Шаардлагатай бол Г.Амартүвшинг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгана

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-12 06:11:45

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнөөдөр /2022.02.10/ Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл хийлээ

Энэ үеэр 52 иргэн, аж ахуйн нэгж зээлээ эргэн төлөөгүй байгаа гэдгийг мэдэгдсэн юм. 

Эдгээр зээлдэгч нарын дунд одоогийн УИХ-ын гишүүд багтсан гэх бөгөөд мөрдөн шалгалтаар тогтоогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргана гэж мэдээллээ.

Түүнчлэн чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг шалгаж байгаа бөгөөд түүний дараа тус банкны захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг шаардлагатай тохиолдолд гишүүний бүрэн эрхээс нь  түдгэлзүүлэн шалгах боломжтой гэсэн юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр албан бичиг ирүүлснийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хугацаа хэтрүүлсэн, чанаргүй ангилалд шилжсэн нийт 52 зээлийг судалж, зээл олгосон зориулалт, зээл олгосон албан тушаалтан, зээл олгохдоо давуу байдал үүсгэсэн болон авлига авсан эсэх, тухайн зээлийн зарцуулалт, төрийн эрх зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна.

Шалгалтын явцад ихэнх санхүүжилт үл хөдлөх хөрөнгө рүү орсон байж болзошгүй байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгийн эх үүсвэрийг судалж байж худалдаж авахыг сануулж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг вилла” хотхоны 9 блок барьцаанд байгаа. Одоогоор 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилсэн байна” гэлээ.

Түүнчлэн зээлээ эргэн төлөөгүй 52 аж ахуйн нэгж байгаа ба эдгээр байгууллагын нэрсийг АТГ-ын албан ёсны сайтад байршуулна.

Мөн шаардлагатай тохиолдолд нэр бүхий УИХ-ын гишүүд болон тухайн үед зээл олгосон Хөгжлийн банкны удирдлагуудыг шалгана гэж мэдэгдлээ.

Холбоотой мэдээ