Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-18 01:19:51

Өнгөрсөн оноос эхлээд л Оросын цэргүүд Украинтай хил залгаа бүс нутагт олноор төвлөрч байгаа талаарх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч, энэ нь "дотооддоо цэргийн сургуулилалт хийж байгаа" хэрэг гэж Оросын тал удаа дараа мэдэгдсэн ч барууны орнууд ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна гэж үзэх болсон юм. 

Цаашлаад байдал зөвхөн мэдээллийн орон зайд хурцдаад зогсохгүй АНУ тэргүүтэй орнууд Оросыг Украин руу халдсан тохиолдолд "урьд хожид байгаагүй" хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулж, улмаар дипломатуудаа татаж эхэлсэн төдийгүй өдгөө дэлхийн 30 орчим орон "болзошгүй дайн"-аас сэрэмжлэн иргэдээ Украиныг нэн даруй орхихыг зөвлөсөн. Ингээд Украиныг "хамгаалах" гэж буй мэт эдгээр үйлдэл нь эргээд энэ улсад ноцтой хохирол учруулаад эхэлжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч төдийгүй бусад улс төрчид нь ч анхааруулаад байгаа юм. 

АНУ-ын хэвлэлүүд Байдены "мэдэгдлээс иш татан" дамжуулсан мэдээллээр бол ОХУ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр Украин руу довтолж болзошгүй гэх. Харин энэ эхлээгүй дайнаас болж Украин хэдийнэ асар их хохирол амсаад эхэлжээ. 

"Украин сар бүр 2 тэрбум доллар алдаж байна"

Орос улс Украин руу довтолж болзошгүй гэсэн сэдэвт мэдээллийн урсгалаас болж Украины эдийн засаг сар бүр 2-3 тэрбум ам.доллар алдаж байгаа гэнэ. Энэ талаар Украины парламентын гишүүн, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэр дэвшин гарсан нам болох "Ард түмний зарц" намын фракцын тэргүүн Давид Арахамия мэдэгдсэн юм.  

 "Үүнээс болж манай улсад сард л 2-3 тэрбум ам.долларын алдагдал учирж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Бид гадаад зах зээлээс зээл авч болохгүй, учир нь хүү нь солиорсон мэт өндөр. Бид өдөр бүр эдийн засгийн алдагдлаа тооцож байна" хэмээн тэрбээр Украины телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Түүнчлэн барууны орнууд элчин сайдын яамнуудаа Киевээс Львов руу шилжүүлэх шийдвэр нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа бөгөөд ийм шийдвэр гарах бүрийд Украинд олон сая долларын хохирол учирж байгааг Давид Архамия онцолж байв. 

Үүнээс өмнө, нэгдүгээр сарын сүүлээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ мэдээллийн орон зайд "ОХУ халдаж болзошгүй" гэх мэдээлэл гарч эхэлснээс хойш Украинаас 12,5 тэрбум ам.доллар урсан гарсныг онцолж байлаа.

"Эхлээгүй дайн"-аас учирж эхэлсэн хохирол 

Нөхцөл байдал хурцадсан хэмээн үзсэний улмаас олон улсын даатгалын компаниуд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Украин дээгүүр хийх нислэгийн аюулгүй байдлыг даатгахаа зогсоосон юм. Энэ нь онгоц лизингээр авдаг агаарын тээвэрлэгчдийн хувьд том цохилт болов. Учир нь журмын дагуу даатгалгүй онгоц ашиглах боломжгүй. 

 Ингээд Голландын  KLM, Арабын Fly-Dubai, Quatar Airways зэрэг агаарын тээврийн компаниуд Киев рүү нислэг үйлдэхгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Ингээд Украин агаарын замын бүслэлтэд орох нөхцөл байдал үүсэв. 

Энэ зуур "дайнаас эмээсэн" чинээлэг хүмүүс Украиныг орхиж эхэллээ. Украины саятан, тэрбумтнууд эх орноосоо зугтаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 13-ны өдөр гэхэд л 20 чартер, хувийн онгоц Украиныг орхижээ. Эдгээр нислэгээр Украины хамгийн чинээлэг бизнесмен, олигархиуд гадаадыг зорьсон гэж "Украинская правда" мэдээлсэн байна.

 Цаашлаад энэ мэдээллийн дайн Украины валютын ханшид хүнд цохилт өгсөн юм. "Москвагийн түрэмгийлэл нэмэгдэж байна" гэх мэдээлэл олноор гарч эхэлсэн 2021 оны 11 дүгээр сараас л валютынх нь ханш унаж эхэлжээ. Ингээд гурван сарын дотор доллартай харьцах гривнягийн ханш долоон хувиар буурсан байна.

Харин нэгдүгээр сарын сүүлийн өдрүүдэд Украины төрийн облигацийн үнэ 17 хувиар буурчээ. Украин өрөө төлж дийлэхгүй, дефолт зарлана гэж болгоомжилсон хөрөнгө оруулагчид үнэт цаасаа зарсаар байгаа гэнэ.

 "Украины эдийн засаг Оросын эсрэг баримтлах НАТО-ын бодлогын золиос болсон гэж би бодож байна. Хэлэлцээ хийхийн өмнө чанга дуугаар хашгирах нь Америкийн хувьд байдаг л үзэгдэл. Вашингтон ингэж л манай байр суурийг сулруулдаг юм" хэмээн Москвагийн Хүмүүнлэгийн ухааны улсын их сургуулийн Улс төр, эрхзүй, нийгмийн хөгжлийн сургуулийн захирал Владимир Шаповалов "Комсомольская правда" сонинд ярьсан байна.

Цаашдын болзошгүй үр дагавар 

"Дайн болно" гэсэн мэдээллийн дарамт үргэлжилсээр байвал Украины эдийн засаг ямар хохирол амсах талаар "Киевийн эдийн засгийн сургууль"-ийн шинжээчид таамаглажээ.

2022 оны сүүл гэхэд инфляци 11 хувь хүртэл өснө. 

- Нэг доллар 28 гривнатай тэнцэж байгаа өнөөгийн байдал дордож, 32 гривнатай тэнцэн, үндэсний валютын ханш унана.

- Украины компаниудын хувьцааны үнэ унасаар байна. 

- Төсвийн хомстол нэмэгдсэний улмаас валютын нөөц багасна.

Энэ зуур...

Мягмар гаригаас эхлэн Оросын Баруун болон Өмнөд цэргийн тойргуудын анги нэгтгэлүүд цэргийн сургуулилалт хийсэн газраасаа байнгын гарнизон руугаа буцаж эхэлжээ. Цэргийн сургуулилалтуудын зарим нь дууссан, нөгөө хэсэг нь ойрын үед өндөрлөнө гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу даваа гаригт мэдэгдсэн юм.

Регнум агентлагийн мэдээлснээр, Крымд хийсэн сургуулилалт дуусч, цэргийн алба хаагчид техникүүдийн хамт байнгын байршил руугаа буцаж байгаа гэнэ. Цэргийн техникүүдийг төмөр замаар тээвэрлэхээр ачсан, тэдгээрийг Дагестан, Хойд Осети дахь цэргийн ангиуд руу нь хүргэх аж.



Холбоотой мэдээ