ТАНИЛЦ: Дөрвөн тэрбум төгрөгийн тахианы муудсан мах хууль бусаар оруулж ирсэн компаниуд

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-13 05:13:45

Сар шинийн баярын өдрүүдийг далимдуулан Замын-Үүд дэх гаалийн газраар 420 тонн буюу 17 чингэлэг муудсан тахианы мах хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй хэргийн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Үнийн дүнгээр энэ нь дөрвөн тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн аж. Эл асуудалтай холбогдуулан ЗУРГААН компанийг хууль хяналтын байгууллага шалгаад эхэлчихсэн байгаа. Тухайн үедээ Гаалийн Ерөнхий газар, “Хууль бусаар оруулж ирсэн буруутай эсэх нь тогтоогдоогүй тул компанийн нэрсийг зарлах боломжгүй. Замын-Үүдээс гаалийн ажилтнууд болон компаниудын төлөөллийг дуудсан. Ирээгүй” гэсэн тайлбарыг өгч байв.

Тэгвэл бид чухам ЯМАР компаниуд, ХЭНИЙ зөвшөөрлөөр, ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ тахианы махыг ХЭЗЭЭ хууль бусаар оруулж ирэв гэдгийг мөшгөснөө хүргэе.  

-АМАРЧ НАЗГАЙРСАН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ СУЛАРСАН ЭГЗЭГТЭЙ ҮЕ БУЮУ ШИНИЙН 01-НД ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРЖЭЭ-

Бидэнд олдсон мэдээллээр

Хоёрдугаар Сарын 02-Ны Өдөр ЗУРГААН Аж Ахуй Нэгж АРВАН Чингэлэг Тахианы Мах Оруулж Иржээ.  

  • Агро ХХК 
  • НВЦ трейдинг 
  •  Хасхүү ХХК  
  • Далайцэнгэл ХХК
  • Хос-Очирт трейд
  • Эйшн органик фүүд импорт ХХК /Asian organic/

Мөн нэмж

  • Жингийн гол 
  • Энжико 
  • Ундрага ти жи би 

гэсэн компаниуд оруулж, ирсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Харин Нэгдүгээр сарын 13-14-ний өдөр “ҮҮЭТ” ХХК 282 тонн тахианы мах оруулж иржээ. Тус компани дээрх комданиудтай ямар ч хамааралгүй тусдаа хөргүүртэй чингэлгээр хууль ёсных нь дагуу оруулж ирсэн. Долоон төрлийн шинжилгээгээ өгөөд асуудалгүй тэнцсэн гэх мэдээллийг өгч байгаа юм.

Уг нь хүнсний аюулгүй байдлын тухай хуульд тусгай зориулалтын хөргүүртэй, температурыг зохицуулах боломжтой битүүмжилсэн тээврийн хэрэгслээр -18 хэмээс багагүй температурт мах махан бүтээгдэхүүнийг импортлоно гэж заасан байдаг.

Гэтэл эдгээр компаниуд зориулалтын хөргүүргүй, бараа таваар тээвэрлэдэг энгийн чингэлгээр БНХАУ-ын 4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос арав хоног тээвэрлэн Замын-Үүдээс Улаанбаатарт хэдийн оруулаад иржээ.

Хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн тахианы мах нэгдүгээр сарын 13, 14 болон хоёрдугаар сарын 02-ноос хойш ХААЧСАН байж таарах вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд урган гарч байна.

-ШАЛГАЛТГҮЙ ОРЖ ИРСЭН ТАХИАНЫ МАХ: БАЯРААР ИРГЭД ХЭРЭГЛЭЭД ДУУССАН эсвэл ЛАЦТАЙГАА ХАДГАЛАГДАЖ БАЙГАА- 

Эх сурвалжуудын бидэнд өгч буй мэдээллээр орж ирүүтээ худалдаж авдаг компаниуддаа нийлүүлчихсэн, зах зээлд гаргаад борлуулчихсан гэх. Өөрөөр хэлбэл хиамны үйлдвэрүүдэд нийлүүлэхийг нь нийлүүлээд, сар шинийн баярын өдрүүдэд та бид баярын ширээн дээрээ тавиад хэдийн зооглоод хүртчихсэн болж таарч буй.

Харин Албаны Эх Сурвалжын Өгч Буй Мэдээллээр, “Тахианы Мах Оруулж Ирсэн Аж Ахуй Нэгжүүдээр Явж Уржигдар Очиж Шалгасан. Бүгд Лацтайгаа Байгаа. Зах Зээлд Нийлүүлж Зарсан Асуудал Одоогоор Гараагүй. Шалгалт Дуусч, Шинжилгээний Хариу Гарахаас Өмнө Худалдан Борлуулсан Бол Хуулийн Хатуу Хариуцлага Хүлээх Учиртай” Хэмээх Тайлбарыг Өглөө.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар шалгаж байгаа аж. Ингэхдээ тэр их махыг Гаалийн ерөнхий газар аваад хадгалах зориулалтын хөргүүртэй байр байхгүй тул оруулж ирсэн аж ахуй нэгж тус бүрт нь байрлуулан лацдаж, ийн хяналт шалгалтаа хийж байгаа гэх.

Харин МХЕГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн газрыг чиг үүргээр нь Гаалийн ерөнхий газартай нэгтгэсэн тул мэргэжлийн хяналтын байгууллага эл асуудалд ямар ч хамааралгүй болж таарав.

-ХОЁРХОН ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭЭС ЗАЛХУУРСАНДАА БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТААС ЗАЙЛСХИЙЛГЭСЭН БАЙХ ХАРДЛАГА-

Тэгвэл ийм их хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг хяналт шалгалтгүйгээр, шинжилгээгүйгээр ХЭН, ЯАГААД оруулаад бүр Улаанбаатар хүртэл явуулчихав гэдгийг сөхөж үзье. Ингэхэд ХМХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.БатмөнхЗамын-үүд дэхь хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга С.Нямдорж нарын балаг гэж гарч ирж байгаа юм.

Тодорхой өгүүлбэл тэд, “Улаанбаатарт очоод таван шинжилгээ хийгдэх учир Замын-Үүдэд хоёрын хооронд ХОЁРХОН шинжилгээ хийгээд яахав” гээд явуулчихсан асуудал гарч ирж байгаа юм. Гэхдээ эндээс ХОЁРХОН шинжилгээ хийхээс залхуурсандаа биш цагаан сарын баярын назгайрлын үеийг далимдуулан ЗОРИУД хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн гэх хардлага үүсч байна. Учир нь тэд өдгөө Замын-Үүдийн гаалийг бүрэн толгойлж, атгаж байгаа. Ингээд явуулчих хэмжээний эрх мэдэлтэй суудалд суугаа юм.

-АЖЛААСАА ХАЛАГДСАН Г.БАТМӨНХ, С.НЯМДОРЖ НАРЫН МХЕГ-ЫН ДАРГА АСАН Т.ГАНТУЛГЫН ХҮМҮҮС ЗАМЫН-ҮҮДЭД ЭЗЭН СУУЖЭЭ-

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй Г.Батмөнх, С.Нямдорж нар ХЭН бэ гэдэг нь анхаарал татна. Тэдний тухай өгүүлэхэд,


ХМХГ-Ын Экспорт, Импорт, Хилийн Хорио Цээрийн Хяналтын Газрын Дарга ГБАТМӨНХИЙН Хувьд:

Ариутгалын зориулалтын хаалга байгуулахын оронд хэдэн төмөр дээр ногоон гялгар уут нөмөргөж навсгар хаалга босгосон алдарт дарга. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүдэд очиж ажиллах үеэрээ өнөөх ногоон хаалгыг хараад уурсаж олон хүнийг ажлаас нь халсан хүний нэг нь Г.Батмөнх байв. Тэр халагдсан ч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар томилогдоод суучихсан. Тухайн үедээ түүнийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга асан Т.Гантулга ямар нэгэн шалгалт, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хууль бусаар томилсон гэгдэж байв. Товчхондоо бол Г.Батмөнх нь УИХ-ын гишүүн Т.Энхтүвшиний хүн тул албан тушаалд ийн ёндоотой байдаг гэх. Ингээд асуудал намжсаны дараа буцаад ийн Замын-Үүдэд ирчихсэн суугаа нь энэ.

Замын-Үүд Дэхь Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаны Дарга С.НЯМДОРЖИЙН Хувьд: 

Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд томилогдсон. НМХГ-ын экспорт, импортын газрын мал эмнэлгийн байцаагчаар ажиллаж байгаад ийн тушаал дэвшсэн. Сахилгын арга хэмжээтэй байсан хүнийг хууль бусаар томилсон гэж учир мэдэх хүмүүс нь ярьж хэлдэг. Түүний эл суудалд ирсэн томилгоо ч мөн МХЕГ-ын дарга асан Т.Гантулгатай холбогддог. 

-ТАХИАНЫ МАХ ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУД-

Эцэст нь монгол иргэний эрүүл, амьд явах эрхийг зөрчиж муудсан тахианы мах хяналт шалгалтгүйгээр тээвэрлэж оруулж ирсэн компаниудын талаар өгүүлье.

“Агро” ХХК

6165834 регистрийн дугаартай тус компани 2017 оны гуравдугаар сарын 28-нд үүсгэн байгуулагдсан хэмээн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар Пүрэвийн Нармандах гэх иргэний нэр бүртгэлтэй байгаа бөгөөд хувь эзэмшигчээр “Монгол Алтан Тос Групп”-ийг 2021 оны гуравдугаар сарын 03-нд бүртгүүлжээ. Газар тариалан, шувууны аж ахуй, хүнсний ногоо тариалах, худалдааны зуучлал, фермерийн аж ахуй гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

НВЦ трейдинг ХХК

5817013 регистрийн дугаартай тус компани 2014 оны гуравдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагджээ. Хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар Цэрэндаваагийн Нандинцэцэг гэх нэр бүртгэлтэй байна. Өндөг тахианы мах, махан бүтээгдэхүүний савлагааны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. 

“НВЦ трейдинг” ХХК нь НВЦ компанийн охин компани бөгөөд Ц.Баатарбилэг нь эдгээр компаниудынхаа босс нь. Тэрбээр Хөгжлийн банкнаас 21 сая.ам долларын зээл авч байсан. Ашиггүй ажилладаг аж ахуй нэгжээ барьцаанд тавьж зээл аваад Хөгжлийн банкийг алдагдалд оруулсан гэх мэдээлэл 2020 онд гарч байв. Эл авсан зээлээрээ гадаад дахь зээлээ төлсөн гэгддэг. Хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хоригдож ч байжээ. 

Эл асуудлаар мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаад намжсан. Одоо Хөгжлийн банкны асуудлаар Б.Батбаярыг дахин шалгаж эхлээд байгаа билээ. Харин өдгөө тахианы мах оруулж ирсэн НВЦ трейдинг компанийг Ц.Баатарбилэгийн дүү Цэрэндаваагийн Нандинцэцэг толгойлж буй болж таарав.

Холбоотой мэдээ