Найман залуухан эхнэртэйгээ нэгэн дээвэр дор амьдардаг Тайланд эрийн тухай цахим орчинд шуугиж эхэлжээ
ДэлхийНайман гэргийтэйгээ нэгэн дээвэр доор амьдардаг гэдгээ олон нийтэд зарласан цагаасаа хойш цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлын төвд байсаар буй Тайланд эрийг Онг Дам Сорот гэдэг. Тэрбээр уламжлалт хэв маягаар шивээс хийдэг артист ажээ. Саяхан тэрээр тус улсын алдартай комедианы шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ маш өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүлтэй талаараа ам нээсэн юм. 8 эхнэрийнхээ хамтаар орсон тус нэвтрүүлэг YouTube сувагт одоогоор 3 сая давсан үзэлттэй болоод байгаа бөгөөд тус нэвтрүүлгийн үеэр Онг Дам Сорот эхнэр бүрээ тусгайлан танилцуулж, тэдэнтэй хэрхэн учирч байсан хайрын түүхээ хуваалцсан аж. Хамгийн сонирхолтой нь 8 бүсгүй нэг бүр эр нөхрөө дэлхий дээрх хамгийн хөгжилтэй, өгөөмөр, дур булаам нэгэн гэж боддог хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.
Тэрбээр анхны гэргийтэйгээ сайн найзынхаа хурим дээр анх танилцаж байсан бөгөөд төд удалгүй түүнтэй гэр бүл болохоор шийдэж байсан аж. Харин хоёр дахь гэргий болох Нонгтой тэрээр худалдааны төвөөр үйлчлүүлэх үедээ, гурав дахь эхнэр Нонг Нантай эмнэлэгт танилцаж байсан бол удаах 3 эхнэртэйгээ цахим сүлжээгээр танилцаж байжээ. Харин 7 дахь гэргий болох Нонг Филмтэй ээжийн хамт дуганд мөргөл хийж явахдаа танилцсан бол сүүлчийн хоёр гэргийтэйгээ танилцах үедээ тэрбээр бусад эхнэрүүдийнхээ хамтаар аялалаар явж байсан хэмээжээ.
Өдгөө эхний гэргийгээсээ хүүтэй бөгөөд түүний хоёр эхнэр бие давхар байгаа юм. Түүний 8 гэргий 4 унтлагын өрөөнд хоёр хоёроороо унтдаг бөгөөд нөхөртэйгөө унтах өдрөө бүгд хүлээцтэй хүлээдэг ажээ.
Тэрбээр хоёр дахь эхнэр авах гэж байгаагаа эхнэртээ хэрхэн ойлгуулж хэлсэн талаараа “Гэргий маань хоёр дахь эхнэрээ авч болно, би чамд хэтэрхий их хайртай учраас зөвшөөрч байна” хэмээсэн гэж дурсчээ.
Харин түүний удаах эхнэрүүд Онг Дам Соротыг гэр бүлтэй гэдгийг мэдэж байсан ч хэтэрхий их дурласан тул амьдралаа холбохоор шийдэж байсан гэжээ. Олон эхнэртэй эрийн гэргий болох гэж байгаагаа ар гэрийнхэндээ тайлбарлаж ойлгуулахад хүндрэл учирсан явдал олон байсан ч анхаарал халамжаар дүүрэн, дур булаам түүнийг алдах хүсэл тэдний хэнд нь ч байгаагүй ажээ.
Тус шоу нэвтрүүлэгт оролцох үедээ тэрбээр бүх гэргийтэйгээ шударга харилцдаг төдийгүй хэрэв тэдний хэн нэгэн нь өөр эрд дурласан тохиолдолд өөрт нь мэдэгдээсэй гэж тэдэнд захидаг талаараа ярьжээ. Хэрэв тийм зүйл тохиолдвол тэрээр эхнэрээсээ салах гэж байгаадаа итгэлтэй байгаа эсэх талаар нь гурван удаа асуухад “тийм” гэсэн хариулт авсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр эхнэрээсээ салж болно гэжээ. Гэсэн ч одоогоор тэдний хэн нь ч Онг Дам Соротоос салаагүй байсаар л байгаа билээ.
Хэдийгээр тэрбээр өөрийн YouTube сувагтаа оруулж буй бичлэгүүдээрээ баян чинээлэг нэгэн мэт харагддаг боловч бодит амьдрал дээр тийм ч чинээлэг нэгэн биш ажээ. Тэрээр тус шоу нэвтрүүлэгт орох үеэрээ гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэсэн ажилтай, эхнэр тус бүр гэрийн ажлыг хуваан хийж, хоол хүнснээс эхлээд гоо сайхны бараа хүртэл олон төрлийн бараа худалдааны бизнес эрхэлдэг хэмээжээ.
Ийнхүү 8 гэргийтэй амьдралаа дэлгэсэн тэрбээр цахим сүлжээнд шуугиан тарьж, хүмүүсийн дунд ярианы гол сэдэв болоод байгаа юм. Тансаг гэр оронтой, залуухан, үзэсгэлэнтэй эхнэрүүдтэй түүнийг биширч байгаа хүмүүс байхад нэг биш, олон эхнэрийн ааш авирыг олохоор зүдэрдэг байх хэмээн хошигнох хүмүүс ч олон байгаа ажээ.