Э.Тутберидзе шавийнхаа сэргээшийн дуулиантай холбоотой анх удаа яриа өглөө

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-15 11:57:02

Бээжин-2022 олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд оролцож, алтан медалийн болзол хангаад буй 15 настай, оросын уран гулгагч К.Валиеватай холбоотой сэргээшийн асуудал ид өрнөж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд болсон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр түүнээс авсан сорьцын дээжээс "Триметазидин" хэмээх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн хэмээж байгаа. 

I Энэхүү дуулиантай холбоотойгоор түүний дасгалжуулагч Этери Тутберидзе огт чимээгүй байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө К.Валиевагийн сэргээшийн талаарх сэтүүлчийн асуултад "Би ховонд оролцдоггүй" гэж товчхон хариулж байв. Тэгвэл өдгөө "хов" нь бодит байдал болоход ойрхон ирээд буй энэ үед Этери "Россия -1" сувагт товчхон сэтгэгдлээ хуваалцжээ. 

Тэрбээр "Үнэхээр хэцүү, эргэлзээтэй асуудал үүсчихээд байгаа. Маш их асуулт, маш цөөхөн хариулт л байна. Гэвч миний цорын ганц мэдэж байгаа зүйл бол Камила гэмгүй, цэвэр. Миний хувьд энэ теорем биш, аксиом. Түүний гэмгүй, цэвэр гэдгийг батлах ч шаардлагагүй. 

Үүссэн нөхцөл байдлаас үүдэж би тамирчнаа хэзээ ч орхихгүй. Бид баяр, гунигын алинд ч хамт байх болно. Эцсээ хүртэл..." гэжээ. 

Мөн тэрбээр "Арванхоёрдугаар сард авсан шинжилгээний хариу яагаад одоо, олимпын үеэр гарав. Энэ бол маш "сонин" давхцал, эсвэл маш сайн зохион байгуулсан төлөвлөгөө. Би мэдэхгүй байна. Удирдлагууд биднийг энэ хэцүү цагт орхихгүй, эрхийг маань хамгаална гэж итгэж байгаа. Үүнээс болж ОХУ-ын уран гулгалтын баг айсуй шийдвэрийг хүлээж, яахаа мэдэхгүй байдалд байна. Аль газар, ямар шийдвэр гаргахыг ч би мэдэхгүй байгаа. Гэхдээ шударга ёс бидний талд байгаа гэж итгэж байна" гэв. 

Холбоотой мэдээ