Лиз Трасс: Путиний олигархиуд манай хоригоос хаашаа ч бултаж чадахгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-01-31 03:41:13

Өнгөрсөн намраас эхлээд л Оросын цэргүүд Украинтай хил залгаа нутагт олноор төвлөрч байгаа нь Украин руу халдахаар төлөвлөж байгаагийн дохио гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарах болж, улмаар он гарсаар Барууны орнууд энэ сэдэвт нухацтай хандах болсон юм. Анхлаад "довтолж болзошгүй" гэж мэдээлж байсан бол одоо нөхцөл байдлыг "Украиныг тойрсон хямрал" хэмээн нэрлэж бичих боллоо. Үүнтэй холбоотойгоор улс орнууд дипломатуудаа нүүлгэн шилжүүлэх ажил эхлүүлсний дээр Оросын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ ч бэлдэж байна. 

Сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ Украин руу халдсан нөхцөлд авч хэрэгжүүлэх шинэ хориг арга хэмжээг Британи АНУ, ЕХ-той хамт бэлтгэж байгаа гэнэ.  Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассын мэдэгдсэнээр Кремльтэй холбоотой хөрөнгө, хүмүүст тавих хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэхийн тулд хориг арга хэмжээний тухай хуулиудаа өөрчлөхөөр зэхэж байгаа аж. 

Оросын санхүүгийн байгууллагууд, эрчим хүчний компаниуд, Оросын эрх баригчдыг дэмждэг аливаа хуулийн этгээд, хувь хүмүүс шинэ хоригт өртөж болзошгүй талаар Лиз Трасс ням гаригт ВВС агентлагт ярилцлага өгөхдөө  онцолсон байна.

 "Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу хориг арга хэмжээ хязгаарлагдмал байгаа. Бид гагцхүү Украины тогтворгүй байдалд шууд оролцсон компаниудын эсрэг л хориг арга хэмжээ тавих боломжтой. Оросын эрх баригчдыг дэмждэг Путиний олигархиуд болон компаниуд хаашаа ч зугтах аргагүй болгохын тулд Оросын дэглэм болон Кремлийн ашиг сонирхлыг төлөөлдөг аливаа компанийн эсрэг хориг арга хэмжээ тавьж болохоор нөхцөл байдлыг бий болгох хүсэлтэй байна" хэмээн Лиз Трасс Скай Ньюс агентлагт өгсөн өөр нэг ярилцлагадаа өгүүлжээ.

Лондон дахь "Путиний олигархиуд" эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдэд хориг тавих эсэх талаар Трассаас асуухад "болохгүй зүйлгүй" хэмээн хариулсан байна.

"Чухам хэний эсрэг, ямар хориг тавих талаараа бид дэлгэрэнгүй мэдээлэхгүй. Гэхдээ хууль тогтоох актууд нь илүү өргөн цар хүрээг хамруулах боломжийг бидэнд өгөх юм. Тиймээс хэн нэгэн нь хориг арга хэмжээнд өртөхгүй гэж бодоод ч хэрэггүй" хэмээн Лиз Трасс мэдэгджээ.

Дайн болсон тохиолдолд Британийн цэргүүдийг бүс нутаг руу илгээхгүй ч зэвсэг, зааварлагчдаар тусална гэж Британийн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Гэхдээ Их Британи болон түүний холбоотнууд дайнаас урьтаж хэлэлцээ хийхийг голчилж байгааг Трасс онцолжээ. 

 "Бид Путинийг довтлохоос татгалзахыг дипломат аргаар ятгаж, тогтоон барих арга хэмжээ авахын тулд шаардлагатай бүгдийг хийнэ" хэмээн Лиз Трасс мэдэгджээ. 

Британи зэрэг орнууд ОХУ Украин руу халдсан нөхцөлд хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа бол АНУ Оросыг ийм алхам хийхээс ч өмнө хориг тавихад бэлэн байгаа гэж АВС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, зарим төрлийн хориг арга хэмжээг Орос довтлохоос өмнө авч хэрэгжүүлж магадгүй талаар Сенатын олон улсын харилцааны хорооны дарга Боб Мендес өгүүлжээ. 

Түүний өгүүлснээр, ирэх долоо хоногт хориг арга хэмжээг зөвшилцөж магадгүй бөгөөд Сенатаар хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа хуулийн төсөлд Оросын тэргүүлэгч банкууд, улсын өрийн эсрэг хориг тавихаар тусгажээ. Түүнчлэн Украинд үзүүлэх цэргийн тусламжийн талаар ч тусгасан гэнэ.

Холбоотой мэдээ