Р.ЭМҮЖИН: Ул боовоор улсаа яаж хэмждэгээ яруу тодоор харуулаатах даа

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-05 01:21:12

Р.ЭМҮЖИН: Ул боовоор улсаа яаж хэмждэгээ яруу тодоор харуулаатах даа


Хэвийн боов л тараахгүй бол хэзээ ч ордонд суухгүй хүн олон шүү. Гайгүй юм болов уу гэсэн залуу галзуу поп, эдгэшгүй поп, тэгээд бүр энэ үгнийхээ агуулгыг алд дэлэм буруу ойлгодог нь тодорхой боллоо доо, хөөрхий. Хэвийн боов тараана гээд байгаа Учрал улаан поп уу, тараахгүй гэж байгаа Доржханд, Одонтуяа хоёр поп уу? Учрал өнөөдөр ганц өгүүлбэрт багтаан хэд хэдэн хүнийг доромжлоод амжлаа. Хууль санаачилж үзээгүй гэх Доржханд эхлээд өртлөө. Доржхандад тархиа базуулсан гэх Одонтуяа удаад нь хэлмэгдлээ. Хэвийн боов авахгүй л бол өлсөж ядуурч үхэх гээд байгаа ахмадууд эцэст нь эвгүй гөрдүүллээ. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга зэрэг алба хашсан, ирээдүйтэй залуу улстөрч гэгддэг энэ хүний дотор ийм өчүүхэн байсныг бүгд харлаа. Тийм ээ, ард түмний амьдрал хүнд байна. Энэ үнэн. Гэхдээ тэд ажлын байр, зүй ёсны шударга цалин, боловсролын эрүүл тогтолцоо, эрүүл мэндийн тэгш үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, орчин үеийн сургууль, тэтгэврийн зөв хуваарилалт хүссэн болохоос  энэ төрөөс, тэр тусмаа захирлын хүүгээс хэвийн боов, будаа гурил гуйгаагүй юм аа. Ажлын байртай, орлоготой, тэтгэвэртэй бол хэвийн боов, тавгийн чихрээ өөрсдөө яваад сонгож байгаад авчихна. Хөтлөлцөөд тавгийн чихрээ сонгоод явж байгаа хөгшчүүд амьдралын дурсамжаа, аз жаргалаа бүтээж байдаг юм. Шахааны боов, шалбаагны яриа, алга тоссон зураг, гар сунгасан гишүүн гуайн бурханлаг болон чөтгөрлөг дүр ерөөс энд хэрэггүй. Татвар төлөгчдийн мөнгийг дөрвөн тэрбум хүртэл нь дөрөөгөө мялааж авчихаад, хэвийн боов, хэдэн чихэр сарвайхыг чинь хүлээгээд сууж байх ёстой юу? Хэдэн төгрөгөөр хэвийн боов авч тараачихаад хэдэн төгрөг гэж тайлагнахыг чинь бид мэдэхгүй. Орлоготой болгон нь очоод авчихаж болдог боов боорцогийг заавал та нарын гараар дамжуулан угаалгаж байж авах ямар хэрэгтэй юм бэ? Өглөгч хүний цаана өөдгүй наймааны арга, өчүүхэн эрх ашиг нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. Энэ мэтийн хоол, хогшлын талаас нь харахад энэ бол ахмадаа хайрласан хайр биш, хоосон хүнд хоол сарвайж байгаа баярхал ба доромжлол. Бүр том утгаар нь харвал ард түмнээ арав таван боовоор авлигадаж, ардын төрд дараагийн удаа дахин сонгогдох гэсэн арчаагүй арга. Боов чихэр, гурил будаагаар төрөө хэмжиж, түмнээ хязгаарлаж байгаа өчүүхэн нэг муу заль. Хэвийн боов л тараахгүй бол хэзээ ч ордонд суухгүй олон гишүүн энд бий. Учрал, Сумъяабазар нар Ахмадын төвийнхөнд бэлэг хүргүүллээ гээд хэвтэрт байгаа эмээгийн зургийг орон даяар сэвхээсээ ичиж амьдрах хэрэгтэй. Ямар өндрөөс харж сураа вэ, яасан ярвагар хандлага вэ. Чи хоосон ядуу, ажилгүй, тэтгэвэргүй учраас чамд би боов тарааж байна, сайтар бөхийгөөд, сайн тонгойж мөлхөөд ав...хэвтэрт байсан ч хагас өндийгөөд ав, тэгээд зурагаа авхуул, зутарсан царайгаар баярлан инээ...ерөөсөө л энэ шүү дээ. Дээхнэ үед Богд боовоо тараахыг хүрээний ядуус хоног тоолон хүлээдэг байлаа. Богд бол үнэгүй боов тараадаг байв. Харин Учрал тэргүүтэй МАН-ын магнаг болсон гишүүд үнэгүй боов тарааж байна гэж бодож байна уу? Үгүй. Үнэ нь төр юм. Өртөг нь төрд сонгогдох санал юм. Монголын төр хэвийн боов болчихоод ширхэг ширхэгээр арилжаалагдаж байгаа нь зөв үү? Энэ тэгээд эрүүл үзэгдэл үү? Чаддаг юм бол 2024 он хүртэл юу ч тараалгүй байж байгаад, Доржханд шиг эдийн засаг, хөрөнгө оруулалт ярьж, Одонтуяа шиг жендерийн мэдрэмжтэй алхмууд хийсээр байгаад сонгогдоод гараад ир дээ. Чадахгүй. Учрал болон хэвийн боов, гурил будаа тарааж байгаа гишүүд бүгд өөрсдөө боовны үнэтэй, суудал сэнтий нь гурил будааны өртөгтэй. Сонгогдох, үгүй нь чухал биш гэж хариулах байх. Тийм бол бүүр алс тойрогт, эсвэл Улаанчулуутын хогийн цэг дээр очоод тараагаатах даа. Бас л чадахгүй. Үнэгүй юм гэж үгүй. Ул боов улсаар минь үнэлэгдэхийн цагт хөгжил дэвшил ярихаасаа илүү хэний боов боорцог амттай, эсвэл чихэр тос ихтэй байсан талаар маргалдсаар дуусдаг хорвоо юм л даа. Энүүхнийг эрүүлээр ойлгохгүй байгаа бол эргээд Их Засагтаа сураарай, захирлын хүүхэд ээ! За тэгээд олон улсын гэх тодотголтой сургуулийн оюутнууд нь, цэцэг навчны зурагтай троллууд нь ороод ир дээ, орил доо. Ул боовоор улсаа яаж хэмждэгээ харуулаатах даа. Хэдэн муу сонгогчоо энэ удаа хэвийн боовоор услаа юу, ургацаа 2024 онд хураах билүү? Хэн ч, юу ч гэж харлуулсан хамаагүй, би УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль болон Дэгийн хуульдаа бодлогын өөрчлөлт оруулж, иргэд сонгогчдыг хоол, хогшилоор авлигаддаг явдалд цэг тавих аавын хүү, ээжийн охины эл алхмыг дөрвөн мөчөө өргөөд дэмжинэ, хэлсэндээ хүрнэ. За ийм л байна.

Холбоотой мэдээ