтгүй Казахстаны ерөнхийлөгчөөр ажилласан Назарбаев 2019 онд уг албан тушаалд шилжиж, залгамжлагчаараа Токаевыг сонгож байжээ.
Нурсултан Назарбаев өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш олны нүдэнд ил гараагүй байгаа. 81 настай түүнийг эх орноосоо дүрвэсэн, өвдсөн зэрэг цуурхал яригдаж байгаа.
Хэвлэлийн төлөөлөгч нь саяхан Назарбаевыг нийслэл Нурсултан хотод эсэн мэнд байгааг мэдээлсэн юм.
Эх сурвалж: Reuters, Radio Free Europe