Туркмений ерөнхийлөгч аргамаг хүлгийн нуруун дээрээс үүрэг даалгавар өгчээ
Дэлхийөв Азийн байгалийн хийгээр баян Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов саяхан яг л нүүдэлчдийн эзэн хаан шиг аашилжээ.
Тэрээр нийслэл Ашгабат хотынхоо бүтээн байгуулалттай танилцаж, албан тушаалтнуудад заавар өгөхдөө өөрийн хайртай азарга Мирасыг унаж явсан байна.
Ард иргэд нь Аркадаг (Хамгаалагч) гэж нэрлэдэг ерөнхийлөгч хоёр албан тушаалтныг явган дагуулж хоттой танилцан үүрэг даалгавар өгчээ. Нэг нь Ашгабат хотын дарга байсан бол нөгөө нь тус улсын их хурлын ордонг байгуулах ажлыг гүйцэтгэж байгаа Францын компанийн төлөөлөгч байсан гэнэ. Хар хослолтой тэр хоёр морь унасан удирдагчийн араас тэмдэглэлийн дэвтэр барин хөлсөө цувуулан гүйж байжээ.
Аркадаг энэ үеэр шинээр барих барилгуудыг орчин үеийн мөртлөө үндэсний онцлогийг шингээсэн загвартай байх, ногоон байгууламжуудыг нэмэх, газар хөдлөлтөд тэсвэртэй байлгахыг үүрэгдсэн гэнэ.
Ер нь барилга байгууламж босгох, хурдан морь уралдуулах хоёр нь Бердимухамедовын хамгийн дуртай зүйлс ажээ. Өмнө нь тэр нийслэлийнхээ төвд өөрийн морь унасан, алтадсан хөшөөг босгуулсан юм.
Бас тэр өв тэгш хүн болохоо ард түмэндээ үргэлж харуулдаг. Зохиосон дуугаа телевизээр дуулах, зэвсгийн эрдмээ гайхуулах зэрэг түүний олон үзүүлбэрийг Туркменистаны төв телевиз байнга дамжуулдаг ажээ.
Одоо 60 настай Бердимухамедов өнгөрсөн хоёрдугаар сард гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохдоо 97 хувийн санал авсан гэдэг. Өнгөрсөн онд тэр үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, өөрийгөө ерөнхийлөгчөөр хязгааргүй удаа сонгогдох боломжийг нээжээ.
Эх сурвалж: Russia Today