Р.ЭМҮЖИН: Чоно борооноор, хулгайч хуйвалдаанаар

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-30 02:33:30
Р.ЭМҮЖИН: Чоно борооноор, хулгайч хуйвалдаанаар

За ингээд Г. Занданшатарын ахалсан парламент үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулж, Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа хулгайн өөрчлөлт шургуулчихдаг юм байна. З.Энхболдын ахалсан парламент 2016 оны Цагаан сарын битүүний өдөр Ноён уулыг ухах зөвшөөрлийг Сентерра гоулд компанид ганц өдрийн дотор өгч, иргэний хөдөлгөөнүүд хожуу ч гэсэн шүүхдэж тэмцсээр авч үлдсэн гашуун түүх байдаг. Үүнтэй маш төстэй хулгайг, гэхдээ бүр үндэсний аюулгүй байдлын төвшинд яригдах луйврыг Булгантуяа, Өнөрболор, Ганхуяг, Анужин нарын гишүүдийн шууд оролцоотойгоор, Занданшатарын ахалсан, МАН-ын хүч түрсэн парламент хийчихлээ. Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гаднын иргэн байнга оршин суух эрх авах нь ямар эрсдэл дагуулж байгаа талаар намаржин хэвлэл мэдээллийнхэн, иргэний хөдөлгөөнүүд, цахимд идэвхтэй байдаг иргэд, УИХ-ын зарим гишүүд шуугисан. Их ч маргаан дагуулсан. Гэтэл хуулиа татан авлаа гэж хулхидаж байгаад Цагаан сарын боовны хэрүүл, цахилгаан шатны аюулгүй байдлын дүйвээнээр батлуулчихдаг юм байна. Х.Ганхуягийн албан тоот дээр Х.Булгантуяагийн ахлан үзэглэсэн эл хуулийн өөрчлөлтийн талаар хамтран санаачилсан гэх Өнөрболор, Анужин нар нь тухайн үед өөр мэдэгдэл хийж байлаа. Ганхуяг өөрийгөө өмөөрөн клабхауст ярилцлага өрнүүлж, Булгантуяа сэтгүүлчдийг будаалганд урьж, нэр нүүрээ хамгаалсан нийтлэл постуудад мөнгө хайрлахгүй цацсан юм даг. Чухам л ардын баатар болтлоо адын их сандарч гүйсэн, савчиж харайсан. Ямар ч аргаар хамаагүй энэ хуулиа батлуулах гэж ихээхэн хүч гаргасан. Харин өнөөдөр улсаараа омикрон гээд чөлөөгүй, Цагаан сар гээд цаггүй, тэтгэврийн нэмэгдэл гээд тэнүүн сууж байхад борооноор дайрдаг чоно шиг дайраад батлуулчихжээ. Хэрэглэж байгаа арга нь хүртэл хулгайчийнх, ашиглаж байгаа цаг үе нь хүртэл луйврынх. Энэ дөрвөн гишүүнийг, нэмээд тэр мэдэн будилж, ээрч муурсан Занданшатарыг сайн харж ав. Хууль нэгэнт өөрчлөгдлөө. 150 сая төгрөгөө бариад ороод ирсэн хэн гуай ч хугацааны уртад Монголд шингэж болно. Мөнгө л хайгаад үхэх гээд байгаа шүү дээ, яруу алдарт МАН. Тэгээд улсаа зарж, түмнээ хулхидаж, аюулгүй байдлаа авсанд хийж байгаад олсон мөнгөөрөө боов авч тараана, бодлогогүй хөшөө босгоно, зээл гэж цавчина, халамж гэж хамна. За та минь, удмаа мэдэж захиасаа хэлж, үрээ мэдэж бүсээ чангалахгүй бол захиалгын хуулийн зам засагдаж, заяа ихт Монголын алс шулууджээ. 150 сая төгрөг барьсан хэн боловч үүдийг чинь тогшиж, хатавчийг чинь хуваалцаж, хоймрыг нь эзлэх эрхтэй болчихлоо, энэ хэдэн боохой маань борооноор хэл, хил, мал гуравтаа халдчихлаа даа.
Энэ хууль батлагдсанаас хойш Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэж байгууллага Үйл ажиллагаа улам идэвхижиж байна!!!

Холбоотой мэдээ