Арабын орнуудын эвсэл Йемений нийслэлд цохилт өгч эхэлснээ мэдэгдэв
ДэлхийКАИР. /RIA Novosti/. Шиит шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөн Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нутаг дэвсгэрт цохилт өгсний хариуд Йемений нийслэл хотыг бөмбөгдөж эхэлснээ Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл даваа гаргийн орой мэдэгджээ.
АНЭУ-ын телевизийн “Sky News Arabia” суваг эвслийн мэдэгдлээс эш татан мэдээлснээр, агаарын цохилтыг "аюул занал, цэргийн зайлшгүй шаардлагын хариу арга хэмжээ" гэж тодорхойлжээ. Түүнчлэн "энэ бөмбөгдөлт нь террористуудын удирдагчдыг” чиглэсэн гэдгийг тэмдэглэсэн байна.
“Эвслийн агаарын цэргийн хүчин Сана хотын тэнгэрт 24 цагийн ажиллагаа явуулж байна. Бид энгийн иргэдийг аюулгүй байдлынхаа үүднээс хуситуудын цэргийн хуарангууд, цуглардаг газруудаас хол байхыг уриалж байна" гэж Арабын орнуудын эвсэл мэдэгдэлдээ дурджээ.
Мэдэгдэлд дурдсанаар, сөнөөгч бөмбөгдөгч F-15 онгоцоор АНЭУ-д цохилт өгөхөд ашиглаж байсан баллистик пуужин харвагч хоёр төхөөрөмжийг устгасан байна.
Эвслийн өгсөн цохилтын улмаас эхний мэдээллээр дөрвөн хүн амиа алдаж, таван хүн шархадсан гэж “Ансар Алла” хөдөлгөөний хяналтад байдаг “Аль-Масира” суваг мэдээлжээ.
Даваа гарагт АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод цуврал дэлбэрэлт болсон бөгөөд шалтгаан нь тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, дроны халдлага байсан байна. Тодруулбал, АНЭУ-ын газрын тосны Үндэсний компанийн агуулах орчимд гурван түлшний сав дэлбэрсэн бол өөр нэг дэлбэрэлт Абу-Дабигийн нисэх онгоцны буудлын шинэ барилгуудын бүсэд багахан хэмжээний гал гарахад хүргэсэн байна. Үүний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь Пакистаны иргэн, хоёр нь Энэтхэгийн иргэд байсан бөгөөд зургаан хүн гэмтэж шархаджээ.
Йемений хойд нутгийг хяналтдаа авсан шиитүүдийн “Ансар Алла” (хуситууд) хөдөлгөөн мина суурилуулсан дронуудаар Абу-Даби болон Дубайн нисэх онгоцны буудалд цохилт өгсөн гэж мэдэгдээд, АНЭУ-ын стратегийн чухал байгууламжуудад дахин цохилт өгнө гэж сүрдүүлсэн байна. Хуситуудын батлан хамгаалах яамны төлөөлөгч Яхья аль-Сариагийн мэдэгдсэнээр, уг ажиллагаанд таван баллистик пуужин, олон тооны дрон ашигласан байна.
Йеменд Засгийн газрын цэргүүд болон хуситуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Саудын Араб, АНЭУ тэргүүтэй Арабын орнуудын цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар сараас хойш Йемений Засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлжээ. АНЭУ өмнө нь Йемен дэх цэргийн ажиллагаанд оролцохоо зогсоож байгаагаа мэдэгдсэн ч тус улсын боомтуудад байгуулсан цэргийн баазууддаа цэргээ орхисон байна. Сүүлийн хэдэн долоо хоногт АНЭУ Йемений хэд хэдэн мужид хуситуудын эсрэг тулалдаанд оролцсон бөгөөд Шебва мужийн зүүн өмнөд газар нутгийг Засгийн газрын хяналтад эргүүлэн авчээ.