Л.Оюун-Эрдэнэ: Намайг өрөөндөө ажилгүй суугаад байдаг гэж бодох хэрэггүй
Улс ТөрУИХ-ын гишүүн Х.Булгантуяа
“Сүүлийн 2 өвөл Монголчууд бидний уушгинд үнэхээр хэцүү хоёр өвөл боллоо. Ковид эхнээсээ тусаагүй хүн бараг үлдээгүй байх. Зарим нь бараг хоёрдохоо, гурав дахиа тусч байна. Сүүлийн үед хүүхдүүд маш их тусч байх шиг байна. Дээрээс нь агаарт гар гэхээр ийм утаагаар амьсгалах гэхээр бараг агаарт ч гараад дэмий юм шиг байна.
Уг нь бид Байгаль орчны яамыг төсөв санхүүгээр их дэмжээд байгаа юм. 2018 онтой харьцуулвал зөвхөн урсгал зардал нь гэхэд 2022 онд бараг 2 дахин нэмэгдсэн. Шинээр шаардлагатай гэсэн агентлаг болгоныг нь байгуулж өгч байгаа. Усны газар, ойн судалгаа хөгжлийн агентлаг гээд төсөв санхүү шаардлагатай бүхий л зүйлийг нь тавьж өгөөд л агаарын бохирдолтой тэмцье, байгаль орчноо ч хамгаалая гээд.
Уг нь би бодохдоо агаарын бохирдлоо нэлээн бууруулчихсан юм чинь хөрсний бохирдлоо л гээд дараа дараагийн асуудлуудтайгаа тэмцэх юм болов уу гэтэл одоо буцаад ухралт хийгээд агааарын бохирдлын асуудал руу орж байна л даа. Байгаль орчны сайдын харъяанд 101 орчим харъяа байгууллага байдаг юм билээ.
Баахан сав газрын агентлагуудаас эхлээд байгаль орчны нөхөн сэргээлтийн сургалтын төвүүдээс эхлээд. Тэгэхээр танаас ерөөсөө нэн түрүүнд хүсэх зүйл бол агаарын бохирдлын асуудал. Би өөрөө дэд сайд байхдаа орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүнээр ажилладаг байсан.
Хамгийн анх Хүрэлсүх дарга өөрөө ерөнхий сайд байхдаа энэ хороог ахалдаг байсан юм. Тэгээд би Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдыг энэ өвлийг даван туултал өөрөө энэ хороог ахлаач ээ гэж хичээнгүйлэн хүсч байна. Ингэж энэ бүх ажлуудын уялдаа холбоог хангаж өгөхгүй бол үнэнийг хэлэхэд баахан хүмүүс ахиад солигдох юм шиг байна.
Тэгээд ахиад 3 сар хүртэл нэлээн зай байна. Хүрэлсүх дарга ханцуйгаа хойш нь шууж байгаад л энийг хэн хариуцах юм үүний төсөв нь хаа байгаан, энэ яагаад болоогүй байгаан гээд явдаг байсан. Дараа нь Байгаль орчны сайд Цэрэнбат сайд ахалдаг байсан. Тэгэхэд ч гэсэн байнга хуралдуулдаг, ажлын уялдаа холбоог өөрөө шалгадаг байсан. Үүнтэй адилхан ерөнхий сайдаа энэ дээр та өөрөр энэ хороог ахлаач ээ. Тэгж байж богино хугацаанд үр дүн гарна гэж бодож байна.
УИХ дээр бол бид таны ажлыг Байгаль орчны сайдыг 100 хувь дэмжихэд бэлэн. Манай энд агаарын бохирдлын дэд хороо байна, цөлжилтийн эсрэг лобби бүлэг байна. Тогтохсүрэн ахалж байгаа. Байгаль хамгаалах бүлгэм байна. Цэрэнпунцаг гишүүний ахлаж байгаа. Тогтвортой хөгжлийн дэд хороо байна. Би үүнийг нь ахалж байгаа. Бид байгаль орчинтой холбоотой ажил болгоныг дэмжихэд бэлэн.
Гол нь санал санаачлага олигтой гарч өгдөггүй, ярихаараа л бүтэц санхүү төсөв хэрэгтэй гээд л буцаж орж ирж төсөв санхүүгийнхээ тайланг тавьдаггүй. Ажлын уялдаа холбоо муу байгаад байгаагаас л энэ өвөл бид нар цэнхэр тэнгэрээ буцаад харахаа ч байлаа. Ковидоор ч өвдөөд л утаагаар амьсгалсаар байгаад л үнэндээ 2 өвлийн дараа уушиг үнэхээр жижиг томгүй өвчлөлтэй болоод дуусах юм шиг байна.
Таны ажлыг дэмжиж байгаа шүү. Маш их итгэл найдвар тавьж байгаа. Ерөнхий сайд тийм ч болохоор багаар нь хариуцлага тооцоод багаар нь хариуцлагатай хүмүүс тавьж байгаа гэж ойлгож байгаа” гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин хариулт өгчээ.
“Улс төржихдөө хэмжээ хязгаартай улс төржих нь зүйтэй болов уу гэж бас бодож байна. Мэдээж улс төржилт байлаа гээд өнгөрсөн 30 жил тэгээд яасан юм? Өмнө нь утаа байсан. Одоо бид шийдлээ л ярих хэрэгтэй. Хүрэлсүхийн ЗГ бол шийдэл хийсэн нь үнэн. Шийдэл дээр технологийн горим болон алдаанууд гарсан гэж үзсэн учраас өнөөдөр хариуцлага тооцох энэ асуудлыг шийдээд явж байна.
Цаашид шат шатандаа л бид энэ асуудлыг шийдээд явах ёстой. Ерөнхий сайдын хувьд бүх л асуудлууд руу гүнзгий орж байгаа. Булгантуяа гишүүн та санаа зовоод хэрэггүй. Намайг ажил хийхгүй өрөөндөө суугаад байдаг хүн гэж та нэг их бодоод хэрэггүй байх. Бүх зүйл рүү орохыг хичээж байгаа.
Гэхдээ тогтолцоо цаашаа явах ёстой. Сайд сайдын түвшинд асуудлууд шийдэгддэг, газрын даргын түвшинд асуудлууд шийдэгддэг байж Монгол улс цаашаа явна. Тэрнээс нэг хүн дээр тогтдог кабинет байж болохгүй. Тиймээс энэ бүх зүйлийг улс төр хийхээс илүү тогтолцооных нь хувьд харж явбал илүү чухал болов уу гэж бодож байна” гэсэн юм.