Дээрээ шударга зарчим алдагдвал доороо хэрүүл тэмцэл ихсэнэ!
НийгэмМонгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг өнгөрөгч Ням гаригт зохион байгуулахаар товлосон ч бөхчүүд нь өөр хоорондоо хэрүүл тэмцэл, нус нулимс болцгоов. Допингийн асуудалд нэр холбогдсон даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нарт шударга шийдвэр оноосонгүй гэж үзсэн зарим бөхчүүд “бойкот” зарласан тул МҮБХ-ноос уг барилдааныг цуцлахад хүрэв. Бөхчүүдийн хэрүүл, талцал ингээд дуусахгүй нь нэн тодорхой байна. Цаашлаад цагаан сарын барилдааныг МҮБХ зохион байгуулж чадах эсэх нь ч эргэлзээтэй болов. Авчиг асуудлын шалтгаан нь Н.Батсуурь, Э.Оюунболд, О.Хангай нарын аль нь ч биш.
Товчхондоо, 2019 оны баяр наадмаар түрүүлж, улсын аварга болсон Э.Оюунболдоос дөрвөн төрлийн допинг илэрч, Баяр наадмын комиссоос үүнийг баталгаажуулан зарлах үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж аварга цолыг нь хураачихсан бол асуудал ийм дээрээ тулахгүй байлаа. Н.Батсуурийн хувьд оноосон шийтгэлээ эдэлсэн. Тиймээс түүнийг буруутгах аргагүй. Н.Батсуурийг барилдах эрхийг 11 сараар хассан нь Н.Батсуурийн асуудал биш Баяр наадмын комиссын буруу болно.
Баталсан хуулиа хоёр стандартаар хэрэгжүүлдэг манай төрийн бодлого шийдвэрийн алдаа. Улстөрчдийн хошуу, хуруу хүрсэн болгон дампуурдгийн бас нэгэн жишээ.
Олон нийтийн зүгээс эсэргүүцэл, шүүмжлэл дагуулаад байгаа "Богд Зонхова" төслөө хамгаалж, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байнгын хорооны хуралдаан дээр “Богд Зонхова" төсөл долоон жилийн дотор өртгөө нөхөнө гэсэн бизнес төлөвлөгөөтэй юм билээ. Өвчин зовлон арилсны дараа жуулчид манайд ирнэ. Ганданд 300 мянган жуулчин очдог гэсэн судалгаа байгаа. Өртөг зардлаа буцаагаад олох бүтээн байгуулалтад яагаад хөрөнгө оруулалт оруулж болохгүй гэж. Ашигтай хөрөнгө оруулалтад төсвийн мөнгийг зарцуулах ёстой” гэжээ. Үнэндээ Монголд хөшөө дурсгал ихэдсэн үү гэхээс цөөдөөгүй. Тэгээд ч хэрэвзээ, бурханы хөшөө барьдаг юм гэхнээ түүнийг нь татвар төлөгчид, баялаг бүтээгчдийн мөнгөөр барих зохисгүй үйлдэл. Үнэхээр долоон жилийн дотор өртөг, зардлаа нөхөөд олчих ашигтай төсөл мөн бол түүнийг нь яагаад төр хийх хэрэггүй. Хувийн хэвшлийнхнээр, “Жим групп”-ээрээ “Богд Зонхова” төслөө төслөө хэрэгжүүлээд ашгаа олоод явах нь эдийн засгийн хувьд эрүүл үзэгдэл, иргэдийн зүгээс ч шүүмжлэх шаардлагагүй юм.
Тэгээд ч Ц.Цэрэнпунцагийн үндсэн үүрэг нь хууль тогтоох болохоос хөшөө барих биш. Хөшөө барих гэж улайрах тусам түүний ард ямар ашиг сонирхол, авлига нуугдаж буйг харин хянаж, шалгах учиртай.
Өнгөрсөн долоо хоногт УИХ “Х-ТҮЦ”-ийн продюсер Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Олон нийтийн сүлжээнд мөн л талцал, хагарал авчрав. МҮОНРТ бол татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн хураамжаар санхүүждэг олон нийтийн статустай байгууллага. Харамсалтай нь, тэнд улстөрчдийн утсан хүүхэлдэйнүүд очдог бичигдээгүй хууль хэдийнээ тогтсон. Арилжааны телевизүүд хэнийг дарга, цэргэ болгох нь тэдний асуудал. Н.Онон мундаг продюсер байж болох ч иргэд түүнээс шударга зарчим нэхсэн.
Аав хүү хоёр нэг кабинетад ажиллах нь ашиг сонирхлын зөрчил мөн. Атал манайд байдаг л зүйл болсон. “Эцэг нь хүүдээ туслаад Эрдэнэт руу яриад өгчихсөн юм аа” гээд хүүгийнхээ шахааг хээв нэг дэмжээд, хууль бус үйлдэл гаргаснаа сайрхаад сууж буйгаа шударга, эх оронч хүн ойлгочихсон, ойлгуулчихсан. Хууль нь ялгаваргүй, тэгш үйлчилдэг улсад Ц.Нямдорж хэдийнэ огцорчихсон байх ёстой.
Төрийн банкийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт хийхээр товлосон шүүгдэгч өвдсөн тул 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Уг шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болох ёстой байсан ч Г.Алтангийн биеийн байдал муудсан тул мөн л хойшлуулсан. Энэ хэрэг 2013 оноос хойг есөн жил шүүхийн маргаантай байгаа. Хэрэвзээ, Г.Алтангаас өөр хүн байсан бол хэдийнэ шорон суух байлаа.
Энэ мэтээр дээрээ шударга зарчим алдагдах тусам доороо хэрүүл тэмцэл ихэсдэг. Иргэд үнэндээ засаглалын тогтвортой байдлыг хүсдэг, Засгийн газраас шударга ёсыг хүлээдэг. Тэгээд ч МАН өөрөө ядарснаа хамгаалж, задарснаа засаглана гэж амалсан. Шударга ёсыг тогтоож, хүчээ нэгтгээд хөгжинө гэсэн шүү дээ.