"Юу ч хийхгүйгээр" өөрийгөө түрээсэлдэг ЯПОН ЗАЛУУ мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-01-17 14:44:37

38 настай Шожи Моримото гэх япон залууд гэр бүл, эргэн тойрны хүмүүс нь "Юу ч хийхгүй байсан ч дэргэд нь тухтай байдаг хүн" гэж удаа дараа хэлж байжээ. Тиймээс коллежид суралцан, янз бүрийн ажил хийн, ажиллахаас урам хугарч эхэлсэн Шожи өөртөө тохирох өвөрмөц ажлын санаа олсон нь "Юу ч хийхгүйгээр хамт байх" түрээсийн үйлчилгээ гэнэ. Тэр 2018 онд "Юу ч хийлгүй хамт байх залуу" гэх нэртэй твиттер хаягнээн, хүмүүсийг зохих төлбөр төлөн өөрийг нь түрээслэхийг санал болгосон нь өнөөдөр мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ.


Шожи энэ тухайгаа BBC-д өгсөн ярилцлагадаа "Би үнэхээр юу ч хийдэггүй. Яриа эхлүүлэхгүй, онц гойд юм хийж өгөхгүй. Харин асуусан асуултад нь цөөн үгээр хариулдаг. Тэгээд л болоо" гэжээ. 

Шожи 3 жилийн дотор 3000 гаруй хүнтэй уулзан, өөрийгөө "түрээсэлсэн" бөгөөд мянга мянган захиалга ирэх болсон тул тэр цагийн хуваарь гарган, өдөрт дээд тал нь 3 уулзалт байхаар төлөвлөх болжээ. 


Тэр захиалагчийнхаа дэргэд нь зүгээр л сууж, "хань болж", хийж буй зүйлд нь тусалж, галт тэрэгний буудал дээр үдэн өгч, тосон авч, хамтдаа сүнстэй байшинд орж, гэрийнхэнтэй нь танилцаж, бүр ганцаардсан төрсөн өдрийн эзний бялуун дээрх лааг нь үлээлцэж байсан гэнэ. 


"Хүмүүс надад өөр өөр зорилгоор ханддаг. Зарим нь ганцаардсан, зарим нь хаа нэг тийшээ ганцаараа очихоос айсандаа ч юм уу түлхүү ханддаг. Би тэдний найз, хамтрагч нь биш зүгээр л ганцаардлыг нь нөхөж хэн нэгэн байхыг хичээдэг" гэж тэр хэлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Шожи гучаад насны нэгэн эмэгтэйтэй уулзсан бөгөөд ганцаараа явж харагдахаас ичсэндээ түүнийг дуудсанаа илэрхийлжээ. Тэд чимээгүй, юу ч ярилгүй суугаад аяга кофе л ууцгаагаад салжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ