Украины хямрал: Луганскийн хүүхдийн цэцэрлэг рүү бууджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-19 23:34:55

Пүрэв гаригийн өглөө, Украины эрх баригчдын хяналтад байдаг Луганск мужийн Луганск өртөөн дээр байх хүүхдийн цэцэрлэг, төмөр замын хэсэг артиллерийн буудлагад өртжээ. Орос Украин руу халдаж болзошгүй байгаа нөхцөлд энэхүү үйл явдал нь Орос довтлох нэг шалтаг боллоо гэж барууныхан үзэж байна. 

Станица Луганская суурингийн "Казка" хүүхдийн цэцэрлэг суманд өртсөн талаарх мэдээллийг анх "Пролиска" хүмүүнлэгийн төвийнхөн мэдээлсэн юм. Энэ төвийнхөн фейсбүүк хуудсандаа болсон үйл явдлын талаар мэдээлэхдээ хүүхдүүд байсан цэцэрлэгийн нэг хана суманд өртсөн гэжээ. Үүний улмаас гурван хүн битүү доргилт авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал нээсний улмаас цахилгаан эрчим хүч тасалдаж, цэцэрлэгээс хүүхдүүд болон ажилтнуудыг нүүлгэн шилжүүлжээ. 

Станица Луганская нь Украины зэвсэгт хүчин болон өөрсдийгөө тунхагласан, Оросын дэмжлэгтэй Бүгд Найрамдах Луганск Ард Улсын цэргүүдийн хоорондын хяналтын бүсийн заагт маш ойрхон оршдог аж. Энэ өдөр дөрвөн суурин руу Украины талаас буудсан гэх мэдээлэл гарч байлаа. 

 "Украины зэвсэгт хүчин байлдааны идэвхтэй үйл ажиллагаанд хөтлөх оролдлого хийсээр байна. Украины тал гал зогсоох горимыг мөрдөх үүргээ зөрчсөөр байгаа юм. Өнөөдөр өглөөнөөс эхлээд Украины цэргүүд гал зогсоох горимыг дөрвөнтөө зөрчлөө" хэмээн Луганскийн талаас мэдэгдсэн юм.

Луганскийн тал Украины цэргүүд эхэлж буудсан хэмээн баталж байгаа бол Украины тал Луганск, Донбассыг буруутгаж байна.


Холбоотой мэдээ