ОХУ Азовын тэнгис дэх агаарын хилээ хаалаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-22 20:34:56

ОХУ-ын Агаарын мэдээллийн төв ням гаригаас даваа гаригт шилжих шөнөөс эхлэн Азовын тэнгисийн агаарын хилээ хаасан талаар мэдэгдлээ. Мөн энэ долоо хоногийн сүүлээс эхлэн Хар тэнгисийн орчим дахь агаарын хилийг хаах талаар мэдэгдсэн байна.

Азовын тэнгис нь ОХУ-ын баруун өмнөд хэсгийг Украины зүүн өмнөд хил болон Крымийн хойгоос тусгаарладаг стратегийн чухал ач холбогдолтой байршил билээ. Түүнчлэн олон улсын далайн хөдөлгөөний хяналтын төвүүд ням гаригт ОХУ-ын тэнгисийн цэргийн хэд хэдэн байлдааны хөлөг онгоц Азовын тэнгист нэвтэрсэн талаар мэдээлсэн юм.

Тэгвэл Украины арми тус улсын зүүн өмнөд хэсгийн Донбасс болон Донецк муж дахь салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагааг эрчимжүүлж, нөхцөл байдал хурцдаад байгаа үед Москва стратегийн байршилд агаарын хилээ хааж, байлдааны хөлөг онгоцнуудаа илгээсэн явдал нь ажиглагчдын анхаарлыг татсан гол сэдэв болоод байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен бямба гаригт ОХУ-ын арми Украиныг цэргийн хүчээр түрэмгийлэх бэлтгэлээ хангасан бөгөөд ойрын хугацаанд байлдааны ажиллагааг эхлүүлнэ гэж үзэж байгаа талаараа мэдээлсэн.

Гэвч Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников ОХУ ойрын хугацаан Украинд цэргийн хүчээр түрэмгийлнэ гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрээр ням гаригт төрийн мэдлийн хэвлэлд тодруулга өгөх үеэрээ Украины хилийн ойролцоох ОХУ-ын аль ч цэргийн анги нэгтгэл байлдааны давших байршил эзлээгүй. ОХУ Украин руу маргааш цэргийн хүчээр халдана гэж мэдэгдэх нь зохимжгүй. Гэсэн ч энэ нь нөхцөл байдал сайжирч, аюул үгүй болсон гэх үг биш гэх байр суурийг илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters, The Guardian, Jerusalem Post

Холбоотой мэдээ