Назарбаев: Би бүрэн эрхээ шилжүүлсэн тэтгэврийн хүн, гавьяаныхаа амралтыг эдэлж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-19 00:54:42

Казахстанд энэ сарын эхээр эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал гаарч, улс орон үймэж байх үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч, Казахстаны елбасы Нурсултан Назарбаев олны өмнө гаралгүй ихээхэн удсан юм. Түүнийг үймээн эхэлсэн даруйд охидын хамт эх орноо орхисон, Орос руу эмчилгээнд явсан, одоо Арабын Нэгдсэн Эмират улсад байгаа гэх зэрэг төрөл бүрийн мэдээлэл гарсан ч аль нь ч батлагдаагүй. Саяхныг хүртэл гагцхүү хэвлэлийн албаараа дамжуулан харилцаж байсан Назарбаев үймээн болсноос хойш анх удаа ард түмэндээ хандан мэдэгдэл хийжээ. 

 "Хүндэт казахстанчууд аа! Хүндэт эх орон нэгтнүүд ээ! Нэгдүгээр сарын үйл явдлууд Казахстаныг бүхэлд нь доргиолоо. Эдгээр зохион байгуулалттай эмх замбараагүй байдал, Казахстан руу дайрсан явдлын зорилго нь улс орны бүрэн бүтэн байдал, төрт улсын зарчмыг алдагдуулах явдал байв. Тусгаар тогтнолыг нүдний цөцгий, нэн ариг гамтай хандах ёстой хэврэг зүйлийг хамгаалж байгаа мэт хайрлан хамгаалах ёстой гэдгийг эдгээр үйл явдлууд харууллаа" хэмээн Назарбаев мэдэгджээ. 

Казахстанд болж өнгөрсөн эмгэнэлт явдал нь хүн бүрт сургамж болсон гэж тэрбээр онцолсон байна.

 "Энэхүү халдлага, аллагыг хэн зохион байгуулсныг тогтоох ёстой. Мөрдөн байцаах байгууллага энэ асуултын хариуг өгнө" хэмээн Назарбаев цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн тэрбээр үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүсийг түргэн эдгэрэхийг ерөөсөн байна.

 "Надад хандсан олон асуулт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлд хариу болгон мэдэгдэхэд би 2019 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ Касым-Жомарт Токаевт шилжүүлсэн, тэр үеэс хойш тэтгэврийн хүн болсон. Одоо гавьяаныхаа амралтыг эдлээд Казахстаны нийслэлд байна, хаашаа ч яваагүй" хэмээн Нурсултан Назарбаев мэдэгджээ.

Түүнчлэн Касым-Жомарт Токаев бүрэн эрх мэдлийг гартаа авсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болсон тэрбээр тун удахгүй Нур-Отан намын даргаар сонгогдоно гэж Назарбаев мэдэгджээ. 

 "Улс төрийн элитийн хүрээлэлд ямар ч сөргөлдөөн гараагүй. Энэ талаарх гарсан мэдээлэл болгон худал цуу яриа" хэмээн Назаербаев мэдэгдсэн байна.

Казахстаны эмх замбараагүй байдал

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцдаж, жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаан, дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

Эмх замбараагүй байдал газар авч, 200 орчим хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Төрийн байгууллагуудыг эзэлсэн хүмүүс нь алан хядагчдын бүлэг гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдээд эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрэмчид хилийн чанадад сайтар бэлтгэл хангагдаад ирсэн хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

Нэгэнт л Казахстаны эрх баригчид эсэргүүцэгчид дунд нь алан хядагчид байна гэсэн байр суурин дээр бат зогссон тул цагдаагийнхан зэвсэгтэй хүмүүст анхааруулга өгч, зэвсгээ хаяхгүй бол буудна гэж анхааруулж байсан бол нэгдүгээр сарын долооны өдөр Токаев "алан хядагчдыг анхааруулга өгөлгүй шууд бууд" гэсэн тушаал өгч байлаа. Түүнчлэн Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Казахстаныг зорьсон. Улмаар  байдал тогтворжсон тул нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарсан юм. 

Холбоотой мэдээ