Д.Энхбат: Тархи чинь хөлөөсөө түрүүлвэл чи ялагдана
Нийгэм-Манай улс хөгжихгүй байгаагийн шалтгааныг би улс төр, эдийн засаг хямрал биш, шударга ёсны хямралаас үүдэлтэй гэж боддог. Таныхаар аль хямрал нь хамгийн хор хөнөөлтэй вэ?
-Маш энгийнээр оюун санааны хямрал гэж нэрлэж болно. Хоёр шалтгаан бий. Эхнийх нь үнэхээр бодит шалтгаан. Монголчууд ХХ зуунд их юм туулсан ард түмэн. Хоёр удаа тархиа “форматлуулсан”. Эхлээд 1921 онд коммунизмын замд орж, нэг үзэл суртал, нэг үнэт зүйлсээр явж, 1991 онд тэр нь эрс өөрчлөгдсөн. Энэ хооронд үнэхээр юм мэддэг хүмүүсээ хэлмэгдүүлж нухчин дарсан. Аль нэг том гүрний нөлөөнд явж ирсэн улсуудын түүхийн нийтлэг шинж нь иймэрхүү, оюун санааны тодорхой хямралтай байдаг. Байнга арчуулах аюул дор байдаг. Харин өнөөдөр бид либерал ардчиллыг дутуу ойлгосноосоо болж, бүр нөгөө тийшээгээ савлаж, нэг мэдэхэд бүхнийг мөнгөөр хэмждэг болчихлоо. “Та бүх зүйлийг мөнгөөр хэмждэг болох үед таны амьдрал дампуурдаг” гэсэн нэг үг бий. Яг ийм хямрал руу бид яваад байна.
Энд би хоёрхон зүйлийг хэлмээр байна. Нэлээд олон жилийн өмнө В.Путины зөвлөх гэгдэх хоёр академич хүн Монголд ирэхэд Улаанбаатар зочид буудалд бид хамт хооллосон юм. Тэд маш сонирхолтой юм ярьж байсан. Орос бол Европ ч биш, Ази ч биш учраас өөрсдийн үндэсний ижилсэлээ /identity/ хайж байгаа тухай ярьсан. Энэ яриандаа монголчууд Орос, Хятад, Энэтхэгийн түүхийг бүтээхэд идэвхтэй оролцсон тухай хэлэхдээ үндэсний ижилсэлийн талаар хоёр зүйлийг онцолсон. Нэг нь “Чи яг хэн юм бэ?” Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний 6000 жилийн бичмэл түүх, монголчууд түүхийн тавцанд гарч ирсэн 3000 жилийн туршид бид яаж яваад өнөөгийн Монгол бий болчхов оо? Хятад, Оросуудаас юугаараа ялгаатай юм бэ? Өдий хүртэл тэсч үлдсэн бидний байгаль-газар зүй, улс төр, нийгэм, соёлын шалтгаанууд юу вэ? Үүнийгээ бид мэдэж байгаа юм уу? Хоёр дахь нь “Бид яг юу хүсээд байгаа юм бэ?” Зүгээр л ингээд бужигнаад байх уу? 30, 100 жилийн дараа яг юу хүсээд байгаа юм бэ? Монголын элитүүд, ард түмэн үүнийгээ мэдэж байна уу?
Дэлхийн долоон тэрбум хүний дунд хаана нь байх юм? Орос, хятадуудаас юу авч, юугаа өгөх юм? Дэлхийн оюуны санд юу өгч, юу авах юм? Эдгээрийг мэдэхгүй, үнэт зүйлгүй байна гэдэг чинь аяллаар бол луужингүй байна гэсэн үг. Луужингүй хүн гялалзсан юм болгон руу гүйж очдог. Аялж явж байснаа айлын найртай таараад тэндээ согтоод унтчихаж байгаатай адил.
Энэ замаар бид 30 жил явж ирлээ. Одоо нэг зог тусаад харах цаг болсон. Нэг мэдэхэд Японыг, нөгөө харахад Америкийг дуурайгаад, энд тэндээс өөр дээрээ юм наагаад байж болохгүй шүү дээ. Үнэхээр юу хүсч буйгаа мэдэж байвал Орос, Япон, Америкаас сурах зүйл маш их. Гэхдээ мэдэхгүй байж өөртөө юм наагаад байвал чимсэн гацуур шиг болно. Тэгэхээр бид оюун санааны хямралд байна. Үнэт зүйлгүй болохоор хулгай, худал, ёс суртахуунгүй байдал газар авдаг.
Монголчууд хүчтэй байсан тухай ярихдаа Чингис хааныг онцолдог. Гэхдээ Чингис хаан бас юу хүсч буйгаа мэддэг байсан. Цагаан хэрмийг давна гэдэг ч юм уу. Монголын эзэнт гүрэнд хэн хаана байж, юунд захирагдахаа сайн мэддэг байсан. Өнөөдөр бид хүн төрөлхтний үнэт зүйлсийн энэ олон системээс алийг нь түших вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй болсон. Хаашаа ч яарч сандарч, амьсгаадах шаардлагагүй.
-Байр, машин авах гээд яараад байгаа биз дээ?
-Байр, машин зорилго биш. Үр дүн. Орчин үеийн хүний сэтгэл зүй маш их яардаг онцлогтой болсон. Бид бушуухан л Герман шиг, Япон шиг амьдрах гэж яардаг. Гэтэл тэд маш удаан явж байж өнөөдрийн цэгт хүрсэн. Бас маш их гашуун туршлагатай. Германчууд Гитлерийг дагаад юу болов? Япончууд дайнд ороод юу болов? Монголчууд ийм замыг туулаагүй ч өөрийнхөө үндсийг хайх цаг болсон. Яарах ямар ч шаардлагагүй. Төгөлдөр хуурчин яарвал концерт нь бүтэлгүйтнэ. 100 метрт гүйдэг тамирчдад дасгалжуулагчид нь байнга “тайвшир” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, тархи хөлөөсөө түрүүлбэл чи ялагдана.
Хөгжингүй орнуудтай өөрсдийгөө харьцуулаад, тэдний хэрэглээг гүйцэх гээд байгаа нь бидний “синдром”. Өөр хүн дуурайгаад Ланд машин, хаус авч болно. Гэхдээ тэр хүн шигээ бүтээмжтэй, мэдлэгтэй биш бол удахгүй дампуурна. Өөрөөр хэлбэл, бид үндсийг нь биш, үр дүнг нь дуурайгаад байна. Япон, Солонгос, германчууд биднээс хэд дахин илүү хөдөлмөрлөдөг, уншдаг, бүтээдэг. 10 мянган төгрөгтэй хүний хэрэглээг 1000 төгрөгтэй хүн дуурайвал яах уу?
Дуурайж болно. Гэхдээ Германыг дуурайхын тулд герман хүн шиг бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал хүссэн хүсээгүй тийм төвшинд амьдардаг болно. Хавар ямар үр тарина, намар тийм л ургац авна. Төмсний үр суулгачхаад сарнай ургана гэж хүлээж болохгүй. Муу ажиллачхаад Герман шиг амьдрах боломжгүй.
Нэг үгээр би монгол хүнийг амиа авч явах маш өндөр чадвартай ХХI зууны хүн гэж хардаг.
-Япон хүн сайн төлөвлөдөг, герман хүн чанартай хийдэг. Та өөрийн амьдралын туршлагад түшиглээд “Монгол хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ” гэдэг асуултад яаж хариулах вэ?
-Эхлээд товчхон тайлбар хэлэх хэрэгтэй байх. Бид дэлхийн хамгийн хүйтэн, жилийн дундаж температур нь -1 градус, хамгийн хуурай уур амьсгалтай нөхцөлд дэлхийн хамгийн том таван гүрний нэгийг байгуулж явсан хүмүүсийн үр хойч. Яагаад? Яагаад гэвэл монголчууд дэлхийн төвшинд ажиллаж чадсан үед хүчтэй байдаг. Харин Цагаан хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдахаараа бид сөнөх аюулд ордог.
Монгол хүнийг билэг танхай гэдэг. Гэхдээ үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Зөв ойлгоод явбал өөртөө итгэдэг. Харвардын боловсролтой билэг танхай энтрепренер бол дэлхийд ховор хүн болж таарна. Бусдыг дуурайдаггүй. Дээр нь монгол хүн хурдан хэл сурдаг, математикт сайн.
Монгол хүний өөр нэг чухал онцлог бол хямралын үед хурдан сэтгэдэг. Бидний давуу чанар хямралын үеэр илэрдэг. Солонгост галын аюулаас монгол хүн хүүхэд аварсан тухай мэдээ гарсан. Яагаад гэвэл байгальтайгаа зохицон амьдраад сурчихсан ген бидэнд бий. Хэрэв бид шаардлагатай боловсрол, ур чадварыг эзэмшчихвэл бусад нь бидний давуу тал болж, дэлхийд өрсөлдөж чадна. Нэг үгээр би монгол хүнийг амиа авч явах маш өндөр чадвартай ХХI зууны хүн гэж хардаг.
Тэгэхээр нэг том асуулт гарч ирнэ. Ийм чадвартай байна, тэгээд одоо яах вэ. Дэлхий дээр бидний хэрэгцээ яг хаана байна? Чингис хаан сэлэм эргүүлсэндээ хүчтэй байгаагүй. Тэр үед хятадууд өөрсдийгөө дэлхийн төв гэж бодлог байсан ч, тэр бодолдоо автаад дэлхийгээс тусгаарлачихсан. Европт харанхуй 1000 жил дуусч, Сэргэн мандалтын үе эхлэх гэж байсан. Чингис хаан ийм хоёр ертөнцийг холбож өгсөн нь тэр үеийн дэлхийн том хэрэгцээ байсан. Олон зуун жил дайтаад ядарчихсан, газар орон бүр өөрийн дээрэмчинтэй, хүмүүс тайван зорчих боломжгүй болчихсон байсан тэр үеийн дэлхийг худалдааны замаар, мөнгөөр, хуулиар, нэгдсэн захиргаагаар хангасан хүчийг Чингис хаан бий болгож дагуулсан. Хүмүүс зөвхөн сэлэмнээс айсандаа түүнийг дагаагүй. Германы философич Гегель “Дэлхийн түүх Монголын түүхээр эхэлдэг” гэж хэлсэн. Гэхдээ хүн төрөлхтний түүх гэж хэлээгүй. Олон улсын харилцааны түүх Монголын түүхээр эхэлсэн гэсэн санаа. Тодруулбал, Чингисээс өмнө Хятад тусдаа, Европ тусдаа, Африк тусдаа түүхтэй явсаар ирсэн. Монголчууд хэрэгтэй цагтаа гарч ирсэн.
Үүнтэй адил өнөөдөр ч бас дэлхийд бидний ямар хэрэгцээ байна гэдгийг олж харах л хэрэгтэй. Монголын нүүрс дэлхийн хэрэгцээ байж чадахгүй. Хятад, Орос гээд дэлхийн том гүрнүүд өөрийн бодлоготой. Монголчуудыг хорлох гэсэн зүйл байхгүй. Тэд зөвхөн тэр бодлогоороо явахад л бид замд нь үрэгдэх магадлалтай. Тиймээс бид өөрийгөө энэ дунд зөв авч явах шаардлагатай.
Хүн амын ядаж таван хувь нь энэ талаар боддог удирдагч, элитүүд байх учиртай гэж боддог. Гэтэл төрийн өндөр албан тушаалд оччихоод хувийн байшин худалдаж авах, хүүхдээ сургуульд явуулах тухай л бодоод байвал эмгэнэл.
-Тэгвэл таны хэлээд байгаа тэр монголчуудын давуу талыг хэрхэн материаллаг зүйл болгож, эдийн засгийн үр ашгийг нь хүртэх вэ? Өөрөөр хэлбэл, бариад авах зүйл хэрэгтэй байна.
-Энэ ийм учиртай. Хоёулаа ойд төөрчихсөн явж байна гэж бодъё. Гэхдээ нэг дүрэм мэднэ. Тэр нь ямар нэгэн уулын орой дээр гарвал эргэн тойрноо харна, замаа олно. Тэгэхээр чиний дүрэм бол өгсөх зүг рүү явах. Хэрэв уруудаад байвал улам төөрнө. Зорилгоо мэдэхгүй байсан ч яаж явах дүрмээ мэдэж байгаа.
Энэ бол монголчуудын хэлдгээр “Давааны цаана даваа” гэдэг зарчим. Бид 10 давааны цаана юу байгааг мэдэхгүй. Гэхдээ эхний давааг давах ёстой гэдгийг мэднэ. Эхнийхийг нь давчихвал хоёр дахь нь харагдана. Тэгвэл ерөөсөө өгсөөд л явах байх хэрэгтэй юм байна.
Америкийн аль нэг Ерөнхийлөгч нь “Чи одоо байгаа авьяасаараа, давуу талаараа, ур чадвараараа одоо байгаа зүйлээ л хий, бусдыг нь дараа” гэсэн үг хэлсэн байдаг. Бид ч бас ийм зарчмаар ажиллах хэрэгтэй.
Чиний асуултад хариулахын тулд бас нэг жишээ татъя. Хятад гэсэн дэлхийн эдийн засгийн тэн хагас нь бидэнтэй хил залгаа оршдог. Хятадын нэг биологийн эрдэмтэн надад Хятадад 300 мянган гэр бүл үнэ харгалзахгүйгээр эрүүл хүнс хэрэглэдэг гэж хэлсэн. Сайн хүнс л бол шууд авна. Монгол 40 сая малтай байхад энэ яриа өрнөсөн. Тэр хүн 40 сая мал нь байгальд дураараа бэлчиж байдаг тийм улс дэлхийд байхгүй, танай малын зөвхөн цуснаас 20 гаруй төрлийн биологийн идэвхт бодис гардаг. Тэр нь Хятадын хүнсний үйлдвэрт олдошгүй түүхий эд гэж хэлж байсан. Монголчууд тэр 300 мянган гэр бүлд зориулаад маш цэвэр, үнэтэй, маш нарийн бүтээгдэхүүн хийж худалдахад ямар ч асуудалгүй. Учир нь өрсөлдөх орон байхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр биологийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэвэл бид их сургууль, лаборатори, стандарт, технологи гээд олон зүйл хөгжүүлнэ. Ингээд ирэхээр бидний давуу тал материалжиж эхэлнэ.
Өнөөдөр бид мэдлэг, чадварыг хаанаас ч худалдаж авч болно. Израилиас эрдэмтэн авчраад ажиллуулж болно. Дэлхийн хамгийн сайн юм зардаг хүнээр Хятадад борлуулж болно. Өөрөөр хэлбэл, мэдлэг, ур чадвар дэлхий дээр байгаа бэлэн бараа. Гэтэл нэг том асуудал бий: Бид яг юу хүсч буйгаа, хэнийг авчраад юу хийлгэхээ мэдэж байгаа юм уу? Үүнийгээ мэдэж байвал хийж чадна. Хятадуудаас мөнгөө урьдчилаад авч ч болно.
Өөрөөр хэлбэл, өөр хэнд ч байхгүй давуу талаа бусдын хэрэгцээтэй холбох тухай ярьж байна. Бүр тодруулбал, Монголын зэрлэг шахуу мал аж ахуйг ХХI зууны хамгийн орчин хэрэглээтэй хамгийн орчин үеийн технологиор холбож болно. Үүнийг хүсч, хийж чадах уу гэдэг өөр асуудал. Энэ бол ердөө ганцхан жишээ. Дахиад 20 жишээ нэрлэж чадна.
Бид одоогийнхоороо сэтгээд байвал ийм зүйл хийж чадахгүй. Ямарваа нэг асуудлыг тэр асуудлыг үүсгэн тархиар сэтгээд байвал хэзээ ч шийдэж чадахгүй гэж Эйнштейн хэлсэн байдаг. Тэр асуудлаасаа дээгүүр тархиар ажиллах хэрэгтэй. Монголчуудад дээгүүр тархи байгаа юу гэвэл бий. Гол асуултаа өөрөөр тавих ёстой. Хүнээс ямар асуулт асууна, тийм л хариулт авна. Ухаан задлах асуулт байвал хүүхэд ч гэсэн сонирхолтой хариулт өгдөг.
-Элчин сайдуудтай уулзахаар дандаа бизнес дээр яаж хамтарч ажиллах вэ гэж ярьдаг юм билээ. Түүнээс биш улс төр ярьж байхыг нь би сонсож байгаагүй.
-Үүнийг монголчууд дөнгөж ойлгож эхэлж байгаа. Гурван янзын албан тушаалтан байдаг. Нэг нь хувийнхаа төлөө ажиллана, нөгөө нь дундын эрх ашгийн төлөө ажиллана, харин гурав дахь нь улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө ажиллана. Гэтэл манайд үндэсний эрх ашгийн төлөө ажиллах албан тушаалд оччихоод хувийнхаа юмыг хийгээд байдаг. Уг нь хувийнхаа асуудалтай салах ёс хийх ёстой.
Бидэнд зорилго алга, зорилгоо тодорхойлох алсын хараа алга. Нэг үгээр бидэнд мөрөөдөл дутаж байна.
-Миний харахад герман хүн хоцордоггүй, чанартай хийдэг болохоор хамтарч ажиллахад найдвартай, үнэтэй байсан ч бүтээгдэхүүнийг нь авмаар санагдана. Харин монгол хүн сүйхээтэй, хаана ч амиа аргалдаг, өндөр мэдрэмжтэй гэхээр мөнгөө барьчихсан түнш маань “тэгээд надад ямар ашигтай юм” гэж асуух гээд байдаг. Монгол хүн билэг танхай гэдэг барьцтай шинж чанар мөн үү?
-Бас нэг жишээ ярья. Дөрвөн жилийн өмнө Швейцарын хэсэг бизнесмен Монголд ирсэн юм. Монголд хэрхэн бизнес хөгжүүлэх вэ, түүнд Швейцарчууд яаж оролцож, тусалж болох вэ гэдэг асуудал яригдсан юм. Монголд ажилладаг хоёр, гурван америк компанийн захирлыг монголчууд юугаараа ялгаатай вэ, Хятад, Япон, Солонгост биш, Монголд оффис нээх нь юугаараа давуу вэ гэж тэднээс асуусан. Бээжинд ажиллаж байсан америк захирал ингэж ярьсан: “Би Бээжинд байхдаа олон улстай харьцахын тулд дөрвөн туслах ажиллуулж байсан. Тус бүрдээ өөр хэлтэй. Харин Монголд ганцхан туслахтай. Тэр бол дөрвөн хэлтэй, бүх ажилд тусалдаг, миний баруун гар. Таван хятад хүн хийж буйг нэг монгол хийж чадна. Хэрэв техникийн чиглэлээр Монголд Солонгос, Япон, Хятадыг хариуцсан оффис байгуулбал монгол хүн гурвуулантай нь хэл амаа олж чадна. Хятад хүн тэгж чадахгүй” гэж хэлсэн.
Тэгэхээр чиний асуусантай холбогдуулж ярихад энэ давуу талыг технологи болгон хувиргаж болно. Давуу талаа бүтээгдэхүүн болгохын тулд яс дүрэмтэй, байнга түүгээрээ ажилладаг, ямар ч Дорж, Дулмаа сураад хийж болдог, гэхдээ монгол хүний онцлогийг агуулсан шийдлүүдийг гаргаж болно. Гурван хүний онцлогийг судлаад нэг хүнд зааж болно. Үүнийгээ тодорхой дүрэм, стандарт, технологид оруулаад мэргэжилтэн бэлддэг бүтээгдэхүүн болгож болно.
Энэ бүхний үр хөврөл энд тэнд байгаа. Гагцхүү бид орчин үеийн бизнес, маркетинг, стратеги, шинжлэх ухааны нүдээр бүтээгдэхүүн болгон хувиргах хэрэгтэй. Бүтээгдэхүүн болгохгүй бол чиний хэлдгээр зүгээр л билэг танхай хэвээр байвал зарж чадахгүй. Бүтээлч сэтгэдэг хүмүүс бүтээгдэхүүн байж болдог. Нэг япон хүн “Та нар хүүхдүүдээ япон хүүхэд шиг болгох гээд оролдоод байдаг, харин бид хүүхдүүдээ монгол шиг болгох гээд байдаг” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, япон хүүхэд багаас хэтэрхий хамааралтай байхаар зарим зах зээл дээр тохирдоггүй.
Монголчууд өөрт байгаа давуу талаа шинжлэх ухаалаг болгоогүй, системчлээгүй, бүтээгдэхүүн болгож чадаагүйд л учир байгаа. Орчин үеийн арга барил, технологийг өөрсдийн давуу чанарууд дээр нэмж өгөх хэрэгтэй. Би үүнийг л яриад байгаа юм. Мэдээж чи бид хоёр шууд товчлуур дараад ийм болохгүй.
Үүнийг бид хийж чадахгүй л юм бол германчуудыг хэчнээн дуурайгаад Германтай хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Германчууд эртнээсээ дархан байсан хүмүүс, тэр нь явсаар өнөөдрийн BMW, Mercedes-ийг бүтээсэн. Ямар ч орос хүнийг үйлдвэрт ажиллуулаад герман хүнтэй адил байж чаддаггүй. Түүнтэй адилхан монгол хүнийг япон хүн шиг болгох боломжгүй.
-Улс үндэстнүүдийг төлөөлдөг бүтээгдэхүүн байдаг. Солонгосыг гоо сайхан, гар утас, кимчи гэх мэт. Харин зөвхөн монгол хүний гараар бүтээгдэн гарч болох топ-5 бүтээгдэхүүн юу байж болох вэ?
-Өөр нэг жишээ ярьж өгье. Бээжин хотод дэлхийн 2000 том компани бий. Тэдний зарим нь Монголд загас барих гэж ирдэг. Тэд “Манай компаниас надтай хамт Монголд ирэх гээд хүмүүс оочерлодог” гэж ярьж байсан. Яагаад гэвэл Бээжинд салхинд гарчих газар бараг байдаггүй. “Бээжинд бол бид гэр бүлээ цоожилчихсон байдаг. Харин Монголд цаг хагас нисээд ирэхэд маш том орон зай, хээр талд ирж болдог. Тийм болохоор Монгол яагаад Бээжин гэдэг дэлхийн том оффисын арын том цэцэрлэгт хүрээлэн байж болохгүй юм бэ?” гэж тэд ярьж байсан. Тэр том компаниудын кампусыг Монголд бариад, тэд ирээд хурал, арга хэмжээгээ зохиог. Энэ чинь Бээжингээс ердөө Тэньжин орох зай. Том захирлууд хувийн онгоцоороо визгүй нисч ирчихээд буцаад явчихдаг байж болно.
Бид яагаад энийг хийж чадахгүй байна вэ? Яагаад гэвэл байшин барихдаа бид зөвхөн Улаанбаатарынхаа хэдэд зориулж барьдаг. Хэрэв тэр 2000 компанид зориулж баривал шал өөр шаардлага яригдана. Тэгэхээр бид зорилгоо зөв олоод харчихвал шал өөр юм хийж болно.
Энэ бүхнээс харахад бидэнд зорилго алга, зорилгоо тодорхойлох алсын хараа алга. Нэг үгээр бидэнд мөрөөдөл дутаж байна. Түүнээс Монгол монгол хүнээр дутаагүй. Хэдий хэцүү байгаа ч бид Буриад, Өвөр монгол биш. Бид хүссэнээ хийх эрх чөлөөтэй. Харамсалтай нь тэр эрх чөлөөгөө авилгаар дүүргэчихээд, өөрсдөдөө зовлон үүсгэчхээд байна. Бид одоо байгаа нэг төгрөгөө булаацалдаад байгаа болохоос тэрийгээ яаж 10 болгох тухай огт ярихгүй байна