Г.Амартүвшин, Г.Дөлгөөн нар шүүхэд дуудагдах уу

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-18 10:00:35

Хөгжлийн банкны экс удирдлагууд бараг бүгд өнөөдөр шүүхэд дуудагдлаа. Тэд ар араасаа шүүхээс цагдан хоригдох шийдвэр сонсоод гарч ирж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж, цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр энэ үйл явц өрнөж байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны 2016-2019 оны удирдлагын багт ажиллаж байсан хоёр хүн хоригдлоо. Тодруулбал:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр нэг сар цагдан хоригдохоор боллоо. Түүнийг гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байна. Б.Батбаяр нь 2016 оны 12 дугаар сард Хөгжлийн банкны захирлаар томилогдож, 2019 оны 05 дугаар сар хүртэл ажиллажээ.

Мөн Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Ч.Мөнхбаяр нь 2016-2019 онд Хөгжлийн банкны удирдлагын багт ажиллаж байв.

Тэдний араас 2012-2016 онд Хөгжлийн банкны анхны монгол гүйцэтгэх захирлаар ажилласан Н.Мөнхбат шүүх хуралд орсон. Шүүхийн шийдвэр мөдхөн гарна.

 

Хөгжлийн банкийг байгуулагдсан цагаас эхлэн удирдсан гүйцэтгэх болон дэд захирлууд шүүхэд дуудагдлаа. Харин Хөгжлийн банкийг удирдаж байсан зарим эрхмүүдийн нэр дуулдсангүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин. Тэр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны захирлаар томилогдож, тухайн оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Асуудалд орсон Хөгжлийн банкийг аврах зургаан сарын томилгоог тэр хэрэгжүүлсэн. Мэдээж түүнийг дуудаж, шалгахад асуудалтай. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэсэн халхавч, хамгаалалт түүнд бий. Гэхдээ хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх учиртай. Шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчөөсөө эхлээд энгийн иргэн хүртлээ хуулийн өмнө зогсох нь зүй ёсны асуудал.

Г.Амартүвшингээс гадна өдгөө Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Дөлгөөний нэр шүүхэд дуудагдсан хүмүүсийн дунд сонсогдсонгүй. Тэрбээр 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд ЭҮУГ-ын захирлаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл өнөөдөр цагдан хоригдох шийдвэр сонсоод буй эрхмүүдтэй хамт Хөгжлийн банкийг удирдаж байсан гэсэн үг. Мөн өдгөө Хөгжлийн банкны чанаргүй зээлийн тоонд орж, хуулийн байгууллагад шалгагдаж буй Алтай констракшн ХХК-ийн 42.6 тэрбумын зээлтэй Г.Дөлгөөний нэр холбогддог. Тэр бараг барьцаагүйгээр 40 тэрбумын зээлийг тус компанид олгочихсон. Өнөөх нь төлөгдөхгүй явсаар өдгөө 60 тэрбум болсон баримт бий.  Тэгэхээр Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг саатуулж, шалгадаг үйл явц Г.Дөлгөөнийг ч тойрох ёсгүй гэсэн үг.

Холбоотой мэдээ