Шашин хэрхэн үүсдэг вэ буюу орчин үеийн шинэ шашнууд, хүмүүсийн хандлага Шашин гэж яг юу юм бэ
НийгэмОрчин үеийн хүмүүс шашныг сохроор, мунхагаар шүтэн дагахаа больж, шашны сургаалиудаас амьдралд хэрэгтэй, ашигтайг нь дагаж мөрдөхийг хичээх болжээ.
Шашин хэрхэн үүсдэг вэ буюу орчин үеийн шинэ шашнууд, хүмүүсийн хандлага
Шашин гэж яг юу юм бэ
Энэ асуултад нэг мөр хариу өгөх бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт үгүй.
Хүн төрөлхтөн үүсэл гарлаа нэг хэсэг шашнаас хайж, тэнгэрлэг, дээд, бүхний эх үндсийг тавигч байдагт итгэдэг байв.
Тэр үеийн хүмүүсийн хувьд шашин бол бурханлаг дээд зүйл байсан.
Гэхдээ одоо цаг үеэ дагаад шашныг үзэх үзэл олон янз болж байна.
Өөрөөр хэлбэл, хүмүүс шашинд бурханлаг дээд зүйл гэдэг утгаар хандахаа больж, илүү бодитой тайлбар хүсэх болжээ.
Эдгээр талбар дунд шашингүйн үзэлтнүүдэд түгээмэл байдаг.
“Шашныг дэлхийг захирахыг хүссэн хүмүүс бодож олсон, эс бөгөөс дундаас нь орж ирээд хүмүүсийг хянахад ашиглах болсон” гэдэг тайлбар жин дарна.
Яагаад энэ талаар онцлов гэхээр, нийтлэлийн үндсэн сэдэв болох орчин үед бий болж буй хачирхалтай шашин, шашны урсгалууд нь энэ санааг баталсан шинжтэйд байгаа юм.
Орчин үед шашныг үзэх үзэлд дараах нийтлэг шинжүүд байна.
Нэгд
“Шашныг бурхан сонгогдсон нэгнээр дамжуулан хүн төрөлхтөнд хүргэдэг” гэх ойлголт эрчээ алдаж, “Шашныг хүн, тодорхой зорилготойгоор /мөнгө, эрх мэдэл/ бий болгосон” гэх ойлголт хүчээ авч байна.
Хоёрдугаарт
Голлох гурван шашны сургаалиудыг “анхны хувилбар” хийгээд сүүлд хүн төрөлхтнийг хянах зорилготойгоор “Нэмж засварласан” хэмээн ялгаж салгахыг хичээх болов.
Христ боломжийнхоо хэрээр бусдад туслахыг сургасан байтал яагаад орчин үеийн сүмүүд сүсэгтнүүдийнхээ орлогын 10 хувийг авдаг юм бэ“
Гаутама Будда “Амьтны амь хороох нь хамгийн дээд нүгэл” гэж сургасан байтал яагаад Шамбалын дайн хийхийг зөвшөөрсөн байдаг юм бэ”.
Энэ бүх зүй ёсны асуултууд яван явсаар “Шашныг дэлхийг захирахыг хүссэн хүмүүс бодож олсон, эс бөгөөс дундаас нь орж ирээд хүмүүсийг хянахад ашиглах болсон” гэдэг гаргалгаанд тулж очсон хэрэг.
Шашинд хандах хандлага өөрчлөгдөж байна.
Орчин үед шашинд хандах хандлага, үзэх үзэл энгийн болж өөрчлөгдөж байна.
Жишээ нь:
Буддын шашныг үндэслэгч Сиддхарта буюу Гаутама Будда.
Христийн шашныг үндэслэгч Есүс Христ.
Лалын шашныг үндэслэгч зөнч мэргэн Мухамед нар бол хүмүүс.
Гүн ухаантнууд, тухайн цаг үеийнхээ цуутай сэтгэгчид байсан.
Эдгээр хүмүүс амьдралын утга учир шалтгааныг өөр, өөрсдийнхөөрөө бясалгаж, тодорхой номлолыг боловсруулсан.
Түүнийг нь хүмүүс хүлээн зөвшөөрч, даган биширсэн.
Гагцхүү дундаас нь төрийн эрх ашиг орж ирснээр шашин нь хүмүүсийг хянах хэрэгсэл болж хувирсан гэх мэт.
Өдгөө дэлхийн тэргүүлэх гурван шашинд тооцогдож буй Лал, Будда, Христийн шашны дэлхий нийтэд өргөн дэлгэрсэн түүхийг шиншилж гэмээ нь сургаалийн чин үнэн, итгэж бишрүүлэх чадвар гэхээсээ илүүтэй цус, нулимс илүү үнэртдэг гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Христийн шашинтнууд “Загалмайтны аян дайн” гэж түүхэнд үлдсэн цуст яргаллаар шашнаа Европ дахинд түгээсэн. Тэд хот, тосгодоос христийн шашинд орохыг шаардаж, зөвшөөрөөгүйг нь хүйс тэмтрэн устгаж байсан.
Үндсэн зорилго нь :
Йерусалимыг лалын шашинтнуудаас буцаан авах явдал байсан гэх ч цаана нь бусад жижиг шашнуудыг нухчин дарах, шашныг нухчин дарах нэрийн дор улс, төр эдийн засгийн хонжоо гаргах явдал байсан юм.
Лалын шашны хувьд мөн ажилд, Загалмайтны тавдугаар аян дайны үед Сельжүкийн хаант улс Загалмайтнуудтай холбоотон болж шашны бусад урсгалуудыг нухчин дарж байсан.
Буддын шашинд ч ийм жишээ олон бий.
Амьтны амь хороохыг дээд нүгэлд тооцдог Буддын шашинд хэрвээ буруу номтнуудын аюул занал бодитой бол Шамбалын дайн хийхийг зөвшөөрсөн байдаг нь шашныг захирсан тэрхүү эрх мэдэлтнүүдийн хүсэл зоригоос бий болсон сургааль гэдэг нь илэрхий.
Товчхондоо, орчин үеийн хүмүүс шашныг сохроор мөрдөн дагаа больж, сургаалиудаас амьдралд хэрэгтэй, ашигтайг нь дагаж мөрдөхийг хичээх болжээ.
Шашин хэрхэн үүсдэг вэ?
“Шашныг хүн үүсгэсэн, түүгээр дамжуулж бусдыг хянаж болдог” гэдэг үзэл газар авсны шинж бол дэлхий дээр харьцангуй хожим үүсч бий болсон шашны олон урсгалууд юм.
Тэдгээрийг тоолохын аргагүй гэдгийг эхлээд хэлье.
Хэлбэрийн хувьд, нисдэг гоймон мангас, ирээдүйд болох элдэв янзын аймшигт үзэгдлүүдэд бэлтгэх нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах зорилготой нь байхад амжилтад хүрсэн, үлгэр жишээ хүнийг шүтээнээ болгож амьдралаа өөрчлөх гэсэн энгийн зорилготой нь ч байна.
Доор дурдах шашны хачирхалтай урсгалуудын талаарх мэдээллийг уншаад та магадгүй, өдгөө дэлхий дээр хүчээ авсан олон шашин ийм л замаар бий болсон байх гэж бодох болов уу.
Шашин гэдэг ойлголт “бурхан” гэхээс илүү хүн гэдэг ойлголттой илүү холбогдох болсон нь ч эндээс анзаарагдана.
Шинэ, хачирхалтай шашнууд :
Сайентологи
АНУ-ын зохиолч Рона Хаббардын 1950-иад онд үүсгэсэн шашин бөгөөд дэлхий даяар хангалттай олон /10 сая орчим/ дагагчидтай болж чаджээ.
Дагагчдынх нь дотор жүжигчин Том Круз зэрэг алдартнууд ч байдаг аж.
Р.Хаббард “Сайентологи бол шашин-гүн ухааны сургааль” гэж тодорхойлоод, дианетик эмчилгээний аргаар сүнсээ төгс төгөлдөр болгохыг дагагчдадаа уриалж, сайентологийн сүмээс зохион байгуулах олон шатлалт сургалт – эмчилгээнд хамрагдахыг санал болгодог байжээ.
Сайентологийн хамгийн анхны сүм 1955 онд Вашингтон хотод нээгдэж улмаар Дани, Канад, Шинэ Зеланд, Франц, Өмнөд Африк зэрэг орнуудад өргөн тархаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Гэвч сайентологийн үзэл номлол, үйл ажиллагааны зохион байгуулалт нь яваандаа ашгийн байгууллагын шинжтэй болж ирсэн тул Герман, Бельги, Франц, Ирланд, Их Британи болон Мексик, Израил зэрэг улсад үйл ажиллагааг нь хязгаарлах болжээ.
Ачаа буюу Карго шүтлэг:
Карго шүтлэг нь өнгөрсөн зууны эхээр Меланези арлын улсуудын уугуул иргэдийн дунд дэлгэрсэн шашин юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Японтой тулалдаж байсан холбоотны цэргүүд Меланезийн арлыг бааз болгон ашиглаж байж.
Ингэж байхдаа нутгийн уугуул аборигенчуудын үйлчилгээг авч, оронд нь хэрэгцээт зүйлсийг өгдөг байж.
Онгоцноос баглаж боосон элдэв хэрэгцээт зүйлсийг хаяхыг олонтаа ажиглан харсан аборигенчууд үүнийг бурхны бэлэг гэж тооцжээ.
Тиймээс дайн дуусч, онгоц нисэж юм өгөхөө больсныг “Бурхны хилэгнэл” гэж ойлгон дахин хишгээ хайрлахыг гуйн мөргөх болсон байна.
Тэд бурхдыг аргадах үүднээс гар дорх зүйлсээр онгоцны хэлбэр дүрс бүтээж, түүнийгээ шүтээн болгожээ.
Энэ шүтлэг одоо ч хүчтэй оршсон хэвээрээ аж.
Ханхүү Филиппийн хөдөлгөөн
Далайн арал улсын уугуул иргэдийн дунд байдаг бас нэг хаирхалтай шүтлэг нь ханхүү Филиппийн хөдөлгөөн юм.
Энэ шүтлэг цаг хугацааны хувьд карго шүтлэгтэй нэгэн цаг үед үүсчээ. Энэ шүтлэгийг дагагсад Их Британийн хатан хаан Елизавета II-ын нөхөр, Эдинбургийн ханхүү Филиппийг шүтдэг.
Энэ шүтлэгийнхний домогт өгүүлснээр бол, Бурхны хүү Филипп нэгэн удаа гүнжтэй гэрлэхээр далай гатлан явсан боловч хэзээ нэгэн цагт эргэн ирж аралд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг авчрах учиртай гэнэ.
Вануату арал Их Британийн эзэмшил байх үед туземчууд Английн ханхүү бол бурхны домогт хүү гэж шийджээ.
Ингээд алдаршуулах зан үйл бодож олж, тахил /азаар хүн биш/ хүртэл өргөх болсон байна.
1970-аад онд, хатан хааны гэр бүл тус аралд айлчилснаас хойш энэ шүтлэг улам батажсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, энэ шүтлэгийг шүтдэг овгийнхон бурхнаа өөрсдийн нүдээр харсан азтай хүмүүс ажээ.
Бурхан ч зүгээр байгаагүй.
Ханхүү Филипп арлын оршин суугчдад, өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчиддээ нэг бус удаа зургаа явуулсан нь өдгөө нутгийн сүм хийдэд шүтээн болон заларч байгаа аж.
Бурхан, шүтлэгтэн хоёрын амьд харилцаа үүгээр зогсохгүй. 2007 онд овгийн ард иргэдийн төлөөлөл Их Британид ирж, ханхүү Филиппийн ордонд зочилж байжээ.
Марадонагийн сүм:
Олон, олон аргентин хүний хувьд хөлбөмбөг бол шашин, харин хөлбөмбөгийн гарамгай суутан Диего Марадона бол шүтээн юм.
Диего Армандо Марадонаг шүтэгчид зохион байгуулалтад орж, бараг шашин гэж хэлж болохуйц оюун санааны нэгдлийг үүсгэн, өөрсдийн гэсэн сүм хийдийг хүртэл бариулаад амжжээ.
Сүмийг “Бурхны гарны сүм” гэх бөгөөд Марадонаг шүтэн бишрэгчдийн нэгдэх газар юм.
Марадонаг шүтэгчид гурван өдрийг гол баяраа гэж үзэн тэмдэглэдэг.
Эхнийх нь
Зул сар /Марадонагийн төрсөн өдөр/,
хоёр дах нь
Пасха /Д.Марадона Английн хаалганд хоёр гоол хийсэн өдөр/, Адислал /Д.Марадонагийн их хөлбөмбөгт анхны тоглолтоо хийсэн өдөр/ юм.
Марадонагийн сүмд ирсэн хүмүүс өөрсийн гэсэн залбиралтай.
Жишээ нь:
“Хэрвээ талбай дээр байгаа л бол Диего манайх.
Зүүн хөл тань магтан дуулагдах болтугай, ид шид тань ирэх болтугай.
Гоолуудыг чинь тэнгэрт, ч газарт ч дурсан санаг.
Бидэндээ өдөр бүр ид шид өгч хайрла.
Бид нэгэн цагт Неаполийн мафийг уучилсан шиг сэтгүүлчдийг уучилж хайрла.
Биднийгээ бөмбөг алдахаас сэргийлж хайрла, харин
Авеланж, Пелегээс биднийг чөлөөл. Диего” гэх мэт.
Нуваубианизм:
1970-аад онд Дуайт Йорк гэгч үндэслэсэн. Дагагчдын ихэнх нь африк гаралтай америкчууд байдаг.
Түүний номлолоор бол дэлхий, хүн төрөлхтөн нь Ангаргынхны туршилтын бааз, туршилтын хэрэглүүрүүд. Никола Тесла бол сугар гаригаас ирсэн хүн.
Эр хүйстэн гэж анх байгаагүй, туршилтын явцад бий болсон гэх ажээ.
Энэ хачин шашны урсгалыг үндэслэгч Дуайт Йорк нь 2004 онд хүчин, бага насны хүүхдийг уруу татсан, бусдыг дарамталсан, санхүүгийн луйвар хийсэн хэргээр 135 жилийн ял аван шоронд орсон ч дагагчид нь тогтвортой хэвээр байгаа юм.
Яхве үндэстэн
Яхве үндэстэн нь Халон Митчелл гэгчийн 1970-аад онд үндэслэсэн шашны бүлэг юм.
Тэрээр өөрийгөө бурхны хүү хэмээн өргөмжилж, Яхве бен Яхве гэж нэрлэсэн.
Энэ шашны номлолоор бол жинхэнэ еврей хүн хар байх ёстой бөгөөд эртний нутаг Йерусалимдаа буцаж очихыг туйлын зорилгоо болгох ёстой гэнэ.
Энэ нөхөр 1990-ээд оны үед аллагын хэргээр шоронд сууж /Нэг бус цагаар арьстан хүнээр өргөл өргөсөн нь тогтоогдсон/ 2001 онд суллагдсан ч шашны хэрэг эрхлэхийг нь хуулиар хориглосон тул бүлгэм нь уналтад орсон юм.
Харин 2007 онд үхсэнээс нь хойш бүрмөсөн үгүй болжээ.