Хорих 409-р ангид хоригдож буй Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, улс төр, үзэл санааны хоригдол Э.Бат-Үүл мэндчилгээ дэвшүүлж захидал илгээжээ
Улс ТөрБат-Үүл баатарын захидлын бүрэн эх.
"Хүндэт хатагтай ноёдоо.!
Ардчиллын эрхэм баатруудаа.!
Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөлгөөнд оролцож буй эрхэм хүндэт та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.
Миний бие 409-р хорих ангиас ардчиллын баатрууд та бүхэнтэй мэндчилж байна. Хорих ангийн дөрвөн хананы дунд хавчуулагдан суухдаа, эрх чөлөөний гэр орон болох ардчиллаа улам ихээр хайрлан, та нарыгаа хүндэтгэн биширч сууна. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” хэмээсэн манай ардын үг бидний үзэл санаа, ухааны орой болсон үг ажээ. Эрх чөлөөний гэр-ардчиллыг бүтээн босгосон нь та нар шүү.!!
Хүнд, өөрийн өнгөрсөн үеийн дорой хоцрогдсон байдлаа өнөөгийн ахиц дэвшилтэй харьцуулахаас илүүтэй, өрөөлийн давуу, илүү байдалтай одоог жишиж сэтгэл тавгүйтэн, бачимдах гэм байдаг. Мөн олон хүнд эрх чөлөөтэй, эрээн алаг амьдралаас нийтээрээ тэгш дорой, нэг хэвийн амьдрахыг дээрд үздэг далд ухамсар бий.
Ийм сэтгэлийн эмгэгүүд газар авсаар нэг мэдэхэд бүгдийг тэгшитгэн ядууруулах, хуарангийн үзэл санааг өнгө өнгөөр цэцэг алгалсан эрх чөлөөнөөс өндөрт өргөмжлөн мандуулах бурангуй ёс нийгмийг эзэмддэг. Үүнийг овжин ашиглаж менежемент хийж чадах, эрх мэдлийн “шуналтан” дарангуйлагч болох боломжтой.
Өнөөдөр манай нийгэмд эрх чөлөөг золиослон, нийтийг тэгшитгэх социализм буюу хуарангийн үзэл санаа газар аваад байна. Хачирхалтай нь энэ бурангуй ёс залуу үеийг эзэмдээд байна. Тэд социализмд эрх чөлөөгүй амьдрахын зовлонг үзээгүй болохоор андуурч байгаа нь мэдээж. Болдог бол бүгдийг нь Хойд Солонгос явуулж, хүсээд буй хуарангийн амьдрал нь ямар болохыг хэсэгхэн ч гэсэн мэдрүүлэх юмсан гэж хаяа би боддог. Манай нийгмийн далд ухамсарт бат суусан социализм монголчууд бидний эрх чөлөөг дарах мөчөө хүлээгээд сууж байна.
Хэрэв зээ, зөв менежемент хийгээд энэ далд ухамсарыг сэрээн, дарангуйлал тогтоож чадах айхтар авьяаслаг популист гараад ирвэл “эрх чөлөө” үгүй болно. Энэ авьяаслаг популистийг 2 хөрш дэмжвэл Монгол Улс гэж байхгүй болно. Ийн бодож суухад бас нэгэн зөрчилдөөний учрыг ерөөс би ойлгохгүй хэвээр байна.
Өнөөх социалзмыг хүсээд буй эхний тааралдсан залуугаас мөрөөдлийн улс чинь аль вэ хэмээн асуувал, америк, англи, япон, солонгос, австрали, герман, швед гэж хариулах болов уу.
Аялахыг, амьдрахыг, суралцахыг хүсэн мөрөөдөж буй эдгээр улс гүрнүүдийн үнэт зүйлс нь юу бэ.? хэмээн асуувал ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, эрх тэгш боломж, энэрэнгүй хүмүүнлэг нийгэм, шудрага ёс гэж хариулах байх.
Тэгвэл залуус минь.!! Тэртээх 90 онд энэ бүх үнэт зүйлс ардчилсан хувьсгалаар та нарт ирсэн юм. Өөрийн гарт буй энэхүү эрдэнээ өнгөлөн зүлгэж, хүндлэн, хамгаалж чадваас мөрөөдлийн улс болон хөгжих бүхий л боломж та бүхэнд байна.
Харамсалтай нь цадигаа алдсан шудрага бус байдал, данхар төрөөр бизнес хийн хөлжиж байгаа, нүүрээ хувиргасан мөнөөх дарга анги чинь Монголын эрх чөлөө, ардчиллыг гутаан, нүүрээ хийх газаргүй болгож байна.
Хоёр хөршийн хатгалгаар, хоноцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд заналхийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл МоАХ-ныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шудрага ёсны төлөө тэмцэх цаг болжээ.
Яг одоо шудрага ёс ус агаар мэт хэрэгтэй байна.! Дөрвөн ханаар хашигдсан шоронгийн умгар өрөө маань дөрвөн зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна даа, Бат-үүл нь.!
2022.02.14-ны өдөр 409-р хорих анги”
Э.Бат-Үүлийн захидлыг толилуулсны дараа Бат-Үүлийн Хулан 30 гаруй жилийн амаргүй тэмцлийн мөч бүрт аавтай нь хамт Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зориглон тэмцэж, аль ч үед аавыг нь өмгөөлөн хамгаалж, гэр бүлд минь сэтгэлийн их тэнхээ хайрладаг журмын нөхдөд нь гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээв.
Э.Бат-Үүлийн охин Хулан аавынхаа хэлэх дуртай “Ертөнцийн нарыг дэлхий тойрон эргэдэг шиг хүмүүний амьдрал эрх чөлөөг тойрон эргэдэг жамтай” хэмээх үгээр түмэнд толилуулсан яриагаа өндөрлүүлэв.