Р.Эмүжин:Манай яруу алдарт, ялгуусан хөгжилт Засгийн газар яг мэдэхгүй байж харагдаач…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-19 02:13:11

Утаа ихэсчихлээ гээд улсаараа л шуугиж байна. Буруутан хайгаад буулгаж тавьцгаав уу? За тэгье ээ, утааныхаа араас гүйгээд байвал харин шинэ сэргэлтийн зам дээр гараад яг хурдлах гэж байгаа ард түмнийхээ ядуурал, хоцрогдол, боловсролгүйдэл, ажилгүйдэлтэй улаан нүүрээрээ тулна шүү дээ. Толгой чанах гээд ороолтоо түлж байгаа залуу баригдчихсан уу? Тэр юу ч биш, хагархай тоосго, дугуйг машины хуучин тосонд хонуулж байгаад зуухандаа хийчихвэл шөнөө даадаг гээд яриа өгөх хүн яах аргагүй л гараад ирнэ. Гайхаад байх юм биш, арав гаруй жилийн өмнө тийм л байсан, бүүр дордсон. Одоо тэгээд амьдрах гээд алаан болж, орондоо осгож үхэхгүйн тулд ороолт байтугайгаа түлж шатааж байгаа иргэдээ талбай дээр жагсааж байгаад зодох уу? Утаа ихэссэний гол шалтгааныг Уртнасан гаргалгаа, баримттай сайн тайлбарласан. Мушгиад байх ч сэдэв биш. Жилээс жилд нийслэлд шилжин ирэгсдийн тоо 40-70 мянга байдаг. Их, дээд сургуулиудын хэт төвлөрөл үүнд нөлөөлж байгаа. Сү.Батболдын үед их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэн, оюутны хотхон барина л гэсэн, нөгөө метро шиг мартагдсан уу? Хүрэлсүхийн үед нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөө дэх цус ойртолтыг задлах, боловсролыг иргэддээ ойртуулах зорилгоор их дээд сургуулиудаа Эрдэнэт Дархан гээд чиглэл зүгээр нь аймаг бараадуулан нүүлгэнэ гэсэн, алдарт агаарын тээвэр шиг хаягдсан уу?

Хөдөөд зах зээл тэлэх, эдийн засаг тогтнох том боломжтой хувилбар шүү дээ. Шахмал түлшний үйлдвэрийн захирал Ганбаатар гээд нөхөр байгаа. “Би түлштэй зууралдана гэж бодсон чинь үнэн хэрэгтээ хүүхдүүдтэй нүүр тулсан” гэж ярьж байсан даа. Үйлдвэрлэсэн түлшээ савлах, түгээн борлуулах ажилд цалин аваад ажиллаж байгаа олонх айл өрхүүдийн гол ажлыг 9-15 насны хүүхдүүд нь нугалдаг, аав ээж нь ар.хидаад уначихсан байдаг гээд тэр Ганбаатарын доторхыг нээвэл долоон уулын цаагуур ормоор юм ярина. Энэ мэтийн эрээвэр хураавар учир шалтгаануудаа ойлгож, Засгийн газар асуудлынхаа язгуурыг олж шийдэхийн оронд ард түмэнтэйгээ хамт хохирлоо гээд арай л жүжигчиндээд гүйчихсэн үү? Утаагүй шахмал түлшний орц, найрлаганд байдаг барьцалдуулагчийг гаднаас оруулж ирдэг. Хоёрхон чингэлэг ачаа оруулчихаад хоолой сааралтуулан баярт мэдээ түгээж байсан манай яруу алдарт, ялгуусан хөгжилт Засгийн газар одоо л мэдэхгүй болчихсон уу?

Монгол руу ачигдаж байгаа чингэлэгүүд яагаад Хөх хотоос код, Эрээнээс зөвшөөрөл энэ тэр аваад байдгийг тайлбарлаад өгвөл барьцалдуулагч хаана гацсаныг ойлгоотохмоор байна. Хоёр хүн барьж идээд, шүдээ чигчлээд асуудлынхаа ард гарчихдаг бол хамаа алга, наад хоёрыг чинь ням ням залгиатхая. Угаасаа энэ мэтийн олон олон язгуур асуудлуудаа шийдэхгүй бол утаа цаашдаа бүр нэмэгдэнэ дээ. Шахмал түлш хаяанд нь буулгаж өгөөд байхад пийшин хагархай, яндан цуурхай, зуухны таг эвдэрхий, солих гэхээр мөнгөгүй, засах гэхээр орлогогүй гээд сууж байгаа олон олон өрх өнөөдрийн Монгол шүү. Уртнасангийн зөв, дронуудаа хөөргө, утаагаа мөшгөөд уг үндсийг нь бариад ав, сэтгүүлч сурвалжлагчдаа илгээ, үнэн байдлаа, үгүйрлээ, ажилгүйдлээ, арчаагүйтлээ олж хар. Хаанаас утаа гараад байгааг хайгаад айлд ортол ядуурал гээд яг л хариу нь тодорч байна шүү дээ. Тэгээд Оюун-Эрдэнэ гуай нөгөө шинэ сэргэлтийн бодлого, алсын хараа 2050 энэ тэрээ эргэж харна биз, түрүү, түрүүчийн Ерөнхий сайдуудынхаа эхэлснийг нэн түрүүнд хэрэгжүүл, эсвэл сансрын төлөвлөгөө, гариг хоорондын мөрөөдлүүдээ халааслаад Харвард руугаа буц даа!


Холбоотой мэдээ