ОХУ-ын цэргийн хүч Украины нийслэлээс хоёр цагийн зайд төвлөрөөд байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-07 20:19:03

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ОХУ-ын цэргийн хүч Украин руу хэзээд ч довтолж магадгүй гэж мэдэгдсэн.

Тэрээр ням гаригт “Fox News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын цэргийн хүч Украин руу хэзээд ч довтолж магадгүй. Өнөөдөр ч, эсвэл хоёр долоо хоногийн дараа ч довтолж магадгүй. Гэхдээ Москва асуудлыг дипломат замаар шийдэх гарц байсаар байгаа гэсэн юм.

Цагаан ордны албаны төлөөлөгчид ОХУ-ын цэргийн хүч Украин руу довтлох байлдааны хүчээ 70 хувьтай хангасан гэж мэдээлсэн. АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлснээр Украины хилийн ойролцоох Оросын байлдааны батальоны тоо өнгөрсөн баасан гаригийн байдлаар 60 байсан бол ням гариг гэхэд 83 болж нэмэгдсэн байна.


Албан бус тоо баримтаар Украины хилийн ойролцоо ОХУ-ын 100-130 мянган цэрэг байршуулсан гэж тооцоолсон. Тухайлбал, Украины зүүн хилийн дагуу Оросын цэргийн гол хүч байрлаж байгаа юм. Мөн Украинаас салан тусгаарласан Луганск болон Донецк мужуудад Оросын дэмжлэгтэй салан тусгаарлах хөдөлгөөний олон мянган дайчид байгаа гэж тодорхойлсон. Хамгийн сүүлд, Украины зүүн хилийн ойролцоох ОХУ-ын цэргийн анги, нэгтгэлүүдэд цусан хангамж болон цусны сийвэнгийн нөөцийг татан авсан. Улмаар ажиглагчид Оросын арми байлдааны ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан гэж үзэж байгаа юм.   

Түүнчлэн, Крымийн хойгт Оросын тэнгисийн цэргийн хүч төвлөрч байгаа бөгөөд Украины баруун хэсгийн Одесс хотын ойролцоох Молдаваас салан тусгаарласан Приднестровийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын энхийг сахиулах хүч байрладаг.

Үүний дээр, өнгөрсөн пүрэв гаригт Украины нийслэл Киев болон тус улсын өмнөд хэсгийн хилийн дагуух Беларусийн нутаг дэвсгэрт ОХУ-ын томоохон цэргийн хүч байлдааны хээрийн сургуулилт эхлүүлсэн.

АНУ-ын хиймэл дагуулын мэдээллээр Беларусь дахь Оросын цэргийн хүч Украины хилээс 30 гаруй километрийн зайд байрлаж байгаа аж. Тухайлбал, Беларусь дахь Хүйтэн дайны үеийн Лунинец агаарын цэргийн баазад Оросын Су-25 байлдааны нисэх онгоцнууд болон агаарын довтолгооноос хамгаалах “S-400” систем байршсан байна.




Харин Киев хотоос 300 орчим километрийн зайд орших Беларусийн Рэчыца хотын ойролцоо ОХУ-ын танк, байлдааны хуягт машин болон их бууны ангиуд төвлөрч байгаа аж. Хамгийн сүүлд, ОХУ Украины өмнөд хилээс 25 километр, Киев хотоос 230 гаруй километрийн зайд орших Беларусийн Ельск тосгонд 400 километр буюу богино тусгалтай "Iskander" баллистик пуужингийн цогцолбор болон байлдааны гурван батальоныг нэмж байршуулсан болохыг тогтоосон байна.




НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ болон Беларусийн зэвсэгт хүчний хамтарсан “Union Resolve 2022” байлдааны хээрийн сургуулилт нь бүс нутгийн хэмжээнд Хүйтэн дайнаас хойш явагдаж байгаа хамгийн том цэргийн ажиллагаа гэж тодорхойлсон юм. Улмаар барууны холбоотнууд ОХУ-ын цэргийн хүч Украины нийслэлээс ердөө хоёр цаг явах зайд төвлөрөөд байгаа явдлыг маш том түгшүүр гэж үнэлсэн.

Тиймээс Украин улс барууны орнуудаас зэвсэг болон байлдааны сумны нөөц татан авах ажлыг эхлүүлсэн бөгөөд ням гаригт АНУ-ын 3000 гаруй цэргийн нэмэлт хүч Польш дахь НАТО-гийн цэргийн баазад хүрэлцэн ирсэн.

Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк ням гаригт Хэдий ОХУ манай улсад довтолж, эзлэн түрэмгийлэх алхам хийгээгүй. Ийм тушаал өгсөн гэх ямар ч нотолгоо байхгүй ч Киев болон манай холбоотнууд болзошгүй дайны нөхцөл байдал бэлтгэж байна. Гэхдээ нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа. Бид хурцадмал байдлыг тогтворжуулж, асуудлыг бүрэн шийдэх зорилгоор дипломат алхмуудыг идэвхтэй хийсээр байна" гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-д аюулгүй байдлын баталгаа өгч, Украиныг НАТО-д элсүүлэхийг зогсоох шаардлага тавьсан. Хэрэв хурцадмал байдал дайн болж хувирсан тохиолдолд Украин улс өөрөөсөө хэд дахин хүчтэй ОХУ-ын зэвсэгт хүчтэй тулгарна. Тодруулбал, ОХУ-ын байнгын цэргийн тоо Украинаас 4.3 дахин, нөөцийн цэргийн тоо 2.2 дахин их байгаа юм. Мөн зэвсэглэлийн хувьд Оросын зэвсэгт хүч Украинаас 4.5 дахин олон танк, 2.9 дахин их их буу, 1.9 дахин их пуужин харвагч, 11.6 дахин олон байлдааны нисэх онгоцтой бол тэнгисийн цэргийн хүчний хувьд 12 дахин давуу аж.


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор даваа гаригт ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлал хийж байгаа юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийсний дараа мягмар гаригт Украины нийслэл Киев хотод айлчилна.

Эх сурвалж: CFR, CNN, CNBC, BBC, Reuters

Холбоотой мэдээ