Жо Байден: ОХУ-ын цэрэг Украины хилээр нэвтрэх л юм бол довтолсонд тооцно

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-21 16:58:25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын цэрэг  Украины хилээр нэвтрэх л юм бол довтолсонд тооцно гэжээ. Тэрээр Украины газар нутаг руу ОХУ-ын цэрэг хөл тавьсан даруйд хатуу хориг арга хэмжээ авах бөгөөд энэ нь ОХУ-ын эдийн засагт асар их хохирол дагуулах болно гэж анхааруулсан байна. 

Тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойгоор хоёр цаг үргэлжилсэн хэвлэлийн хурал хийхдээ ийнхүү ярьжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки "Оросын цэрэг Украины хилээр нэвтрэх юм л бол дайрсан гэж үзэж, Америкийн нэгдсэн улсын болон манай холбоотнуудын зүгээс хатуу хариу өгөх болно" гэж мэдэгджээ. 

Украины хилийн орчимд Оросын 100 мянга орчим  цэрэг байрлаад байна гэж Вашингтон мэдээлсэн. Харин Москва Украин руу довтлохгүй гэж нэг бус удаа мэдэгдэв. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков "Бид түрэмгийлсэн алхам хийх ямар ч төлөвлөгөөгүй байна" гэжээ. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Томоохон гүрнүүдэд хандаж хэлэхэд жижиг довтолгоо, жижиг үндэстэн гэж байхгүйтэй адил хагацал үзсэн хүмүүсийн хувьд багахан зовлон, үл ялиг хохирол гэж байдаггүй. Би аугаа төр засгийн Ерөнхийлөгчийн хувьд хэлж байна" гэв. 

АНУ-ын Төрийн департамент Литва, Латви, Эстони улсад Америкт үйлдвэрлэсэн пуужин болон бусад зэвсгийг Украин руу илгээхийг зөвшөөрсөн тухай Ройтерс мэдээлжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков"Украин руу зэвсэг нийлүүлж, НАТО-гийн болон барууны улс орнуудын нисэх хүчин тийшээ чиглэн нисэж байгааг бид харж байна. Энэ бүхэн Украины нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" гэж хэлжээ. 

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ